Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд байна.

2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан.

Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна.

Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж буй аж.

Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.

Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэжээ.

Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.22) 2021 оны 11 сарын 30

ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГҮЙ, ГАДНЫ БРЕНД ШҮТСЭН ҮРЭР МОНГОЛЧУУД БИД ЯАНА ДАА ЯАНА

0  |  0
Top