ДЭМБ: “Дельтакрон” нь лабораторийн алдаа байж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээч Мариа ван Керкхове коронавирусний “дельта”, “омикрон” хувилбаруудын хослол гэгдэж буй “дельтакрон” нь лабораторийн алдааны дүнд үүссэн байж болзошгүй гэж мэдэгджээ.

“Дельтакрон” хувилбар нь вирусний генийн дарааллыг тогтоох явцад бохирдол үүссэнээс бий болсон гэсэн магадлал өндөр байна гэж тэрбээр жиргэсэн байна. Түүний хэлснээр, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, хүн хоорондын бөөгнөрөл үүсэж, ковидтой зэрэгцэн томуу дэлгэрч байгаа нь нэгэн зэрэг хоёр болон түүнээс дээш төрлийн вирусээр халдварлах тохиолдол гардаг.

Ингэхдээ ДЭМБ-ийн шинжээч “дельтакрон”, “флурон” /коронавирус, томуугийн вирусээр нэгэн зэрэг халдварлах/ гэсэн нэр томьёог хэрэглэхгүй байхыг хүсжээ. Учир нь эдгээр нэр томьёо нь хоёр ба түүнээс дээш вирусний генийн шинэ хослол үүсэх утгыг илэрхийлдэг ба ийм зүйл тохиодоггүй гэж тэрбээр тайлбарлажээ. Керкхове халдвараас өөрийгөө хамгаалахын тулд коронавирус болон томуугийн эсрэг вакцинд хамрагдах, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, хүний бөөгнөрлөөс зайлсхийх, өрөө тасалгааг тогтмол агааржуулах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг зөвлөжээ.

Өнгөрсөн бямба гарагт /2022.01.08/ Киприйн их сургуулийн Биотехнологи, молекул вирус судлалын лабораторийн эрхлэгч Леонтиос Кострикис тэргүүтэй эрдэмтдийн баг тус арал дээр коронавирусний “дельта”, “омикрон” хувилбарын хослол болох шинэ хувилбар илрүүлсэн тухай мэдээлсэн билээ. Судлаачид энэ хувилбрыг “дельтакрон” гэж нэрлэсэн юм.

Top