Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг Нара хотод үг хэлж байхад нь үл мэдэгдэх этгээд галт зэвсэг ашиглан халдсан тухай Киодо агентлаг мэдээллээ.
Абэгийн эсрэг халдлага орон нутгийн цагаар 11:30 орчимд болжээ. Хоёр удаа буун дуу сонсогдсоны дараа Абэ газарт унасан байна.
Тус агентлагийн мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд түүний араас буудсан бөгөөд сум цээжний хэсэгт тусжээ. Одоогоор Абэ эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай Японы эх сурвалжууд мэдээлж байна. Мөн эх сурвалжууд сэжигтэн этгээдийг цагдаа нар саатуулсан тухай мэдээллээ.
12:00 цагийн байдлаар
Абэг буудсан этгээд 41 настай бөгөөд цагдаа нар түүнийг саатуулан шалгаж байна.
Ерөнхий сайд асныг Кашихара хотын "Нара" анагаах ухааны их сургуулийн эмнэлэг рүү нисдэг тэргээр авч явлаа.
NHK-ийн мэдээлснээр Абэгийн зүрх зогссон байж магадгүй гэнэ. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш юм.
12:50 цагийн байдлаар
Дөнгөж сая Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ ухаан ороогүй байна гэж Киодо агентлаг мэдээллээ. Цагдаагийн газрын мэдээлснээр, Абэ буудуулсны дараа ухаантай байжээ.
Гэрчүүдийн ярьснаар, гэмт этгээд түүнийг араас нь буудсан байна. Абэ цээжин тус газраа буюу биеийнхээ зүүн хэсэгт шарх олжээ. Түүнийг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ. Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, халдлага үйлдсэн шалтгааныг мөрдөн шалгаж байна.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Абэг тээвэрлэх явцад биеийн байдал нь муудаж, түүний зүрх, уушгины үйл ажиллагаа зогссон байна.
13:20 цагийн байдлаар
Засгийн газрын төлөөлөгч “Эмч нар Шинзо Абэгийн биеийн байдал маш хүнд буюу амьд гарахад тун хэцүү гэж мэдээлсэн. Сум цээжний зүүн хэсэгт туссан” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Одоогоор Шинзо Абэгийн амийг аврахаар эмч нар шуурхай ажиллаж байна. Халдлагатай холбогдуулан Японы улс төрийн намууд сонгуулийн сурталчилгаагаа зогсоожээ.
13:50 цагийн байдлаар
Халдлагатай холбогдуулан Японы Засгийн газраас Онцгой байдлын штаб байгууллаа. Ерөнхий сайд Фүмио Кишида төлөвлөсөн бүх ажлаа хойшлуулж, Токио хотод эргэн ирсэн. Тэрээр Ямагата мужид сонгуулийн ажлаар явж байсан юм.
Шинзо Абэ ухаан ороогүй байна.
14:10 цагийн байдлаар
Японы Ерөнхий сайд Шинзо Абэг буудсан этгээд эхний мэдүүлгээ өглөө. Тэр "Би Абэд дургүй байсан, хөнөөхийг хүсэж байсан" гэжээ.
Шинзо Абэг буудсан этгээд Нара хотын харьяат Ямагами Тэцүя бөгөөд Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байжээ.
Тэрээр Абэгийн биед халдахдаа ашигласан гар хийцийн буугаа өөрөө угсарсан байна.
14:20 цагийн байдлаар
Ерөнхий сайд Фүмио Кишида Ямагата мужаас Токиод эргэн ирж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амь насанд халдсан явдлыг сонсоод маш их харамслаа. Хоёр хоногийн дараа болох сонгуульд ямар нэг нөлөө үзүүлэх үү гэж сэтгүүлч надаас асуулаа. Бидэнд одоо хамгийн чухал нь Шинзо Абэгийн амь насыг аврах эрхэм байна. Эмч нар чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэж байна. Цаашид авах арга хэмжээг Засгийн газраас хуралдаж шийднэ” гэв.
15:00 цагийн байдлаар
Ерөнхий сайд асан Шинзо Абэд эмч нар цэс сэлбэсээр байна. 67 настай Абэ цээж, хүзүүндээ шархадсан. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр бол түүний биеийн байдал туйлын хүнд байна.
16:00 цагийн байдлаар
Цагдаагийн газраас Ямагамиг баривчилж, эхний мэдүүлгээ авсныхаа дараагаар буюу яг энэ цагт Нара хотод байх түүний гэрт нэгжлэг, шалгалт хийх гэж байна.
Цагдаа нар сум үл нэвтрэх хантааз, бамбайгаар зэвсэглэснийг харахад Ямагами Тэцүягийн гэрт тэсрэх бөмбөг байж магадгүй гэж сэжиглэж байгаа бололтой.
16:30 цагийн байдлаар
Халдлагад өртсөн Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ Нара хотод ирж, нөхрийнхөө байгаа эмнэлэгт очсон тухай NHK мэдээллээ.
Акиэ Нара хотод ирэхдээ Киото хотоор дайрсан байна. Тэрбээр хар бараан хувцас өмсөж, бага хэмжээний чемодан барьсан байжээ. Үүнээс өмнө Шинзо Абэгийн хамгийн бага дүү, Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши "Эмч нар түүний ахын амийг аврахын тулд цус сэлбэхээс эхлээд бүхнийг хийж байна" гээд “Ахыгаа түргэн эдгэрэхийн төлөө залбирч байна” гэжээ.
Нобүо Киши түүний ах Абэд халдсан этгээд Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний тэнгисийн цэрэгт алба хааж байсан тухай тайлбар хийхээс татгалзсан байна.
17:00 цагийн байдлаар
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт шархаа даалгүй амьсгал хураалаа. Абэ 67 настай байв.
Шинзо Абэ өнөөдөр 11:00 цагийн орчим Нара хотод сонгуулийн сурталчилгаанд оролцон, үг хэлж байгаад халдлагад өртсөн юм.
17:30 цагийн байдлаар
Харамсалтай мэдээ... Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ шархаа даалгүй нас барлаа. Абэ 67 настай байв.
Тэрээр Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт амьсгал хураажээ. Нара хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн даргын хэлснээр түүн рүү буудсан хоёр сум хоёулаа Абэгийн зүрхэнд тусжээ. Гэхдээ эмч нар аль сум нь үхэлд хүргэснийг тогтоож чадаагүй байна. Эмч нар үхлийн шалтгааныг цус их алдсантай холбон тайлбарлаж байна.
17:45 цагийн байдлаар
Японы Цагдаагийн газраас Ерөнхий сайд асны хамгаалалт хангалттай байсан эсэхийг мөрдөн шалгааж, тогтооно гэж мэдэгдлээ. Хамгаалалтыг Нара хотын Цагдаагийн газар, Тусгай албанаас хариуцан ажилласан ч сонор сэрэмж алдсан билээ.
18:00 цагийн байдлаар
Шинзо Абэг буудсан этгээд болох Нара хотын харьяат Ямагами Тэцүя гэрт Цагдаагийн газраас нэгжлэг, шалгалт хийлээ. Гэрээс нь тэсэрч, дэлбэрэх аюултай зүйл илэрсэн тул цагдаа нар тусгай төхөөрөмж авчран, шалгалтаа үргэлжлүүлж байна.
Гэмт этгээд өмнө нь Японы Тэнгисийн цэргийн хүчинд алба хашиж байсан нь тогтоогдоод байна.
Сэтгэгдэл ( 8 )
Шархаа даалгүй нас баржээ.
Энэ гэмт этгээд монголд ирээд манай энэ дээд хэдийг будаад өгөхгүй юм байх даа.
Ум ма ни бад мэ хум
Бүх зүйл утга учиргүй санагдах боллоо
Хурдан эдгэрээрэй. Амь насы нь авраарай. Бурхан өршөөг! Хайран хүн. Харамсалтай байна
Mongolchuudad Mongol ulsad mash ih tus handiv ugdug hvn vneheer haramsamaar hurdan idgeerei.
Харамсалтай эдгээрэй
hurdan edgeesei