Кишида сүнстэй гэгддэг албан ёсны өргөөндөө нүүж оров

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 13

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Токио хотын төвд байрлах албан ёсны өргөөндөө нүүн оржээ.

“Сүүлийн олон жилд анх удаа нүүдэл хийсэн нь сэргэсэн мэт мэдрэмж төрүүлж байна. Ерөнхий сайдын албан ёсны өргөөнд нүүж ирэх нь төрийн албан хэрэгт анхаарлаа хандуулахад шаардлагатай гэж үзлээ” гэж Кишида дурджээ. Түүнтэй хамт Ерөнхий сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж буй том хүү Шотаро Кишида өргөөнд нь нүүж иржээ. Харин гэргийнхээ талаар Кишида тодорхой хариулт өгөөгүй байна. Хатагтай Юко Кишида төрсөн хот руугаа байнга очих шаардлага гардаг тул гэр бүлтэйгээ хэр их цаг хугацааг хамт өнгөрүүлэхийг мэдэхгүй гэжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Японы Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноос хойш Фүмио Кишида Акасака дүүрэг дэх парламентын гишүүдэд зориулсан нийтийн байранд амьдарч байжээ. Ерөнхий сайдын албан өргөө Засгийн газрын ордонтой зэргэлдээ байрладаг тул байгалийн гамшиг зэрэг онцгой нөхцөл байдлын үед цаг алдалгүй албан үүргээ хэрэгжүүлэх боломжтой байдаг байна.

Хамгийн сүүлд албан өргөөг ашигласан Ерөнхий сайд нь Ёшихико Нода байв. Тэрбээр 2011 оны аравдугаар сард өргөөндөө нүүж ирсэн бол 2012 онд Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Шинзо Абэ Томигая дүүрэг дэх өөрийнхөө гэрт амьдрахаар шийдэж байв. Энэ шийдвэрийнхээ төлөө Абэ шүүмжлэлд байнга өртдөг байв. БНАСАУ баллистик пуужин харвасан тохиолдолд Засгийн газрын ордонд ирэхэд тодорхой хугацаа шаардагддаг байжээ. Онцгой нөхцөл байдалд Ерөнхий сайдыг 15 минутын дотор ажлын байранд нь хүргэх аргыг хүртэл боловсруулж байжээ. Ингэхдээ түүнийг мотоциклоор хүргэх хувилбар ч мөн байсан аж.

Японы Ерөнхий сайдын албан ёсны өргөөг 1929 онд барьжээ. Нийт долоон мянган кв  метр талбай бүхий дөрвөн давхар өргөөний архитектур ар-деко, экспрессионизм чиглэлийг хослуулдаг байна. Өргөөний талаар янз бүрийн цуурхал, яриа гардаг байна. Тухайлбал, 1994 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Цүтому Хатагийн гэргий номдоо өргөөний цөөрмийн дэргэд цагаан дүрс харж байсан, жихүүдэс төрөх зэрэг хачирхалтай мэдрэмж төрүүлдэг байсан тухай бичиж байжээ. Ерөнхий сайд асан Ёширо Мори /2000-2001/ мөн шөнийн цагаар хаалганы бариулыг эргүүлж байгаа мэт дуу чимээ сонсогддог байсан тухай ярьж байжээ. Хий үзэгдэлтэй холбоотой цуу ярианаас гадна Японы улстөрчид албан ёсны өргөөнд нүүж ирэх нь удахгүй огцрохын шинж хэмээн болгоомжилдог байна. Түүхээс үзвэл, энэ өргөөнд амьдарсан Ерөнхий сайд агсан Ясүхиро Накасонэ /1982-1987/, Жүничиро Коизүми нараас бусад ерөнхий сайд нар хоёр хүрэхгүй жил албан тушаалаа хашсан байдаг аж.

Абэ Шинзо хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа энэ өргөөнд нүүж ирэхээс татгалзаж байжээ. Тэрбээр засгийн газрын тэргүүний албан тушаалыг 28000 хоног тасралтгүй хашиж, дээд амжилт тогтоож байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top