Нүүрс баяжуулах үйлдвэрийн тендерт 16 хуулийн этгээд хүсэлтээ ирүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгч байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна” гэж тусгасан.

Тэгвэл уг арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар ажиллаж буй юм. Түүнчлэн Тавантолгой ордыг түшиглэн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах тогтоолын төслийг УУХҮЯ боловсруулж, Засгийн газрын 2021 оны  дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцуулж, батлуулсан.

“Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендерийг 2021 оны наймдугаар сарын 13-ны өдөр зарласан юм. 2021 оны  аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 16 хуулийн этгээд тендер шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлэн тендерийн бичиг баримт болон ажлын даалгавар, техникийн зураг, баримт бичгүүдийг хүлээн авчээ.

Эдгээрээс дөрвөн ААН тендер шалгаруулалттай холбоотой тодруулга, хүсэлт ирүүлсэн ба Үнэлгээний хороо тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлэж байгаа аж.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр баригдсанаар нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, ордыг иж бүрэн ашиглах боломж бүрдэхийн зэрэгцээ ажлын байр, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, орлого нэмэгдэнэ. Цаашлаад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үнэ цэн нэмэгдэх боломж бүрдэнэ гэдгийг УУХҮЯ-наас мэдээлж байна.

 

ТӨСЛИЙН ЯВЦ

 

  • 875.7 сая ам.доллар шаардлагатайгаас 1-р модулийн барилгын ажилд 335.6 сая ам.долларыг өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.
  • 2021-2023 онд нийт 30 сая тн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийн 1-р модуль буюу 10 сая тн хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулна.
  • 2025 оноос хойш 540.1 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийж, нүүрс баяжуулах үйлдвэрийн 20 сая.тн хүчин чадалтай 2, 3-р модулийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
  •  Нүүрс баяжуулах үйлдвэрт  шаардлагатай усны эх үүсвэр, түүний шугам хоолой, барилгын ажлыг 2021-2023 онд шийдвэрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top