"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 98 ДУГААР БҮЛЭГ
ХАНЬ УЛСЫН ЦЭРГИЙГ НЭХЭЖ ВАНШУАН АЛАГДСАН
ЧЭНЬЦАНЫГ СУНДАЛЖ ҮХОУ ИХЭД ДИЙЛСЭН
Өгүүлэх нь: Сыма И айлтган өгүүлрүүн: "Сайд би ер хаанд айлтгаж Кунмин эрхгүй Чэньцанг гармуй хэмээн тийнхүү Хаожаогоор сахиулсан бөлгөө. Эдүгээ үнэхээр тийм болов. Тэр хэрвээ Чэньцангаар орж ирвээс амуу зөөхөд маш хялбар. Эдүгээ завшаанаар Хаожао, Ваншуан сахиж буй тул эмээж энэ замаар амуу зөөхгүй болой. Түүнээс бусад нарийн замаар зөөхөд ихэд зовиуртай. Сайд би бодвоос Шу улсын цэргийн амуу хангамж ганц нэг сарын идэх тул түргэлэн байлдваас ашиг олмуй. Манай цэрэг гагц удтал сахиваас зохих бөлгөө. Хаан зарлиг буулган Цаожэнийг олон замын боомт хавцал амыг батлан сахиад гарч байлдаж болохгүй хэмээх болохул нэгэн сар болохгүй Шу улсын цэрэг өөрөө явмуй. Тэр тухай хоосонд тохиолдуулан байлдваас Жугө Ляныг барьж болмуй?” хэмээсэнд Цаорүй баярлаж өгүүлрүүн: “Чамд урьдаас мэдэх арга бодлого буй аваас юунд чи биеэр цэрэг авч сундлахаар очихгүй аж”. Сыма И өгүүлрүүн: “Би биеийг хайрлаж амиа хүндэтгэх нь бус цэргийг агуулж зүүн Ү улсын Лүсюньг сэргийлсүгэй хэмээх болой. Сүньцуань удахгүй хэтрэмхийлэн цол өргөж эрхэм болмуй. Хэрвээ эрхэм нэрийг авбаас хааны дайлахаар одохоос эмээн лавтай урьд орж ирмүй. Сайд би түүнээс эмээн цэргийг үлдээж хүлээн амуй” хэмээн хэлэлцэх хооронд ойрх түшмэд айлтгаж өгүүлрүүн: “Цао Дүдүгийн цэргийн мэдээг хэлэхээр иржээ” хэмээмүй. Сыма И өгүүлрүүн: “Хаан хурдан хүн зарж Цаожэньд Шу улсын цэргийг нэхэх бөгөөс түүний үнэн ташааг үзэх хэрэгтэй. Хөнгөнөөр гүн газарт битгий орогтун! Жугө Лянгийн зальхай арганд оруузай хэмээн сурган илгээмүү” хэмээсэнд Цаорүй даруй зарлиг буулгаж Тай Чанцин түшмэл Ханьзиг зарж хэмжээт цацаг бариулан илгээгээд Цаожэньд цээрлүүлэн сургасан нь: “Яавч битгий байлд! Хичээн сахигтун! Гагц Шу улсын цэрэг эгж одохыг хүлээн сая байлд!” хэмээв. Сыма И Ханьзиг хотын гадна үдээд сургаж хэлрүүн: “Би энэ гавьяаг Цао Зыданьд тавьж өгсүгэй! Гүн чи Цао Зы даньд уулзваас битгий миний гаргасан санаа хэмээн хэлэгтүн! Тэнгэрийн хөвгүүний буулгасан зарлиг хэмээн хамгаалан сахихыг дээд болго! Нэхэх хүн нарийвчлах хэрэгтэй. Битгий зан түргэн хүнээр нэхүүлэгтүн хэмээн өгүүл!” хэмээжээ. Ханьзи салж одов.
Тэндээс Цаожэнь цацар гэрт сууж үйл зөвлөж бүхийд гэнэт хүн орж хэлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн Тай Чанцин түшмэл Ханьзиг зарж зарлиг бичиг хүргэхээр иржээ”. Цаожэнь хүрээнээс гарч угтан оруулаад зарлиг бичгийг хүлээн авсны хойно гарч Гуохуай, Сүньлигийн хамт зөвдөлцөхөд Гуохуай инээж өгүүлрүүн: “Энэ нь Сыма Игийн бодлого болой”. Цаожэнь өгүүлрүүн: “Энэ бодлого ямар буй?”. Гуохуай өгүүлрүүн: “Энэ үг Жугө Лянгийн цэрэг хэрэглэх аргыг гүн мэджээ. Хожим Шу улсын цэргийг халхлан чадах нь эрхгүй Жунда болой” Цаожэнь өгүүлрүүн: “Хэрвээ Шу улсын цэрэг эгэх болбоос одоо бас яамуй?” Гуохуай өгүүлрүүн: “Сэмээр хүн зарж Ваншуаныг цэрэг авч бага замыг цагдуулсанд тэр өөрөө эмээж амуу зөөхгүй болой. Түүний амуу тасрахыг хүлээн тэр тухай нэхэж цохивоос бүрнээ ялгуух болой”. Сүньли өгүүлрүүн: “Би Ци Шань ууланд одож хуурч зөөх хүн болоод тэргэнд хуурай өвс тээж дотор хүхэр шүү120 цутгаад хүнд сургаж хуурмагаар Лунси газрын амуу зөөх тэрэг хүрч ирэв хэмээн хэлүүлсэнд Шу улсын цэрэг амуу өвсгүй болохул эрхгүй булаахаар ирмүй. Түүний дундад орохыг хүлээн тэргийг галдаад гаднаас бүгсэн цэргээр угтуулбаас лав дийлмүй?” Цаожэнь баярлаж “Энэ арга их сайн” хэмээгээд даруй Сүньлиг авч Ци Шань ууланд аргаар яв хэмээн илгээж бас хүн гарган Ваншуаныг цэрэг авч “Бага замыг цагдан явтугай!” хэмээгээд Гуохуайг цэрэг авч Зигу, Зетинд одож олон замын цэргийг бэрх чухал газрыг сахь хэмээн тушаав. Цаожэнь бас Жанляогийн хөвгүүн Жанхуг гавшгай болгон Юэзиньгийн хөвгүүн Юэчэнийг хавсрагч гавшгай болгоод, хоёулыг хамт их хүрээг сахиад гарч байлдаж болохгүй хэмээв.
