Кишида Фүмио Японы шинэ Ерөнхий сайдаар тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Японы гадаад хэргийн сайд асан Кишида Фүмио эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдож, тус улсын дараагийн буюу 100 дахь Ерөнхий сайд болж байна.

Намын даргын сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар Кишида 427 саналын 257-г нь авч, ялалт байгуулав. Түүний өрсөлдөгч гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан Коно Таро 170 саналын дэмжлэг авчээ.

Кишида Либерал ардчилсан намаас сонгогдсон парламентын гишүүдийн дэмжлэгийн дүнд намын даргын сонгуульд ялсан байна. Коно намын жирийн гишүүдийн дунд илүү дэмжлэг хүлээж байв.

Коно, Кишида нараас гадна Либерал ардчилсан намын даргад Санаэ Такаичи, Сэико Нода нар өрсөлдсөн ч эхний шатны санал хураалтаар хангалттай санал авч чадаагүй тул сунгаанаас гарсан байна.

Японы парламент ирэх сарын 4-нд ээлжит бус чуулган зарлан, шинэ Ерөнхий сайдыг батлах юм.

Кишида Фүмио 1957 онд үе дамжсан улстөрчийн гэр бүлд төржээ. Түүний өвөө болон эцэг нь Либерал ардчилсан намаас парламентад сонгогдож байжээ. Кишида Японы нэр хүнд бүхий Васеда их сургуулийг хуульч мэргэжлээр төгсжээ. 1993 онд тэрбээр Либерал ардчилсан намаас парламентын доод танхимд анх удаа сонгогдож байв. 2007-2008 онд Кишида Окинава болон хойд нутаг /Курилийн арлууд/ -ийн хэрэг эрхлэх сайд, 2012-2017 онд гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаад Либерал ардчилсан намын улстөрийн зөвлөлийг тэргүүлсэн юм. Тэрбээр парламентын 46 гишүүдээс бүрдсэн өөрийн гэсэн фракцтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top