Энэ долоо хоногийн эхний өдрүүдээс Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг эхлүүлнэ гэсэн мэдээллийг Шадар сайдын хэвлэлийн албанаас өгч байна.
Монголын тал Замын-Үүд боомтод чингэлэг байргуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дуусчээ.
Хятадын талаас Эрээн хотод байрлах чингэлэг тээврийн талбай, тохижилт зэрэг бэлтгэл ажлууд нь дууссан бөгөөд тохиргоо, туршилтын ажил нь хийгдэж байна гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн юм.
Сануулахад, БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.
Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )