Монгол Улсын Гадаад хэргийн яам Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал зохион байгуулсан. Монгол Улс ийм олон улсын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа нь тус улсын гадаад бодлогын механизм амжилттай буйг илтгэнэ.
Анх 2014 онд байгуулагдсанаасаа хойш Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлын хэлэлцэх уламжлалт бус зуучлалын платформын үүрэг гүйцэтгэсээр иржээ. Коронавирусний цар тахлын улмаас хоёр жил завсарласан ч бага хуралд өмнөх жилүүдээс олон төлөөлөгч оролцлоо.
1960-аад оны сүүлээс Монгол Улс олон улсын тавцан дээр илүү идэвхтэй гадаад бодлого явуулж ирсэн. НҮБ-д элсэх Монголын уйгагүй хүчин чармайлт цааш цаашдын гадаад бодлогынх олон механизмын оршил нь байв.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын платформ нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлын /одоогийн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ хүрээнд болсон хоёр жилийн яриа хэлэлцээний үр дүн болох 1975 оны Хельсинкийн хэлэлцээрийн нэг хувилбар юм. Финландын зохион байгуулсан бага хурлын зорилго нь ЗХУ, өрнөдийн блок хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаах явдал байв.
Тодорхой улс орон улс хооронд зуучлах платформ байх боломжтой гэсэн санаан дээр тулгуурлан Монгол Улс гадаад бодлогодоо Зүүн хойд Азийн түншүүдийнхээ оролцоотой дипломат бодлого, харилцан хүндэтгэсэн харилцааны зарчим дээр үндэслэн итгэлцлийг бий болгох стратеги дэвшүүлсэн билээ. Монгол Улсын Их Хурал 2011 онд Монголын гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчилснээр Улаанбаатарт Зүүн хойд Ази болон Зүүн Азийн бүс нутгийн харилцаанд гүйцэтгэх үүргээ өргөжүүлэх боломж нээв. 2013 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш БНАСАУ-д айлчилсан анхны төрийн тэргүүн болж байв.
Ц.Элбэгдорж Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал дээр Улаанбаатарын яриа хэлэлцээ механизмыг бий болгож байгаа тухай анх зарласан билээ.
2014 онд болсон анхны “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хуралд Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн төлөөлөгч В.В.Грайворонский Монгол Улсын тус бүс нутагт илүү идэвхтэй дипломат бодлого явуулах санаачилгыг онцлон тэмдэглэж, Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын болон бүс нутгийн олон тооны байгууллага, бага хурал, уулзалт, яриа хэлэлцээнээс ялгагдаж, өөрийн орон зайгаа эзлэх учиртай хэмээн онцолж байсан.
Монгол Улсын геополитикийн онцгой байршил болон Зүүн хойд Азийн бүх оронтой хэвийн дипломат харилцаатай байдаг нь тус улсад давуу тал олгож байна. Тухайлбал, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь олон жил яригдаж буй Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал дээр ч онцгой давуу байдал олгодог. Бүс нутгийн бусад улс эсвэл цөмийн гүрэн /БНХАУ, ОХУ/ эсвэл БНАСАУ-тай албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй /БНСУ, Япон/ байдаг. Үүний сацуу Монгол Улс өмнө нь Япон, БНАСАУ-н хооронд Японы иргэдийг хулгайлсан асуудалд зуучлах хүчин чармайлт гаргаж байсан. Японы Ерөнхий сайд асан Таро Коно Монгол Улс, БНАСАУ-ын дипломат харилцааг Хойд Солонгостой хэлэлцээ хийх суваг болгон ашиглах боломжийг эрэлхийлж байв. Бүс нутгийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд тус хоёр улсын дипломат харилцаа нь энх тайван, яриа хэлэлцээг урагшлуулах нэгэн боломж юм.
Нөгөө талаар, БНАСАУ нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын цорын ганц асуудал биш. Япон-БНХАУ, Япон-БНСУ, БНХАУ-БНСУ зэрэг бүс нутгийн улс хоорондын түүхээс улбаатай ярвигтай харилцаа нь Улаанбаатарт давуу тал олгож байна.
Монгол Улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хуралд 20 орон, 30 байгууллагын 150 төлөөлөгч оролцжээ. Зарим төлөөлөгчид ковидын улмаас цахимаар оролцсон байна. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгийн хэлснээр, өмнөх зургаан жилтэй харьцуулахад энэ удаагийн бага хуралд илүү олон орны төлөөлөл оролцсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүс нутагтаа энхийн яриа хэлэлцээг урагшлуулахад илүү нэр нөлөөтэй болж буйг илтгэж байна. Үүний нэг илэрхийлэл нь бага хуралд зөвхөн Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд төдийгүй Европ болон өрнөдийн орнууд яриа хэлэлцээний механизмд идэвхтэй оролцож эхэлсэн. Тухайлбал, энэ удаагийн бага хуралд Австрали, Канад, Франц, Итали, Словени, Турк, Их Британийн төлөөлөгчид оролцсон юм.
Улаанбаатарын яриа хэлэлцээ нь албаны хүмүүс, эрдэмтэн, шинжээчдэд уламжлалт болон уламжлалт бус асуудлыг шийдвэрлэх механизмыг эрэлхийлэх платформ бий болгосон. Эл яриа хэлэлцээ, механизм нь шийдвэр гаргагчдад илүү оновчтой шийдвэр гаргахад нь чиглүүлэх учиртай.
Аюулгүй байдлын үүднээс авч үзвэл батлан хамгаалах нэгдсэн систем үгүй Зүүн хойд Ази нь, ялангуяа БНХАУ, АНУ-ын харилцаа хурцадсан энэ үед блокуудад хуваагдаад байна. Монгол Улс хэдийгээр жижиг улсын статустай ч Зүүн хойд Азийн бүхий л улс орны итгэлтэй түнш хэвээр. Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөлд Монголын идэвхтэй, хараат бус тоглогч байх санааг хоёр улсын ч тэр олон улсын хэмжээнд ч тэр дэмжих нь чухал.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ нь Монгол Улсын тууштай хэрэгжүүлэх учиртай гадаад бодлогын чухал механизмуудын нэг юм гэж thediplomat.com онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үе үеийн гадаад харилцаанаас хамгийн муу нь одоогийнх.