Манай гарагийн ихэнх хэсгийг хамарч буй хэт халалт дэлхийн нүүрсний салбарынхны хувьд ашигтай тусаж байна. Хамгийн бохир түлш болох нүүрс Хятадын эрчим хүчний гол эх үүсвэр хэвээр байсаар байна.
Хятадын нүүрсний үндэсний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Хун өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр "Нүүрсний зонхилох үүрэг ойрын 10-15 жилд өөрчлөгдөхгүй байх магадлалтай" гэжээ.
Дэлхийн нүүрсний талаас илүү хувийг үйлдвэрлэдэг Хятад улс 2025 он хүртэл нүүрсний хэрэглээгээ дээд цэгт хүргэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ 2030 онд тус улс дөрвөн тэрбум тонн түлш түлсэн хэвээр байх бөгөөд энэ нь одоогийн хэрэглэж байгаагаас арай бага юм. Хятад улс цэвэр эрчим хүчний нөөц бүрдүүлж байгаа ч өнгөрсөн онд болсон эрчим хүчний хомсдол болон ОХУ Украинд түрэмгийлсэний улмаас үүсэн үнийн өсөлтийн дараа эрчим хүчний аюулгүй байдлаа чухалчилж эхлээд байгаа билээ. Дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулсан хөрөнгийн зарцуулалт оны эхний зургаан сард 72 хувиар өссөн нь бусад эрчим хүчний эх үүсвэрийг бууруулжээ.
Эрх баригчид нүүрсээр ажилладаг цахилгаан станцын шинэ зөвшөөрлийг хурдасгаж байгаа тул илүү олон төсөл хэрэгжиж байна. “Greenpeace”-ийн шинжээч Ву Жинханы үзэж буйгаар БНХАУ-ын нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадал аль хэдийн хэтэрсэн аж. Түүний үзэж буйгаар үүсээд буй асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний нэгдсэн сүлжээ, эрчим хүчний хуримтлал зэрэгт Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах хэрэгтэй гэнэ. “Greenpeace”-ийн судалгаагаар тус улс 2022 оны эхний улиралд 8.63 гигаватт эрчим хүчийг нүүрснээс гаргаж авсан байна. Өвлөөс илүү зуны халуун өдрүүдэд агааржуулагч ажиллуулахын тулд ихээхэн эрчим хүч зарцуулдаг байна.
Түүнчлэн тус улсын хамгийн том нүүрс үйлдвэрлэгчийн орлого энэ эхний хагаст 60 хувиар өссөн байна. Цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон хийн үнийн өсөлтийн улмаас дэлхийн нүүрсээр ажилладаг цахилгаан үүсгүүрүүд урьд өмнөхөөсөө илүү их эрчим хүч үйлдвэрлэж эхлээд байна.
Дэлхийн нүүрсний цахилгаан үүсгүүрүүд 2021 онд 10.244 тераватт-цаг (ТВт/цаг) цахилгаан үйлдвэрлэж, 2018 онд тогтоосон 10.098 ТВт/цагийн дээд амжилтыг даваад байгаа ажээ. Орос Украин руу довтолсны дараа АНУ, Европын холбооны Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авснаар Европ, Азийн генераторууд хийн хэрэглээгээ багасгаж, 2022 онд нүүрсээр цахилгаан үйлдвэрлэх нь огцом өсөөд байна. Дэлхийн нүүрсний олборлолт 2012-2014 онд жилд 8.1-8.2 сая байсан бол 2021 онд 8.173 сая тонн болжээ. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн нүүрсний эзлэх хувь 2013 онд 40.8 хувьд хүрч байсан бол 2021 онд 36.0 хувь болж 10 жилийн өмнөхтэй дөхөж очсон байна.
Гэхдээ цахилгаан эрчим хүчний эрэлтийн асар их өсөлт (жилд 2.5 хувь) нь үйлдвэрлэлийн бүх эх үүсвэрийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн. Франц, Итали, Словак, Австри, Герман, Итали, Нидерланд нүүрснээс өөр сонголт байхгүй гэж мэдэгджээ. Үүний үр дүнд АНУ, Өмнөд Африк, Австрали, Колумбын нүүрсний импорт өсөх хандлагатай байгаа бөгөөд Европын холбоо ирэх 5-10 жилийн хугацаанд өмнө нь тооцоолж байснаас таван хувиар илүү нүүрс хэрэглэнэ гэж Европын комисс үзэж байна. Түүнчлэн Европын холбооны хориг нь Орост төдийлөн хохирол амсуулахгүй байх магадлалтай. Хятад улс дөрөвдүгээр сард ОХУ-аас 54 сая тонн нүүрс импортлосон нь гуравдугаар сараас бараг хоёр дахин нэмэгдэж, түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Харин Европ болон нүүрснээс хамааралтай хөгжиж буй зах зээлүүд ихээхэн хохирол амсах магадлалтай гэнэ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )