АМЖИЛТЫН ТҮҮХ I Хатан зоригт Анна Щербакова

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18

Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын уран гулгагч Анна Щербакова алтан медалийн эзэн боллоо.

Гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн Анна спортын ертөнцөд ид гялалзаж байхдаа 2017 онд хөлөө хугалж, хагас жилийн хугацааг эмчилгээнд зарцуулан, олон чухал тэмцээнийг өнжиж байсан билээ. Гэсэн ч эргэн сэргэлтээ авч, ковидын дараах хүндрэлийн улмаас 38 хэмийн халуунтай байхдаа ОХУ-ын аварга болж байсан хатан зоригт охин.

17 настай Анна Щербакова дөрөв эргэлттэй лутц хийсэн анхны уран гулгагч эмэгтэй. Тэр мөн дөрвөн эргэлттэй лутцыг нэг үзүүлбэр дээрээ хоёр удаа хийсэн анхны уран гулгагч юм.

“Би маш тайван байсан”
 


Алдаа гаргаж, оноо алдсан ч гулгалтынхаа явцад түүнийгээ эргүүлэн нөхөж чаддагаараа алдартай Анна энэ удаад ч нутаг нэгт Александра Трусовагийн гайхалтай үзүүлбэрийн дараа барьц алдсангүй. Тэр маш тайван байж, захиалсан элементүүдээ давуулан гүйцэтгэж, олимпын аварга болж чадлаа. 

Дэлхийн аварга, Оросын гурван удаагийн аварга, Европын аваргын хоёр мөнгөн медальтай Анна олимпын аварга болсныхоо дараа “Алтан медаль авсандаа итгэж чадахгүй байна. Олимпын аварга гэж хүмүүс хэлэхэд миний тухай ярьж байна гэж ухаарах сөхөөгүй байгаа болохоор их тайван байна. Гулгаж дуусаад би хамгийн сайнаараа гулгаснаа ойлгосон” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
 


Анна мөн сэтгэлзүйгээ хэрхэн удирдсан талаараа “Зорилгодоо хүрлээ. Өнөөдөр би огт сандраагүй. Маш тайван байсан. Эхний хөдөлгөөнөөсөө эхлээд л өөрийгөө сайн хянаж, олимпын наадамд гулгаж байгаагаа ойлгож байлаа” хэмээсэн байна.

Сэтгүүлч нар түүнээс бэлтгэлийн үеэрээ олон удаа унаж, бас уйлж байсан тухай нь асуухад “Би бэлтгэлийн үеэр их сэтгэл хөдлөлтэй байдаг. Харайлт маш чухал учир дасгал бүрд сэтгэл хөдлөлтэй ханддаг. Харин тэмцээн дээр өөрийгөө хянадаг. Намайг Бээжингийн олимпод ирэх ёсгүй байсан гэж бичсэн хүмүүсийн сэтгэгдэлд ач холбогдол өгөөгүй” гэв.

“Камилагийн тухайд хэлэх зүйл алга”
 


Анна мөн "Үзүүлбэрээ үзүүлэх үедээ үзэгчдийн суудлаас Оросын тамирчдынхаа дэмжлэгийг мэдрэх сайхан байлаа" гэсэн бол нутаг нэгт Камила Валиевагийн гулгалт амжилтгүй болсон тухай асуухад “Тайлбар алга” гээд цааш явжээ.

Гэмтэл, олон бэрхшээлийг давж олимпын алтан медалийн эзэн болсон Анна “Мөрөн дээрх ачаа хөнгөрлөө. Тэмцээнээс тэмцээн бүрд туршлага хуримтлуулж, бэлэн бөгөөд тайван ханддаг байсан. Намайг Бээжингийн олимпод явах ёсгүй байсан гэж бичиж байгаа хүмүүст ямар нэгэн хариулт хэлэхгүй. Зүгээр л гар даллан мэндчилье” хэмээн даруухан бөгөөд өөртөө итгэлтэйгээр ярих аж.

Гэхдээ Анна “Би маш их аз жаргалтай байгаа ч ямар нэгэн хоосрол мэдрээд байна” гэж хэлсэн нь нэг дасгалжуулагчийн шавь нар болох Камила Валиевагийн бүтэлгүйтэл, допингийн асуудалд холбогдсон дуулианаас болж сэтгэл санаа нь тавгүй байгааг илтгэнэ.

Аавын эмоци
 


Аннагийн аав Станислав Щербаков охиноо олимпын аварга болсны дараа баярлан хашгирч буйгаа видеогоор илэрхийлжээ.

Харин ээж нь охиныхоо гулгалтыг үзэхээс ч эмээсэн гэнэ. Аннагийн ээж Юлия “Би охиныхоо тоглолтыг үзээгүй. Түүний талаарх мэдээллүүдийг огт  уншаагүй. Нөхөр маань над руу бичиж, охин олимпын аварга болсныг хэлсэн. Одоо бүгд над руу залгаж, баяр хүргэж байна” хэмээн ярьжээ.
 

Аннагийн ээж мөн “Анягийн болон Сашагийн (Олимпын мөнгөн медалийн эзэн болсон Александра Трусова) өмнөөс би хязгааргүй их баяртай байна. Охид энэ амжилтад хүрэхийн тулд урт зам туулсан” гэсэн байна.

Аннагийн аав, ээж нь шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс юм. Тэд охиндоо уран гулгалтын мэргэжлийн зөвлөгөө өгч чадахгүй ч үргэлж дэргэд нь байж, тусалж дэмждэг үнэнч фэнүүд нь.

Станислав Щербаков “Анна олимпын аварга болсон нь гэнэтийн зүйл байсан учир охиноо гэртээ ирэхээр нь яахаа бид одоогоор төлөвлөөгүй байна” гэжээ.

Тэрээр охиноо анх удаагаа Оросын аварга болоход нь “Би маш гайхалтай охинтой. Анна төмөр мэт характертай. Тэр хаанаас ийм характертай болсныг мэдэхгүй юм. Магадгүй хаа нэгтээ сансраас ирсэн мэт” хэмээн ярьж байв.
 


Анна Щербакова 2004 оны гуравдугаар сарын 28-нд Москва хотод төрсөн.

Тэр гурван нас, зургаан сартайгаасаа уран гулгалтаар хичээллэжээ. Эцэг, эх нь том охиныхоо нэгэн адил Аннаг "Хрустальный" мөсөн ордонд уран гулгалтын дугуйланд явуулсан байна. Харин 2013 оны арваннэгдүгээр сараас Анна Этери Тутберизегийн удирдлагад хичээллэж эхэлснээр амжилтын оргил өөд тэмүүлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.92.26) 2024 оны 09 сарын 28

Жинхэнэ орос хүн л байна даа сайхан охин баяр хүргэ

1  |  0
ina(207.183.244.30) 2024 оны 09 сарын 28

Tsetseg tsevruu shig huurhun ohiduud uymaa.

3  |  0
би(202.126.88.48) 2022 оны 02 сарын 21

хамгийн элегантный.

3  |  2
Zochin(192.82.71.233) 2024 оны 09 сарын 28

Mundag okhin shuu

4  |  1
зочин(103.57.92.26) 2024 оны 09 сарын 28

гайхалтай сайхан зоримог орос охинд баяр хүргэе

10  |  0
Top