Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гишүүнээс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварын асуудлаар тодруулга, мэдээлэл авлаа.
-Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын эвдрэл өдрөөс өдөрт түгшээх болжээ. Зам гэхээс илүү там болсон энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байгааг иргэд хэлж байна. Та энэ тухайд ямар бодолтой байна вэ?
-Улаанбаатар хотын утаагүй болгох зорилгоор Тавантолгойн нүүрсийг хот руу зөөх хөдөлгөөнөөс болоод Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам маш ихээр эвдэрсэн.
Энэ замын зориулалт анхнаасаа хүнд даацын тээвэр хийх зорилготой байгаагүй.
Зорчигч тээврийн зориулалттай замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн тул зам маш хурдан эвдэрсэн. Ялангуяа Дундговь аймгийн нутагт хамгийн их эвдэрэл бий. Нарийн ярих юм бол Луус, Хулд сум тэр дундаа Хулд сумаас Өмнөговь явах чиглэлийн 20 гаруй км замд тогоо үүсэж, хагарч, эвдэрсэн.
Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлийн замын засварыг чанартай хийгээгүй. Зөвхөн зам дээр үүссэн хагархайг нөхөх байдлаар л торгоож ирсэн.
Угтаа бол Хулд сумаас Өмнөговь явах чиглэлийн замыг бүхэлд нь хуулж, шинээр тавих шаардлагатай байна. Энэ зам дээр осол аваар гарахаас эхлээд, автомашины эвдэрэл гэмтэл тогтмол гардаг.
Иргэд, сонгогчид ч энэ асуудлаар маш олон хандаж байгаа. Уг нь бол улсын чанартай зам. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яам жил бүр засвар хийх ёстой.
Энэ жил Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт зориулж 990 сая төгрөгийн төсөвт засвар хийхээр болсон.
Мандалговь-Даланзадгад чиглэлд 1,9 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийхээр төсөвт тавигдсан юм билээ. Зам засварын ажил хараахан эхлээгүй байна. Гэхдээ хугацаа алдахгүй анхаарал тавих нь чухал асуудал болоод байгаатай санал нэгдэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Яана даа монгол Засаглал нь там, Зам нь там, Ардчилал нь там, Амьдрал нь там.
Хаалганы мөнгөөс ч бага гэж үү?