Францын “Christian Dior” загварын ордон БНХАУ-д шүүмжлэлийн бай болоод байна. Шалтгаан нь Шанхайд гарсан “Lady Dior” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан Ази эмэгтэйн гэрэл зураг.
“Beijing Daily” хэвлэл “Хятадын эмэгтэйчүүд ингэж харагддаг уу?” гэсэн гарчигтай нийтлэлд Барууны тансаг зэрэглэлийн брэндүүд хуучнаа давтав. Гэрэл зураг дээр онигор нүдтэй, сэвхтэй баргар царайтай, тослогтсон үстэй загвар өмсөгч нүдээ хар хөх өнгөөр будаж, Чин улсын үеийн хувцас өмсжээ” гэж бичжээ.
“China Women's News” сонинд мөн энэ сэдвийг хөндөж бичихдээ тус үзэсгэлэнгээр барууны зарим брэнд гоо үзэсгэлэн, соёлын хийрхлээ дахин илэрхийлж, Хятадын соёлыг гуйвуулах оролдлого хийлээ гэж бичжээ.
Хятадын интернет орчинд “Чин улсын үеийн зомби юу?”, “Тансаг зэрэглэлийн брэндүүдийн нүдэнд хятад эмэгтэйчүүд ингэж харагддаг уу?”, “барууныхны дуранд буусан хятадуудын түгээмэл дүр” зэрэг шүүмжлэлүүд урсжээ.
“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, загварын ордон энэ талаар тайлбар хийгээгүй ч шуугиан тарьсан гэрэл зургийг үзэсгэлэнгээс авч, “Weibo” дахь эккаунтаасаа мөн устгасан байна.
Хятадууд улс орныг нь шүүмжлэх, ард түмнийг нь тааламжгүй байдлаар дүрслэхэд туйлын эмзэг ханддаг. 2018 оны арваннэгдүгээр сард “Dolce&Gabbana” загварын ордноос гаргасан Хятадын загвар өмсөгч пицца, шпагетти, канноли зэрэг Италийн үндэсний хоолыг савхаар идэж буй сурталчилгааны дүрс бичлэг шуугиан тарьсан билээ. Алдарт брэнд хүчтэй шүүмжлэлтэй тулгарч, Шанхайд зохион байгуулахаар төлөвлөж байсан шоугаа цуцлахад хүрч байсан билээ. Дуулиант дүрс бичлэг цацагдсанаас хойш хоёр сарын дараа загвар өмсөгч уучлал эрж, нутаг нэгтнүүддээ хүндэтгэлгүй хандахыг хүсээгүй гэж мэдэгдсэн юм. Италийн загвар зохион бүтээгч Доменико Дольче, Стефано Габанна нар өөрсдөө хятад хэлээр уучлал гуйж байсан билээ. Дуулианы үеэр Хятадын томоохон цахим худалдааны платформууд тус брэндийн бүтээгдэхүүнүүдийг зарахаас татгалзаж, бойкот хийж байсан билээ.
2019 онд Францын “Givenchy”, АНУ-ын “Coach” загварын ордон мөн Хятадын газрын зургийг буруу дүрсэлснийхээ төлөө хүлцэл өчиж байсан юм. Энэ оны хавар “H&M”, “Adidas”, “Nike”, “Puma”, “Lacoste”, “Burberry” зэрэг брэндүүд Шинжаан Уйгурын өөртөө засах орноос хөвөн даавуу авахаас татгалзсаныхаа төлөө мөн л шүүмжлэлд өртөж, Хятадын 40 орчим алдартан эдгээр брэндтэй хамтарч ажиллахаас татгалзаж, Хятадын хэрэглэгчид бойкот хийж байсан билээ.