120 Азот хүчлийн давс буюу дарь хийдэг гол түүхий эд.
Тэндээс Кунмин Ци Шань уулын хүрээнд сууж, өдөр бүр хүн гаргаж өдөөн байлдавч Вэй улсын цэрэг бэхлэн сахиад гарахгүй. Кунмин Зянвэй нарыг дуудаж зөвлөж өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг бэхлэн сахиж үл гарах нь миний цэрэгт амуугүй хэмээн боджээ. Эдүгээ Чэньцангаар уламжлан зөөх зам нэвтрэхгүй, бусад өөр бага зам нь цөм бэрх цухал, би бодвоос манай цэргийн амуу өвс нэг сарын хэрэгсэлд ч хүрэхгүй тул хэрхвээс сайн?” хэмээн хараахан зовж бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Лунси газарт Вэй улсын амуу зөөх хэдэн мянган тэрэг Ци Шань уулын баруунд хүрч ирэв. амуу зөөх түшмэл нь Сүньли болой”. Кунмин өгүүлрүүн: “Тэр хүн ямар буй?”. Вэй улсын хүн өчрүүн: “Энэ хүн урьд Вэйванг дагаж даши Шань ууланд авлахад гэнэт нэгэн барс гарч ирээд шууд Вэйвангийн өмнө ирснийг Сүньли илд сугалан мориноос бууж алав.
Тэндээс өргөмжилж дээд жанжин болсон бөлгөө. Энэ Цаожэньгийн сэтгэл зүрхний мэт хүн болой” Кунмин инээн өгүүлрүүн: “Энэ мөн Вэй улсын жанжин миний энд амуу дутууг мэдээд тийнхүү энэ аргыг хэрэглэжээ. Тэргэнд тээсэн нь цөм хуурай өвсийн зэрэг галыг удирдах юм болой. Би язгуураас тусгайлан галаар байлдах бөлгөө. Тэр харин энэ аргыг хэрэглэн намайг өдөөсүгэй хэмээмүй. Тэр хэрэв миний цэрэг түүний амууны тэргийг булаахаар одсныг мэдвээс эрхгүй миний хүрээг булаахаар ирмүй. Үүний арганд аясдуулан явуулсугай!” хэмээгээд даруй мадайг дуудаж сургаж хэлрүүн: “Чи гурван мянган цэрэг аваад шууд Вэй улсын цэргийн амуу тавьсан газарт одож, түүний хүрээнд ирж болохгүй! Гагц салхины дээрээс гал тавигтун. Хэрвээ тэрэг гал ноцсонд Вэй улсын цэрэг эрхбиш манай хүрээг хаахаар ирмүй”. Жич мажун, Жан Иг таван мянган цэрэг авч гаднаас хааж дотор гаднаар хавчин байлдсугай хэмээсэнд гурвуул аргыг олж одов. Бас Гуаньсин, Жанбаог дуудаж сурган өгүүлрүүн: “Вэй улсын цэргийн тэргүүн хүрээ дөрвөн этгээдийн замд нэвтэрмүй. Энэ үдэш баруун ууланд хэрэв гал мандваас Вэй улсын цэрэг эрхгүй манай хүрээг булаахаар ирмүй. Та хоёул Вэй улсын цэргийн хүрээний баруун этгээдэд бүгээд, гагц түүний цэрэг хүрээнээс гарахыг хүлээж та хоёул даруй хүрээг булаа!” хэмээгээд бас Ү Бань, Ү Иг дуудаж сурган өгүүлрүүн: “Танай хоёул нэжгээд багийн цэргийг аван хүрээний гадна бүг! Вэй улсын цэрэг хүрч ирсэнд түүний эгэх замыг тасал!” хэмээн Кунмин ялган салгаж дуусаад өөрийн бие Ци Шань уулын дээр гарч суув. Вэй улсын цэрэг Шу улсын цэргийн амууг булаахаар ирэх мэдээг мэдээд сандан Сүньлид хэлэхээр ирсэнд Сүньли хүн зарж Цаожэньд мэдүүлэв. Цаожэнь бас хүн зарж тэргүүн хүрээний Жанху, Юэчэньд сургаж хэлрүүн: “Энэ шөнө уулын баруунд гал гарваас Шу улсын цэрэг эрхгүй туслахаар ирмүй. Та цэрэг авч гараад ийм тийм бол” хэмээсэнд хоёр жанжин захиаг хүлээн аваад хүнийг асарт гаргаж тусгайлан тэмдэг галыг үзүүлэв.
Тэндээс Сүньли цэргийг баруун ууланд бүгүүлээд гагц Шу улсын цэрэг ирэхийг хүлээмүй. Тэр шөнийн дэд жинд мадай гурван мянган цэрэг аваад хүний аманд мод үмхүүлэн морины хазаарыг татаж шууд уулын баруунд хүрч ирэн үзвээс, хэдий чинээхэн тэрэг давхарлан жагсааж тойрон хүрээ болгоод тэрэгний дээр хоосоор туг хиур босгожээ. Баахан зуур баруун өмнөөс салхи салхилласанд мадай цэргийг авч шууд хүрээний өмнө одож гал тавьсанд тэрэг цөм ноцоод галын гэрэл тэнгэр тулжээ. Сүньли лав Шу улсын цэрэг Вэй улсын хүрээнд ирж тэмдэг гал тавьсан хэмээн санаад даруй цэрэг дагуулан доор ороход арын хойноос хэнгэргийн дуу гарч хоёр салааны цэрэг алахаар ирэв. Тэр мажун, Жан И Вэй улсын цэргийг дундаа хаажээ. Сүньли ихэд цочиж бас сонсвоос Вэй улсын цэрэгт хашхирах дуу гараад нэгэн салааны цэрэг галын гэрлийн хажуугаар алахаар ирмүй. Тэр нь мадай болой. Дотор гаднаас хавчин байлдахад Вэй улсын цэрэг ихэд дарагдав. Гал их салхи догшин тул хүн морь самуурч үхсэн нь тооловч барахгүй. Сүньли шарх олсон цэргийг аваад гал утааг дайран гараад буруулав.
Тэндээс Жанху хүрээнд галын гэрлийг үзээд хүрээний хаалгыг ихэд нээн Юэчэньгийн хамт цэргийг дуусган авч Шу улсын хүрээнд байлдахаар ирвээс хүрээнд нэг хүн ч үзэгдэхгүй тул даруй цэрэг хурааж эгэхэд Ү Бань, Ү И хоёр замын цэрэг гараад эгэх замыг таслав. Жанху, Юэчэнь хүнд хаасан газрыг нэвтлэн гараад уул хүрээндээ эгэхэд шороон хот дээрээс зэв харвах нь зөгий нисэх адил. Үзвээс Гуаньсин, Жанбаод хүрээг сундлагдсан ажгуу. Вэй улсын цэрэг дарагдаад цөм Цаожэньгийн хүрээг эрэхээр ирж сая хүрээнд орсугай хэмээн үзвээс нэгэн багийн дарагдсан цэрэг хүрч ирэв. Тэр нь Сүньли болой. Хамт хүрээнд ороод Цаожэньд золгож тус тусын арганд унасныг хэлсэнд Цаожэнь сонсоод их хүрээг бэхлэн сахиж нэн гарч байлдахгүй болжээ. Шу улсын цэрэг дийлээд хойш Кунминд золгохоор ирэв.
Түүнээс Кунмин сэмээр хүн гаргаж Вэй Яньд нууц арга хэлж илгээн нэгэнтээгүүр “Хүрээг эвдэж мордон явсугай!” хэмээхэд Ян И өгүүлрүүн: “Эдүгээ ихэд дийлээд Вэй улсын цэргийн хурц сүрийг хугалсан атал ямар учирт гэдрэг цэрэг хураамуй?” Кунмин өгүүлрүүн: “Манай цэрэгт амуу үгүй тул түргэвчлэн байлдваас сайн. Эдүгээ тэд бэхлэн сахиад гарч ирэхгүй болбоос бид өвчин олсон болой. Тэр өнөө хэдий нэгэн цаг дарагдсан боловч Жун Юаньгийн цэрэг эрхгүй нэмж ирмүй. Хэрвээ гавшгай морьтон бидний амууны замыг сундлахаар ирсэнд тэр цагт эгсүгэй хэмээвч чадахгүй болмуй. Эдүгээ Вэй улсын цэрэг шинэ дарагдсан тул Шу улсын цэргийг аймшиггүй тэгш хандаж үзэхээргүй. Мөн санаандгүйд тухайлуулан эгж одвоос зохимуй. Гагц айх нь Вэй Яньгийн нэгэн салааны цэрэг Чэньцангийн аманд Ваншуаныг тулахаар очсонд даруйгаар гарч чадахгүй. Гэвч би нэгэнтээ хүнд нарийн арга сурган илгээж Ваншуаныг алуулан, Вэй улсын хүнээр эмээж нэхүүлэхгүй болгов. Эдүгээ хойд цэргийг урьд мордуулсугай!” хэмээгээд тэр шөнө Кунмин гагц харанга хэнгэрэг цохих хэдэн хүнийг үлдээж хүрээнд мануулаад нэгэн шөнийн зуур цэргийг дуусган эгүүлж хоосон хүрээг үлдээв.
Тэндээс Цаожэнь цацарт сууж бүхийд гэнэт хүн хэлрүүн: “Зүүн этгээдийн жанжин Жанхө цэрэг авч ирэв” хэмээмүй. Жанхө мориноос бууж цацарт ороод Цаожэньд өгүүлрүүн: “Би хааны зарлигаар тусгайлан зарахыг хүлээхээр ирэв”. Цаожэнь асууруун: “Жүндагаас аяарлав уу?”. Жанхө өгүүлрүүн: “Жүндагийн хэлсэн нь “Манай цэрэг дийлбээс Шу улсын цэрэг даруй одохгүй. Хэрвээ бид дарагдваас Шу улсын цэрэг даруй одмуй” хэмээв. Өнөө манай цэрэг алдсаны хойно Дүдү хүн зарж Шу улсын цэргийн мэдээг авахуулсан уу?”. Цаожэнь өгүүлрүүн: “Илгээгээгүй” хэмээгээд, даруй хүн зарж сурвалжлуулбаас үнэхээр хоосон хүрээ болж гагц арваад туг хатгаад, цэрэг одож нэгэнтээ хоёр өдөр болов” хэмээмүй. Цаожэнь гэвшивч завдахгүй болов.
Тэндээс Вэй Янь нэгэнтээ аргыг олоод, тэр шөнийн дэд жинд хүрээгээ эвдээд яаран Ханьжунд эгэхэд хэдийн тагнуулч Ваншуанд хэлэхээр одсонд Ваншуан яаран цэрэг авч чинээгээр нэхэж хорин газар илүү гараад гүйцэхийг завдтал Вэй Яньгийн туг өмнөд үзэгдмүй. Ваньшуан их дуугаар: “Вэй Янь битгий явагтун!” хэмээн дуудваас Шу улсын цэрэг хойш харахгүй. Ваншуан морио тавин нэхэхэд арын хойноос Вэй улсын цэрэг бархиран өгүүлрүүн: “Хотын гаднах хүрээний дотор гал манджээ. Дайсны зальхай аргад орсон магадгүй” хэмээхэд Ваншуан яаран морийг татаж үзвээс үнэхээр галын гэрэл тэнгэр тулсан тул түр цэрэг эгэн уул хөтлийн зүүнд хүрмэгц гэнэтхэн нэгэн морьтон ой дотроос довтолгон гараад их дуугаар өгүүлрүүн: “Вэй Янь энд буй” хэмээмүй. Ваншуан гар хөдлөн завдсангүй Вэй Яньд цавчигдаж мориноос унав. Вэй улсын цэрэг бүгсэн цэрэг буй хэмээн сэжиглэж дөрвөн зүг буруулжээ. Вэй Яньгийн гар доор гагц гучаад морьтон асан аж. Ханьжунгийн зүг алгуураар эгэв.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Уран бодлого мэргэн аргаар Сунь, Пангаас хэтрээд
Урт одон зовхист туссан мэт гэрэлтүүлжээ
Цэрэг хэрэглэхэд орж эгэхийг хувилгаан үл ухах тул
Чэньцангийн замын аманд Ваншуаныг алав”
Үзвээс Вэй Янь Кунмингийн нарийн аргыг олоод урьд гучин морьтонг Ваншуангийн хүрээний хажууд бүгүүлээд гагц Ваншуангийн цэрэг нэхэхээр гарахыг хүлээн түүний хүрээнд орж гал тавив. Тэр хүрээндээ эгж ирэхэд санаандгүйгээр цулхийж гараад алсан ажгуу. Вэй Янь Ваншуаныг алсны хойно цэрэг авч Ханьжунд хүрээд Кунминд уулзан хүн морийг тушааж өгсний хойно Кунмин хурим базааж ихэд хуримлав.
Тэндээс Жанхө Шу улсын цэргийг нэхвээс гүйцэхгүй тул хүрээндээ эгэв. Гэнэт Чэньцан хотод Хаожао хүн зарж Ваншуангийн алагдсаныг хэлэхээр илгээсэнд Цаожэнь сонсож гасалж зогсохгүй. үүний учирт зовсоор өвчин болоод Луо Ян хотод эгсний хойно Гуохуай, Сүньли, Жанхө нараар Чан аньгийн олон замыг сахиулав.
Тэндээс Ү ван Сүньцуань харшид гарсанд тагнуулч ирж мэдүүлрүүп: “Жугө чансан хоёр зэрэг цэрэг гаргасанд Вэй улсын Дүдү цэрэг хохирч, жанжин алагджээ” хэмээмүй. Үүнд олон түшмэл Ү ванд зүтгэж цэрэг байгуулан Вэй улсыг дайлж Жун Юаньгийн газрыг авсугай” хэмээхэд Сүньцуань татгалзан тасалж чадахгүй бүхийд Жанжао айлтгаж өгүүлрүүн: “Эзэн гүнгийн эрдэм Тан Юйтэй чацуу, гэгээн нь Вэнь ванд хүрчээ Эдүгээ сонсвоос Ү Чангийн зүүн ууланд гарьд галбинга ирж суугаад их мөрний дотор шар луу илэрсэн тул урьд Гуандигийн сууринд суугаад хойно цэрэглэвээс зохимуй” хэмээсэнд олон түшмэл бас тохиолдуулж өгүүлрүүн: “Зыбүгийн үг мөн болой” хэмээгээд даруй зуны тэргүүн сарын улаан барс өдрийг сонгож Ү Чангийн өмнөд талд мандал цогцлуулав. Тэр өдөр олон түшмэл Сүньцуанийг мандал дээр залж гаргаад, Гуандийгийн сууринд суулгаж Хуан үгийн наймдугаар оныг Хуанлун (Шар луу)-ийн тэргүүн он хэмээн халаад эцэг сүньзянийг нэхэж Ү Ле Гуанди, эх Ү овогт эхнэрийг Үле хатан, ах Сүньцөг Чаншагийн Хуань ван өргөмжлөөд хөвгүүн Сүньдөнг Хунтайз болгов. Жугө Зиньгийн ахмад хөвгүүн Жугө Көг тайзын зүүн этгээдийн туслагч, Жанжаогийн хоёрдугаар хөвгүүн Жансюг тайзын баруун этгээдийн туслагч болгов. Жугө Көгийн өргөсөн нэр Юань Сюнь. Биеийн өндөр долоон тохой, туйлын цэцэн гэгээн бөгөөд сайнаар өчиж өгүүлэх тул Сүньцуань ихэд өршөөмүй. Зургаан насны үес чив Зүүн Ү улсад хурим хуримлахад Жугө Ко бас эцгийг дагаж ширээнд суусанд Сүньцуань, Жугө Зиньгийн царай уртыг үзээд наадаж хүнээр нэгэн илжигийг өмнө нь хөтлөн авчруулж, оо121-ийн бийрээр түүний нүүрэн дээр “Жугө Зы Юй”122 хэмээн бичсэнд олон цөм ихэд инээлцэв. Жугө Кө өмнө нь гүйн ирж цэрдийг аваад нүүр дээр хоёр үсэг нэмж бичсэн нь “Жугө Зы Юйгийн илжиг” хэмээжээ. Үүнд суудалд бүхий хүн эс цочиж гайхсан нь үгүй. Сүньцуань ихэд инээж тэр илжигийг түүнд хүртээв. Бас нэгэн өдөр олон түшмэд хуримлахад Сүньцуань Жугө Көг хундага бариулан тойруулсанд дараалан Жанжаогийн дэргэд хүрсний хойно Жанжао уухгүй өгүүлрүүн: “Энэ нь хөгшнийг тэжээх ёс бус болой”. Сүньцуань Жугө Көгийн зүг өгүүлрүүн: “Чи Зыбүд уулгаж чадмуй уу?” Жугө Кө захиаг хүлээгээд даруй Жанжаогийн зүг өгүүлрүүн: “Эрт Зян Шанфу ерэн насандаа залаат жад төмөг бариад харин ч хөгшин хэмээсэнгүй бөлгөө. Эдүгээ жагсаалд байлдах өдөр Сяньшэн123 хойно болж, архи уух өдөр ноёнтон өмнө болсон атал юунд хөгшнийг тэжээх ёс бус хэмээмүй?” хэмээсэнд Жанжао өчих үггүй болж аргагүй уув. Сүньцуань үүний учирт нэгэнтээ өршөөж тийнхүү хунтайзын туслагч болгожээ. Жанжао Ү ванд тусалж суурин гурван гүнгийн дээр болсон тул Сүньцуань түүний хөвгүүн Жансюг тайзын баруун этгээдийн туслагч болгосон ажгуу. Бас Гү Юнг чансан өргөмжилж Лүсюнийг дээд жанжин болгоод тайзад туслуулж Ү Чаныг сахиулав. Сүньцуань Зянь Едээ эгжээ. Олон түшмэд Вэй улсыг дайлах аргыг зөвлөхөд Жанжао айлтгаж өгүүлрүүн: “Хаан сая эрдэнийн сууринд суусан тул цэрэг хөдөлгөж болохгүй. Гагц утгыг бадруулан цэрэглэхийг байлгаж сургууль нэмэн байгуулаад иргэний сэтгэлийг амар болгож элч зараад Сычуаньд илгээн Шу улс лугаа янаглаж дэлхий дахиныг адил хуваасугай хэмээгээд алгуураар хичээвээс зохимуй” хэмээв.
121 Цэрд буюу бичих зурахад хэрэглэдэг зөөлөн шохой
122 Жү Гө лянгийн ах Жү Гозиньгийн өргөсөн нэр
123 Багштан, ноёнтон
Тэндээс Сүньцуань тэр үгийг дагаж даруй элч зарж шөнө дөл Сычуаньд одуулан Хоужуд золгож ёслон дуусаад, тэр үйлийг нарийвчлан хэлсэнд Хоужу сонсоод олон түшмэд лүгээ зөвлөхөд олноор цөм: “Сүньцуань хэтрэмхийлэн цол өргөсөн тул янаглахыг маргаваас зохимуй” гэхэд Зянвань хэлрүүн: “Хүн зарж Чансангаас асуухаар илгээвээс зохимуй” хэмээжээ. Хоужу даруй элч зарж Ханьжунд илгээн Кунмингаас асуулгаваас Кунмин өгүүлрүүн: “Хүн зарж бэлэг сэлт бариулан Ү улсад баярлаад Лүсюнийг цэрэглэж Вэй улсыг байлдсугай хэмээн гуйгтун! Ийм болбоос Вэй улс эрхгүй Сыма Иг илгээж тулуулмуй. Сыма И хэрэв урагш Ү улсыг тулсанд би дахин Ци Шань уулаар гарч Чан анийг авч болмуй” хэмээсэнд Хоужу үг дагаад даруй Тай Юй түшмэл Чэньжэнийг зарж сайн морь, хасын бүс, алт эрдэнэ, таныг бариулан Ү улсад баярын ёсоор хүргүүлэв. Чэньжэнь Зүүн Ү улсад хүрээд Сүньцуаньд уулзан улсын бичгийг өргөсөнд Сүньцуань ихэд баярлаж хурим базааж хүндлээд хойш Шу улсад эгүүлсэн хойно зарлиг буулган Лүсюнийг дуудаж “Баруун Шу улс цэрэг үүсгэн Вэй улсыг байлдмуу” хэмээн болзсон учрыг хэлж өгсөнд Лүсюнь өгүүлрүүн: “Энэ нь Кунмин Сыма Игээс эмээх арга болой. Нэгэнт хамт ханилсан тул эс дагаваас болохгүй! Өнөө хоосоор цэрэг үүсгэх байдал гарган хараахан “Баруун Шуг тусалсугай” хэмээгээд Кунмин Вэй улсыг дайлж маш цухалдсан цагт бид түүний хоосны чөлөөнд Жун Юаньгийн газрыг авбаас болмуй” хэмээн өгүүлээд даруй цааз зарлан “Зинжоу, Сян Янгийн олон газрын хүн морийг сургаж боловсруул! Өдөр сонгож цэрэг мордмуй” хэмээв.
Тэндээс Чэньжэнь эгж Ханьжунд хүрээд Кунминд хэлэв. Кунмин басхүү Чэньцангийн газарт хөнгөнөөр орж болохгүй хэмээн болгоомжилж урьд хүн зарж цагдуулсанд хойш ирж хэлрүүн: “Чэньцан хотын Хаожаогийн өвчин хүндэрчээ”. Кунмин өгүүлрүүн: “Их хэрэг бүтэв” хэмээн даруй Вэй Янь, Янвэйг дуудаж өгүүлрүүн: “Та хоёул таван мянган цэрэг аваад шөнө дөл Чэньцангийн хотын доор хүрч гал мандсаныг үзмэгц хүч хамтдаж хотыг байлдагтун!” хэмээсэнд хоёул цөм итгэсэнгүй, бас ирж асууруун: “Хэзээ мордмуй?” Кунмин өгүүлрүүн: “Гуравдугаар өдөр тэгшлэн дуусаад надад золгох хэрэггүй даруй мордтугай!” гэхэд хоёул аргыг хүлээн одов. Бас Гуаньсин, Жанбаог дуудаж авчраад чихний дэргэд сэмээр “Ийм! Тийм бол!” хэмээн сургаж өгүүлсэнд хоёул тус бүр нарийн аргыг хүлээн авч одов.
Түүнээс Гуохуай, Хаожаогийн өвчин хүндэрсэнийг сонсоод Жанхө лүгээ зөвдөж өгүүлрүүн: “Хаожаогийн өвчин хүнд болсон тул чи хурдан одож түүнийг толөөлөгтүн! Би даруй айлтгал бичиг хийж хаанд айлтгаад өөр арга тогтоосугай!” хэмээсэнд Жанхө гурван мянган цэрэг аваад яаран Хаожаог төлөөлөхөөр ирэв. Тэр цагт Хаожаогийн өвчин ихэд хүндрээд тэр шөнө амь тэмцэн бүхийд хүн ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг хотын доор хүрч ирэв” хэмээмүй. Хаожао яаран хотын дээр хүн гаргаж сахиултал олон хаалганд цөм гал мандаад хотын дотор ихэд самуурсныг Хаожао сонсоод цочин айж үхэв. Шу улсын цэрэг хотод сүрэглэн орж ирэв.
Тэндээс Вэй Янь, Зянвэй хотын доор хүрээд гэгэлхийлэн үзвээс нэг ч туг хиур үзэгдэхгүй манааны хүн бас үгүй тул хоёул сэжиглэж аймшиггүй хотыг байлдахгүй бүхийд гэнэт хотын дээр буун дуу эгэнтээ дуугармагц дөрвөн зүгт туг хиур хамтаар жагсаажээ. Үзвээс нэгэн хэвт малгай, өдөн дэвүүр, тогоруун нөмрөг агуу хувцас өмссөн хүн ихэд бархиран өгүүлрүүн: “Та хоёулын ирсэн нь хожимджээ” хэмээмүй. Хоёул үзвээс Кунмин болой. Хоёул мэнд санд мориноос бууж сөгдөж өгүүлрүүн: “Чансан үнэхээр хувилгаан аргатай” хэмээн өгүүлэв. Кунмин хоёулыг хотод оруулан өгүүлрүүн: “Би Хаожаогийн өвчин хүнд болсныг сурвалжилж олоод та хоёулыг гурван өдрийн дотор цэрэг авч хотыг авсугай хэмээсэн нь энэ олны сэтгэлийг амар болгосон бөлгөө. Би Гуаньсин, Жанбаог гагц цэрэг шалгагч болгон сэмээр Ханьжунгаас гарахад би цэргийн дотор нууж шөнө дөл шаардаж ирээд тэдний цэргийг улируулан чадахгүй болгосон болой. Би урьдаас тагнуулчийг хотын дотор илгээж гал тавиулан хашхирч туслуулаад Вэй улсын цэргийг цочоон сэжиглүүлж тогворгүй болгожээ. Цэрэгт эзэн жанжингүй болбоос эрхгүй өөрөө самуурмуй. Тиймийн тул би гарын алга урвуулах мэт хялбар олов. Цэргийн аргад “Түүний санаандгүйгээр гарч, бэлтгэсэнгүйгээр байлдмуй” хэмээсэн нь чухам үүнийг хэлсэн болой” хэмээсэнд Вэй Янь, Зянвэй бишрэв. Кунмин Хаожаогийн үхсэнийг хөөрхийлөн түүний эм хүүхдээр ясыг авахуулж Вэй улсад эгүүлээд түүний шударгыг илрүүлэв.
Түүнээс Купмин өгүүлрүүн: “Та хоёул түр хуягийг битгий тайлагтун! Цэрэг авч Саньгуань боомтыг авахаар од! Боомтыг сахисан хүн цэрэг ирснийг мэдвээс лав өөрөө буруулмуй. Хэрвээ баахан алгуурласанд эрхгүй Вэй улсын цэрэг ирэх тул даруйд эвдэхэд бэрх болмуй”. Вэй Янь, Зянвэй хоёр захиаг дагаж цэрэг аван шууд Саньгуань боомтноо хүрэхэд боомт сахисан хүн үнэхээр цөм буруулжээ. Хоёул боомтод гараад “Сая хуяг тайлсугай!” хэмээхэд боомтын гадна тоос тор гарч Вэй улсын цэрэг хүрч ирэв. Хоёул харилцан өгүүлрүүн: “Чансангийн хувилгаан бодлогыг таамаглаж олохгүй” хэмээгээд яаран асарт гарч үзвээс Вэй улсын жанжин Жанхө болой. Хоёул цэрэг хуваан чухал замыг сахиулав. Жанхө Шу улсын цэрэг чухал замыг сахисныг үзээд даруй цэрэг эгүүлэхэд Вэй Янь хойноос нэгэн зэрэг нэхэж алсанд Вэй улсын цэргийн үхсэн нь маш олон. Жанхө ихэд дарагдаж явав. Вэй Янь боомтод эгээд хүн зарж Кунминд хэлэхээр илгээв. Кунмин урьд өөрийн бие цэрэг дагуулан Чэньцан, Сегүг гараад Зяньвэйг авсны хойно Шу улсын цэрэг дараа дараагаар мордов. Хоужу бас их жанжин Чэньшиг Кунминд туслуулахаар илгээсэнд их цэрэг дахиж Ци Шань уулыг гараад хүрээ буув. Кунмин олныг хуруулж өгүүлрүүн: “Би хоёр удаа Ци Шань уулыг гараад ашиг олсонгүй. Эдүгээ бас энд хүрч ирэв. Би бодвоос Вэй улсын хүн эрхгүй хуучин байлдсан газарт бидэн лүгээ байлдмуй. Тэр бас намайг Юн, Мэй хоёр газрыг авмуй хэмээн сэжиглэж эрхгүй цэргээр сахиулсан ажгуу. Би үзвээс Иньпин, Ү Дүгийн хоёр хотыг олсонд бас ч Вэй улсын цэргийн хүчийг хуваамуй. Хэн аймшиггүй одож авмуй?” гэхэд Зянвэй өгүүлрүүн: “Би одохыг хүсмүү!”. Ванпин бас “Би одохыг хүсмүй” хэмээв. Кунмин ихэд баярлаж даруй Зянвэйд нэг түмэн цэрэг өгч “Ү Дүг авагтун!”, Ванпинд нэг түмэн цэрэг өгч “Инь Пинийг авагтун!” хэмээхэд хоёул цэрэг авч одов.
Түүнээс дахин хэлэх нь, Жанхө Чань Аньд эгээд Гуохуай, Сүньлид эолгож хэлрүүн: “Чэньцаныг нэгэнтээ алдаад Хаожао үхэв. Саньгуань боомт бас Шу улсын цэрэгт булаагджээ. Эдүгээ Кунмин дахиж Ци Шань уулыг гараад цэрэг хуваан ирмүй” хэмээсэнд Гуохуай ихэд гэлмэж өгүүлрүүн: “Ийм болбоос эрхгүй Юн, Мэй хоёр хотыг авмуй” хэмээгээд Жанхөг Чань Аньд, Сүньлиг Юнчэн хотод үлдээж сахиулаад Гуохуай өөрийн бие цэрэг авч шөнө дөл Мэйчэн хотод ирж сахиад нэгэнтээгүүр илтгэл бичиж Луо Янд илгээн шахам болсныг айлтгав.
Тэндээс Вэй улсын эзэн Цаорүй харшид суусны хойно ойрх түшмэл айлтгаж өгүүлрүүн: “Чэньцан хотыг алдаж Хаожао нэгэнтээ үхэв. Жугө Лян бас Ци Шань ууланд гараад Саньгуань боомт бас Шу улсын цэрэгт булаагджээ” Цаорүй ихэд айж бүхийд гэнэт айлтгаруун: “Маньчун нарын айлтгасан бичигт зүүн Ү улсын Сүнь цуань хэтрэмхийлэн хааны цол өргөж Шу улс лугаа янаглаад эдүгээ Лүсюнийг зарж Ү Чанд хүн морийг боловсруулж улируулаад хэрэглэхэд бэлтгэж буй. Өглөө үдэш эрхгүй ирмүй”. Цаорүй хоёр газрын цэргийн мэдээг сонсоод хөдлөх барих тэмтэрхийлж ихэд гэлмэжээ. Тэр цагт Цаожэньгийн өвчин илаар болоогүй тул даруй Сыма Иг авчирч зөвлөвөөс Сыма И өгүүлрүүн: “Миний мунхаг санаанд бодвоос Зүүн Ү улс лав цэрэг хөдөлгөхгүй!”. Цаорүй өгүүлрүүн: “Чи яахан мэдэв?”. Сыма И өгүүлрүүн: “Кунмин үргэлж сяотингийн өшөөг хариу авсугай хэмээн санаж Ү улсыг залгих дургүй нь бус болой. Гагц Жун Юаньгийн хоосонд завшиж түүнийг дайлахаас айн, тийнхүү түр Зүүн Ү улс лугаа ханилав. Лүсюнь бас тэр санааг мэдээд хуурмаг цэрэг хөдлөх байдал гаргаж хүлээжээ. Үнэндээ суусаар бүтэх эвдрэхийг үзэх нь болой. Хаан Ү улсыг сэргийлэх хэрэггүй! Гагц Шу улсыг сэргийлэх хэрэгтэй!” хэмээсэнд Цаорүй өгүүлрүүн: “Сайд чиний үзэл үнэхээр өндөр болой” хэмээгээд даруй Сыма Иг өргөмжлөн их Дүдү болгоод Лунси газрын олон замын цэргийг ерөнхийлөн захируулж ойрхи түшмэдийг зарж Цаожэньд бүхий Дүдүгийн тамгыг авахаар илгээсүгэй хэмээхэд Сыма И өгүүлрүүн: “Сайд би биеэр одож авсугай!” хэмээн хаанаас салаад Цаожэньгийн гэрт одож урьд хүнээр мэдүүлсэн хойно Сыма И сая орж уулзан өвчнийг асууж дуусаад Сыма И өгүүлрүүн: “Зүүн Ү улс баруун Шу улс цэрэг нийлэн ирмүй хэмээх бөгөөд эдүгээ Кунмин бас Ци Шань уулыг гарч хүрээ буужээ. Гэгээн гүн мэдмүй үү?”. Цаожэнь өгүүлрүүн: “Миний гэр дэх хүн миний өвчин хүнд хэмээн надад сонсгохгүй. Энэ мэт улс гэрийн чухал бэрх үес юунд Жүндаг Дүдү болгож Шу улсын цэргийг эгүүлэхгүй буй?” Сыма И хариу өгүүлрүүн: “Миний эрдэм нимгэн бодлого гүехэн тул энэ тушаалыг хүлээн чадахгүй”. Цаожэнь өгүүлрүүн: “Тамгыг авч ирэн Жүндад өг” хэмээхэд Сыма И өгүүлрүүн: “Дүдү битгий зовогтун! Би нэгэн мөрний хүч тусалсугай! Гагц аймшиггүй энэ тамгыг хүлээн авч чадахгүй” хэмээсэнд Цаожэнь үсэрхийлэн босоод өгүүлрүүн: “Хэрвээ Жүнда энэ тушаалыг хүлээн авахгүй болбоос дундад орон түгшүүртэй болмуй. Би өвчтэй биеэр одож хаанд золгож баталсугай!” хэмээвээс Сыма И өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүнээс нэгэнтээ бас ийм зарлиг буй. Гагц би аймшиггүй хүлээн авахгүй бөлгөө” Цаожэнь ихэд баярлаж өгүүлрүүн:
“Жүнда өнөө энэ тушаалыг авбаас лав Шу улсын цэргийг эгүүлж чадмуй” хэмээсэнд Сыма И Цаожэньгийн дахин давтан тамгыг найр тавихыг үзээд даруй хүлээн аваад Вэй улсын эзнээс салж цэрэг дагуулан Чан Аньгийн зүг одож Кунмин лүгээ таслан байлдахаар ирэв. Энэ чухамхүү:
“Хуучин жанжны тамгыг шинэ жанжинд автагдаад
Хоёр замын цэрэг нь гагц зам болж ирлээ”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )