Өчигдөр дэлхий дахинд Олон улсын ирвэс хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 2013 онд Бишкект болсон Ирвэс хамгаалах дэлхийн форумын үеэр жил бүрийн аравдугаар сарын 23-ныг ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм.
Ирвэс бол мийнхэн овгийн амьтдаас хамгийн бага судлагдсан, хамгийн хүнд нөхцөлд амьдардаг, Дэлхийн Улаан номд багтсан маш ховор амьтан юм. Ирвэсийг ОХУ-д ирбис, Тувад ирбиш, Казахстанд ирвиз, Туркт ирбиз гэж нэрлэдэг. Одоогийн байдлаар дэлхийд 4000 ирвэс байгаа нь Хятад, Афганистан, Бутан, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Монгол, Балба, ОХУ, Пакистан, Тажикстан, Узбекистан улсуудад байна. Энэ бүх оронд ирвэсийг Төв Азийн хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзэн, баригдашгүй араатан хэмээн домог ярианд дурдсан байдаг.
Ирвэст учирч байгаа гол аюул, занал
Хулгайн ан: Үзэмжит сайхан арьсных нь төлөө ирвэсийг агнасаар ирсэн төдийгүй яс болон биеийн бусад хэсгийг дорно дахины эмчилгээнд ашигласаар байна. Энэ хууль бус худалдааг зогсооно.
Нутгийн иргэд: Малд нь халдсаны улмаас малчид хариугаа авах зорилгоор ирвэсийг агнадаг. Байгаль дахь идэш тэжээлийн хомсдолоос улбаалан ирвэс хоттой малд дайрах болсон нь үнэн. Малчдын дунд ухуулан сэнхрүүлэх ажил явуулна.
Амьдрах орчны хомсдол: Ирвэс өсөж үржихэд өргөн уудам нутаг дэвсгэр хэрэгтэй. Гэвч улам бүр өргөжин тэлж буй хүн ам, малын тоо толгой, шинэ зам, уул уурхай тэдний амьдрах нутгийг багасгасаар байна. Дархан цаазат газар, үндэсний хүрээлэн байгуулах.
Уур амьсгалын өөрчлөлт: Энэ аюул занал ирвэсийн ирээдүйг илүү том эрсдэлд оруулж байна. Маш их судалгааны ажил хийх шаардлагатай.
Ирвэсийн тоо толгой
Ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Хималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг Төв ба Дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог нийт 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна.
Хятад 1500-2000 толгой
Монгол 700-1200
Кыргызстан 500
Энэтхэг 400
Балба 300
Пакистан 300
Тажикстан 150
Орос 120
Казахстан 100
Афганистан 100
Бутан 100
Узбекистан 50
Сэтгэгдэл ( 2 )
hujaanuud l ustagaj bgashd