Гурван улсын үлгэр | 99 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  99 ДҮГЭЭР БҮЛЭГ

 

ЖУГӨ ЛЯН ВЭЙ УЛСЫН ЦЭРГИЙГ ИХЭД ДАРСАН

СЫМА И БАРУУН ШУ УЛСАД ХУЛГАЙЛАН ОРСОН

 

Өгүүлэх нь: Шу улсын дахин бадруулагчийн долоодугаар оны зуны тэргүүн сард Кунмингийн цэрэг Ци Шань уулын өмнө гурван хүрээ байгуулж тусгайлан Вэй улсын цэргийг хүлээв.

Тэндээс Сыма И Чан Аньд хүрсний хойно Жанхө угтаж золгоод урьдын үйлийг нэг нэгээр хэлсэнд Сыма И Жанхөг гавшгай болгон Дайлинг мөргий жанжин болгож арван түмэн цэрэг аваад Ци Шань уулын ойр Вэйшүй голын өмнөд хүрээ байгуулав. Гуохуай, Сүньли цөм золгохоор ирсэнд Сыма И асууруун: “Та Шу улсын цэрэг лүгээ байлдав уу? Үгүй юү?” хоёул өчрүүн: “Байлдсангүй!”. Сыма И өгүүлрүүн: “Шу улсын цэрэг мянган газраас ирсэн тул хурдан байлдваас ашигтай атал эдүгээ энд ирээд үл байлдах нь эрхгүй арга буй болой. Лунси газрын олон замаас мэдээ ирэв үү?” Гуохуай өгүүлрүүн: “Хэдийн тагнуулч ирж олон хот сэтгэл тавин өдөр шөнөгүй бэлтгэмүй. Сэргийлэн байхаас өөр хэрэггүй хэмээмүй. Гагц Ү Дү, Иньпин хоёр хотоос мэдээ ирсэнгүй”. Сыма И өгүүлрүүн: “Би хүн гаргаж Кунмин лүгээ байлдсугай! Та хоёул түргэнээ бага замаар тэр хоёр хотыг туслахаар одож Шу улсын цэргийн хойдыг дарсанд тэдгээр өөрөө самуурмуй”. Хоёул аргыг хүлээн таван мянган цэрэг аваад Лунсигийн бага замаар Ү Дү, Иньпинг туслахын ялдар Шу улсын цэргийн хойдыг сундлахаар одох замд Гуохуай морин дээр Сүньлигийн зүг өгүүлрүүн: “Жүндаг Кунминд адилтгаваас ямар буй?”. Сүньли өгүүлрүүн: “Кунмин Жүндагаас хараахан дээд бөлгөө” Гуохуай өгүүлрүүн: “Кунмин хэдий дээд боловч энэ аргаар үзвэл Жүндагийн хүнээс хэтэрхий ухаантайг мэдэж болмуй. Шу улсын цэрэг хэрвээ өмнүүр хоёр хотыг байлдахад бид хойноос сундалбаас тэр хэрхэн өөртөө самуурахгүй буй?” хэмээн хэлэлцэх хооронд гэнэт харуулын хүн хэлрүүн: “Иньпин хот нэгэнтээ Ванпинд эвдэгдээд Ү Дү хот бас Зянвэйд автагдаж өмнө тал Шу улсын цэргээс холгүй болов” хэмээмүй. Сүньли өгүүлрүүн: “Шу улсын цэрэг хотыг нэгэнтээ авбаас юунд хотын гадна цэрэг жагсаамуй? Лав арга буй, хурдан эгэхэд хүрэхгүй” хэмээсэнд Гуохуай үг дагаж сая цааз зарлаж “Эгсүгэй!” хэмээтэл гэнэт буун дуу гараад уулын хойдоос нэгэн салааны цэрэг илрэв. Их туганд “Хань улсын Чансан Жугө Лян” хэмээн бичжээ. Төв дундын нэгэн дөрвөн хүрдэт тэргэнд Кунмин төв суужээ. Зүүн этгээдэд Гуаньсин, баруун этгээдэд Жанбао буй. Сүньли, Гуохуай хоёул үзээд ихэд айсанд Кунмин инээж өгүүлрүүн: “Гуохуай, Сүньли та битгий буруулагтун! Сыма Игийн арга яахан намайг мэхлэн өнгөрч чадмуй? Тэр өдөр бүр хүн гаргаж миний өмнийг өдөөж байлдуулан харин та нарыг миний цэргийн хойдыг сундлуулмуй. Эдүгээ би Ү Дү, Иньпинийг цөм авчээ. Та хоёул хурдан дагахгүй бас цэрэг довтолгон над лугаа “Таслан байлдсугай!” хэмээмүй үү?” Гуохуай, Сүньли хоёул сонсоод ихэд цухалдан бүхийд гэнэт арын хойно хашхирах дуу тэнгэр тулмаар болоод Ванпин, Зянвэйгийн цэрэг хойноос байлдан ирсэн бөгөөд Гуаньсин, Жанбао бас өмнөөс ирээд хоёр этгээдээс хавчин байлдсанд Вэй улсын цэрэг ихэд дарагдаад Гуохуай, Сүньли хоёул морийг гээж ууланд авиран явсныг Жанбао үзээд морь тавин нэхэхээр одоход санамсаргүй хүн морьтой уулын хавцлын голд унажээ. Үүнийг хойдох цэргийн хүн яаран гаргаваас Жанбаогийн тэргүүн гэмтжээ. Кунмин хүнээр Чөндүд хүргүүлж сувилуулав.

Тэндээс Гуохуай, Сүньли хоёул дутаан гараад эгж Сыма Ид золгож хэлрүүн: “Ү Дү, Ипьпин хоёр хотыг нэгэнтээ алдаад Кунмин чухал замд цэрэг бүгж хавчин байлдсан тул ихэд дарагдаад морийг гээж явганаар дутаагаад гарч ирэв”. Сыма И өгүүлрүүн: “Таны ял бус. Кунмингийн бодлого надаас гарчээ. Эдүгээ дахин цэрэг авч Юн, Мэй хоёр хотыг сахь битгий гарч байлд! Надад дайсныг эвдлэх арга буй” хэмээн сургаж илгээв. Хоёул салж очсон хойно Сыма И бас Жанхө, Дайлинг дуудаж сурган өгүүлрүүн: “Эдүгээ Кунмин Иньпин, Ү Дү хоёр хотыг олсон тул эрхгүй зуун овогтыг тогтоож иргэнийг амар болгохын учир хүрээнд үгүй болой. Та хоёул нэжгээд түмэн шилсэн цэрэг авч энэ шөнө мордоод Шу улсын хүрээний хойдоор сундалж нэгэн хамтаар шаламгайлан орж байлд! Би их цэрэг аван өмнө этгээдэд жагсаасугай! Шу улсын цэрэг самуурахыг үзэж би их цэргийг тавьж ороод хоёр этгээд хүч хамтдаж байлдсанд Шу улсын хүрээг булаан авч болмуй. Хэрвээ тэр газрын уулын байдлыг олсонд дайсныг эвдэхэд ямар бэрх буй?” хэмээсэнд хоёул аргыг хүлээн цэрэг авч одов. Дайлин зүүн этгээдэд, Жанхө баруун этгээдэд тус бүр бага замаар явж Шу улсын цэргийн хойно гүн ороод гуравдугаар жингийн үед нэгэн их замд хоёр цэрэг харилцан учирч нэг газарт нийлүүлэн Шу улсын хүрээний хойдоор алахаар ирэв. Урагш гучаад газар яваад өмнө цэрэг явахгүй зогсжээ. Жанхө, Дайлин морь довтолгон өмнө гарч үзвээс гэнэт зуун тэргээр одох замыг хөндөлдөн тосов. Жанхө өгүүлрүүн: “Энэ эрхгүй бэлтгэл буй. Даруй мөн замаар эгэхэд хүрэхгүй” хэмээж “Цэрэг эгэгтүн!” хэмээн зарлатал гэнэт уул дүүрэн галын гэрэл цацарч хэнгэргийн дуу ихэд гараад бүгсэн цэрэг дөрвөн зүгээс ирж хосулыг хаажээ. Кунмин Ци Шань уулын дээр зогсож их дуугаар дуудруун: “Жанхө, Дайлин та миний үгийг сонс! Сыма И намайг Ү Дү, Иньпинд одож иргэнийг тохинуулж хүрээнд үгүй хэмээн таныг зарж миний хүрээг авахаар илгээсэн бөлгөө. Харин миний арганд оров. Та хоёул цөм нэргүй доорд жанжин тул би алахгүй! Хурдан мориноос бууж дагагтун!”. Жанхө ихэд хилэгнэн Кунминийг зааж хараан хэлрүүн: “Чи нэгэн хөдөөний эр манай их улсын зах хязгаарыг халдахаар ирээд бас ямар аймшигтүй ийм үг гаргамуй? Би хэрвээ чамайг барьж авбаас түмэн анги огтчиж алмуй” хэмээн морь давхин жад өргөж ууланд алахаар гарахад уулын дээрээс чулуу, зэв бороо мэт харваж ирэх тул гарч болохгүй. Жанхө морийг ташуурдан жад эргүүлж хаасан газрыг дайран гарахыг хэн ч хорьж чадсангүй. Шу улсын цэрэг Дайлинг дундад хаасанд Жанхө хааснаас нэвтлэн гараад Дайлин үзэгдэхгүй тул даруй бие эргэж хаасан газар ороод Дайлинг гаргаж хамт эргэв. Кунмин уулан дээр зогсож Жанхөгийн түмэн цэргийн догор урагш хойш байлдан явж, баатар хүч нэн нэмэгдэхийг үзээд ойрхи ардын зүг өгүүлрүүн: “Би үргэлж сонсвоос Жан Идө, Жанхөг ихэд байлдсаныг хүн цөм цочин аймуй хэмээжээ. Би энэ өдөр үзвээс сая түүний баатрыг мэдэв. Хэрэв энэ хүнийг үлдээсэнд хожмын өдөр эрхгүй Шу улсын зовлон болмуй. Би арилгасугай!” хэмээгээд даруй цэрэг хурааж хүрээндээ эгэв.

Тэндээс Сыма И жагсаал жагсааж Шу улсын самуурсны хойно “Цугаар байлдсугай!” хэмээн хүлээж бүхийд гэнэт Жанхө, Дайлин хоёул биеийн төдий л ирээд ичингүйрч хэлрүүн: “Кунмин урьд энэ мэт бэлтгэсэн тул тийнхүҮ Ихэд дарагдаж эгэв”. Сыма И ихэд цочиж өгүүлрүүн: “Кунмин үнэхээр хувилгаан мэт хүн болой. Бид түр эгэхэд үл хүрмүй” хэмээж даруй “Их цэрэг цөм хүрээндээ эгэгтүн!” хэмээн зарлаж эгсний хойно бэхлэн сахиж гарч ирэхгүй болов.

Тэндээс Кунмин ихэд ялаад эл олсон зэвсэг, морь зэргийг тоолбоос барахгүй. Цэргийг авч эгээд өдөр бүр Вэй Янийг гаргаж өдөөн байлдуулавч Вэй улсын цэрэг гарч ирэхгүй. Залгалдаагаар хагас сар болтол огт байлдахгүй тул Кунмин цацарт суугаад хараахан сэтгэж бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн Шижун түшмэл Фэй Иг зарж зарлиг бичиг буулгажээ” хэмээмүй. Кунмин даруй угтаж оруулаад хүж шатаан мөргөж дууссаны хойно бичгийг нээж үзвээс бичгийн үг нь:

“Зетинг автсан ял Масуд буй атал харин чи ялыг биедээ хүлээн өөрөө түшмэлийг бууруулсугай хэмээснийг би чиний санааг зөрчсөнгүй үг дагаж гуйсныг тогтоосон бөлгөө. Ноднин цэрэг гараад Ваншуаныг алж энэ он бас байлдахаар очоод Гуохуайг буруулуулав. Цян аймгийг дагуулан хоёр хотыг дахиж олоод, догшин хулгайд сүр алдаршиж гавьяа нэр илэрхий болжээ. Эдүгээ дэлхий дахинд самуун дэгдээд уг муу амьтны үндсийг арилгаагүй. Чи их тушаалыг хүлээж улс төрийн хүнд үйлийг шийтгэн аху бөгөөд тушаалыг удтал бууруулах нь их сүрийг гэрэлтүүлэн дэлгэрүүлэхийн учир бус болой. Эдүгээ чиний чансангийн тушаалыг дахин эгүүлснийг битгий маргагтун хэмээв.

Кунмин зарлиг бичгийг сонсож дуусаад Фэй Игийн зүг өгүүлрүүн: “Би улсын их үйлийг бүтээгээгүй атал яахан дахиж чансангийн тушаалыг хүлээн авч болмуй” хэмээн маргахад Фэй И өгүүлрүүн: “Чансан хэрвээ тушаалыг хүлээн авахгүй болбоос тэнгэрийн хөвгүүний санаанаас үтээрэх бөгөөд олон жанжин нар сэтгэл жихүүн болох тул хүлээн авбаас зохимуй” хэмээсэнд Кун мин ёслон хүлээв. Фэй И одсоны хойно Кунмин Сыма Игийн гарч ирэхгүйг үзээд нэгэн арга санаж олоод цааз зарлаж олон газрын хүрээг цөм эвдэлж явагтун хэмээжээ. Тэр тухай тагнуулч энэ мэдээг олоод хойш ирж Сыма Ид хэлрүүн: “Кунмингийн цэрэг цөм эгэв” хэмээсэнд Сыма И өгүүлрүүн: “Би бодвоос Кукминд яавч өөр бодлого буй. Хөнгөнөөр орж болохгүй” хэмээв. Жанхө өгүүлрүүн: “Энэ лав Кунмингийн амуу дуусаад эгсэн болой. Яахан нэхэхгүй буй?”. Сыма И өгүүлрүүн: “Би санахад Кунмин өнгөрсөн жил ихэд хураасан бөгөөд өнөө бас буудай боловсорсон тул амуу өвс элбэг дэлбэг амуй. Хэдийгээр зөөхөд зовиуртай боловч бас ч хагас жил идэж гүйцмүй. Хэрхэн даруй явах ёсон буй? Тэр миний гарч байлдахгүйг үзээд тийнхүү аргаар өдөөх нь болой. Хүнээр холоос цагдуулбаас зохимуй” хэмээн илгээсэнд цэргийн ард удсангүй хойш мэдүүлрүүн: “ Кунмин эндээс гучин газрын эцэст хүрээ буув”. Сыма И өгүүлрүүн: “Би бодоход Кунмин лав явахгүй бөлгөө. Хүрээг бэхлэн сахиж хөнгөлөн орж эс болмуй” хэмээгээд арван өдөр сахиж суутал огт чимээгүй. Шу улсын цэрэг бас байлдахаар ирэх ч үгүй. Сыма И дахин хүн гаргаж үзүүлбээс хойш ирж хэлрүүн: “Кунмин нэгэнт явав” хэмээжээ. Сыма И итгэхгүй даруй дээл халж цэргийн дотор хутган очиж үзвээс Шу улсын цэрэг бас гучин газар гарч хүрээ буув. Сыма И үзээд Жанхөд өгүүлрүүн: “Энэ Кунмингийн арга тул нэхэж болохгүй” хэмээжээ. Бас арван өдөр болоод дахин хүнээр цагдуулбаас хойш ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг бас гучин газар гарч хүрээ буув” хэмээжээ. Жанхө өгүүлрүүн: “Кунмин цэрэг алгуурлах аргыг хэрэглэн Ханьжунд эгж одох тул Дүдү юунд сэжиглэж нэхэхгүй буй? Жанхө би очиж нэгэнтээ үхэн байлдахыг хүсмүү”. Сыма И өгүүлрүүн: “Кунмингийн хуйхар арга олон. Хэрвээ алдагдал гарсанд бидний цэргийн сүр эвдэрмүй. Дэмий хөнгөнөөр хөдөлбөөс болохгүй”. Жанхө өгүүлрүүн: “Би очоод хэрвээ дарагдвал цэргийн цаазаар аваачихыг хүсмүү!”. Сыма И өгүүлрүүн: “Чи эрхгүй одсугай хэмээвээс цэргийг хоёр тийш хувааж чи нэгэн салааг авч урьд одоод шаламгайлан орж үхэн байлдах хэрэгтэй. Би хойноос туслахаар очоод түүний бүгсэн цэргийг сэргийлсүгэй! Чи маргааш өдөр урьд давшиж замын зуур цэрэг буугаад нөгөө өдөр байлдах болохул цэрэг цөхөхгүй болмуй” хэмээн ялгаж салган тогтов. Жич өдөр Жанхө, Дайлин хоёул хавсрагч жанжин хэдэн арван хүн гурван түмэн шилсэн цэргийг дагуулан баатарлан урагш давшиж замын зуур хүрээ буув. Сыма И хэдий чинээ цэргийг үлдээж хүрээг сахиулаад гагц таван мянган цэргийг авч хойноос мордов. Үзвээс Кунмин хүн гарган харуулж байсан тул Вэй улсын цэрэг замын дунд амсхийн ахуйг мэдээд мөн шөнө Кунмин олон жанжин нарыг хуруулаад зөвлөж өгүүлрүүн: “Эдүгээ Вэй улсын цэрэг нэхэж ирсэн тул эрхгүй үхэн байлдмуй. Та нар эрхбиш нэг нь аравтай тэнцэхээр байлдах хэрэгтэй. Би бас цэрэг бүгж түүний хойд талыг тасалсугай хэмээмүй. Гагц ухаантай бөгөөд баатар жанжин бус болбоос энэ тушаалыг хүлээж чадахгүй” хэмээн хэлж дуусаад нүдээр Вэй Яньгийн зүг ширтсэнд Вэй Янь тэргүүнийг дарж өчихгүй болжээ. Ванпин гарч өгүүлрүүн: “Би хүлээн авахыг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ алдагдал гарваас яамуй?”. Ванпин өгүүлрүүн: “Би дуртайяа цэргийн цаазыг хүлээмүй”. Кунмин шүүрс алдаж хэлрүүн: “Ванпин амийг гээж биеэ зэв чулуунд шургасугай хэмээх нь үнэнхүү шударга сайд болой. Хэдий тийм хэмээвч Вэй улсын цэрэг хоёр салаагаар хуваан өмнө хойноос ирж бидний бүгсэн цэргийн дундуур тосохыг хэрхсүү! Ванпин хэдий баатар боловч гагц нэгэн этгээдийг халхлахаас яахан биеийг хоёр хуваан чадах аж. Жич нэгэн жанжныг олж хамт илгээвээс сая сайн. Гэвч цэрэгт биеийг гээж урагшлах хүн өөр үгүйг хэрхмүй” хэмээн хэлж дуусахын урьд нэгэн жанжин гарч өгүүлрүүн: “Би одохыг хүсмүү” гэхийг Кунмин үзвээс Жан И болой. Кунмин өгүүлрүүн: “Жанхө болбоос Вэй улсын нэртэй жанжин түмэн хүн тулан чадахгүй баатар буй. Чи түүнд тэнцэхгүй” гэхэд Жан И өгүүлрүүн: “Хэрвээ алдваас дуртайяа цацрын өмнө тэргүүнийг өргөсүгэй!”. Кунмин өгүүлрүүн: “Чи нэгэнтээ очих болбоос Ванпин лүгээ нэжгээд түмэн шилсэн цэргийг авч одоод уулын завын дотор бүг! Вэй улсын цэрэг нэхэж завдахыг хүлээж, дуусган өнгөрсний хойно танай олон замын бүгсэн цэрэг түүний хойноос даран алагтун! Хэрвээ Сыма Игийн цэрэг хойноос нэхэж ирвээс даруй хоёр тийш салаад Жан И нэгэн салааны цэргийг авч хойд ангийг тосож Ванпин нэгэн салааны цэргийг авч түүний өмнө ангийг тосоод хоёул хүчлэн байлдах хэрэгтэй. Надад өөр туслах арга буй”. Хоёул аргыг хүлээн аваад одов. Кунмин бас Зянвэй, Ляохуаг дуудаж өгүүлрүүн: “Би та хоёулд нэгэн хэмэрлэгийн хавтага өгсү! Гурван мянган шилсэн цэргийг аваад тугийг хэвтүүлэн хэнгэрэгийг зогсоож өмнө уулын дээр бүг! Хэрвээ Вэй улсын цэрэг Ванпин, Жан Иг хааж ихэд цухалдавч өмөглөхоор одох хэрэггүй. Гагц энэ хавтагыг нээж үзвээс түүний дотор хаагдсаныг тайлах арга буй” хэмээсэнд хоёул аргыг хүлээн цэрэг авч одов. Бас Ү Бань, Ү И, Мажун, Жан И дөрвөн жанжныг дуудан шивнэж өгүүлрүүн: “Хэрвээ маргааш өдөр Вэй улсын цэрэг хүрч ирвээс түүний хурц сүр төвхийтэл хөгжиж байх тул даруй угтан байлдаж болохгүй. Байлдалхийлэн буруулж явсаар гагц Гуаньсин цэрэг авч жагсаалд дайран ирснийг үзвээс та нар сая цэрэг эгүүлэн нэхэж байлд! Надад туслах арга буй” хэмээсэнд дөрвөн жанжин хүлээн одов. Бас Гуаньсинийг дуудаж өгүүлрүүн: “Чи таван мянган шилсэн цэрэг аваад уулын завын дотор бүгж байгтун! Уулын дээр босгосон улаан туг даллахыг үзвээс даруй байлдахаар гарагтун!” хэмээсэнд Гуаньсин аргыг хүлээн явав.

Тэндээс Жанхө, Дайлин цэрэг авч салхи бороо мэт ирснийг Мажун, Жан И, Ү И, Ү Бань дөрвөн жанжин гарч тосож байлдахуйяа Жанхө ихэд хилэгнэн цэрэг аваад нэхэж алмуй. Шу улсын цэрэг байлдан бөгөөд буруулан явахад Вэй улсын цэрэг хорин газар илүү нэхэж гарав. Тэр үес зургаан сарын өдөр аагим халуун тул хүн морийн хөлс ус үсэргэсэн мэт. Тавин газар явтал Вэй улсын цэрэг цөм амь нь тэмцэв. Кунмин уулан дээр зогсож улаан тугийг далламагц Гуаньсин цэрэг авч байлдахаар гараад Мажунгийн зэрэг дөрвөн жанжин хамтаар цэрэг авч хойш буцаж байлдахаар ирэв. Жанхө, Дайлин нар үхэн байлдавч эгэхгүй. Гэнэт бас хашхирах дуу ихэд түрхэрч хоёр замын цэрэг байлдахаар гарч ирэв. Тэр нь Ванпин, Жан И болой. Тус тусдаа баатарлан байлдаж эгэх замыг тосов. Жанхө өндөр дуугаар олон жанжны зүг бархирч өгүүлрүүн: “Энд хүрч ирээд үхэн байлдахгүй ямар цагийг хүлээмүй?”. Тэр үгэнд Вэй улсын цэрэг амь тавьж байлдавч бие гарч чадахгүй бүхийд гэнэт арын хойно хэнгэрэгийн дуу гараад Сыма И биеэр шилсэн цэрэг авч ирмүй. Сыма И олон жанжинг дохиж Ванпин, Жан Иг дундад хаасанд Жан И өндөр дуугаар өгүүлрүүн: “Чансан үнэхээр хувилгаан мэт хүн болой. Урьдаас бодож тогтсон тул эрхгүй сайн арга буй. Бид үхэн байлдваас зохимуй” хэмээгээд цэргийг хоёр тийш хуваагаад Ванпин нэгэн салааны цэрэг авч Жанхө, Дайлинг тосож Жан И нэгэн салааны цэрэг авч Сыма Иг халхлаад хоёр этгээд үхэн байлдалцаж хашхирах дуу тэнгэрт тулжээ. Зянвэй, Ляохуа уулын дээр зогсож Вэй улсын цэрэг хүчирхэг, Шу улсын цэрэг хүч буурч улам тулж чадахгүйг үзээд Зянвэй, Ляохуагийн зүг өгүүлрүүн: “Энэ мэт цухалдсан тул бид одоо хавтагыг нээж аргыг үзвээс зохимуй” хэмээгээд хоёул нээж үзвээс дотор бичсэн нь: “Хэрвээ Сыма Игийн цэрэг ирээд Ванпин, Жан Иг хаагаад цухалдуулбаас та хоёул цэргийг хоёр тийш хувааж шууд Сыма Игийн хүрээг авахаар од! Сыма И эрхгүй яаран эгмүй. Та тэдний самуурсан тухай байлдсанд хэдий түүний хүрээг олохгүй боловч харин бүрэн дийлмүй” хэмээжээ. Хоёул үзээд ихэд баярлан даруй цэрэг хувааж Сыма Игийн хүрээний зүг одов. Угаас Сыма И бас ч Кунмингийн аргад оруузай хэмээн болгоомжилж замын хугаст харуулын хүн тавьж уламжлан мэдүүл хэмээсэн бөлгөө. Сыма И ямагт байлдаж бүхийд гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Шу улсын цэрэг хоёр замаар бидний хүрээг авахаар одов”. Сыма И сонсоод царай хувилж олны зүг өгүүлрүүн: “Би Кунминд арга буй хэмээн өгүүлбээс та итгэхгүй мөшгин нэхэхээр ирээд харин их үйлийг саатуулав” хэмээгээд яаран цэрэг авч эгэхэд цэргийн ард айж самуурахын дээр Жан И бас хойдоос нэхэн алахын тулд Вэй улсын цэрэг ихэд дарагдав. Жанхө, Дайлин хүч мохоод уулын бага замыг барьж буруулав. Шу улсын цэрэг ихэд дийлээд арын хойно Гуаньсин олон замын цэргийг тасалсанд Сыма И ихэд дарагдаж хүрээнд ирж үзвээс Шу улсын цэрэг эгжээ. Сыма И цэргээ хураагаад олон жанжин нарыг донгодож өгүүлрүүн: “Та цэргийн аргыг мэдэхгүй гагц баатардаа эрэмшиж “Мөшгин гарч байлдсугай!” хэмээгээд сая ийн дарагдахад хүрүүлжээ. Үүнээс хожим дэмий битгий хөдлөгтүн! Дахин үгийг сонсохгүй хүнийг цэргийн цаазаар аваачмуй” хэмээсэнд олон цөм ичингүйрч эгэв. Энэ нэгэн удаад Вэй улсын цэргийн үхсэн нь маш олон бөгөөд гээж алдсан морь зэвсгийг тооловч барахгүй бөлгөө.

Тэндээс Кунмин цэрэг хурааж хүрээндээ эгээд бас “Цэрэг авч орсугай!” хэмээхэд гэнэт Чөндүгээс хүн ирж хэлрүүн: “Жанбаогийн бие өнгөрөв” хэмээсэнд Кунмин сонсоод нх дуу тавьж уйлаад цусаар огшиж харангадан унасныг олон тэнхрүүлэн авав. Кунмин үүнээс өвчин олоод хэвтэж босохгүй болсны хойно олон жанжин үл гаслах нь үгүй бөлгөө:

Хожмын хүний гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Хүчирхэг жанжин Жанбао гавьяа байгуулсугай хэмээхүл

Хөөрхийлэлтэйеэ баатар идтэнийг тэнгэр туслахгүй

Үхоу1 баруун салхинд нулимсаа асгаруулан                 

Үнэнчээр зүтгэе хэмээхэд туслах хүн үгүй хэмээн гомдов”

Арваад өдөр болоод Кунмин Дүнмин, Дүнзюэ, Фаньзянь нарыг цацарт оруулж сурган өгүүлрүүн: “Миний дотор битүүрч хэрэг шийтгэн чадахгүй тул түр Ханьжунд буцаж өвчнийг сувилаад дахин сайн арга бодоход эс хүрмүй. Та битгий задруул! Сыма И сонсвоос эрхгүй байлдахаар ирмүй” хэмээгээд даруй цааз зарлаад тэр шөнө сэмээр хөдлөн гарч Ханьжунгийн зүг эгэв. Кунмин одоод тавдугаар өдөр болсны хойно Сыма И сая сонсоод урт шүүрс алдаж өгүүлрүүн: “Кунминд үнэхээр чөтгөр сахиус ухахгүй арга буй. Би хүрэхгүй бөлгөө” хэмээгээд олон жанжин нарыг хүрээнд үлдээн цэрэг хувааж газар газрын хавцал амыг сахиулаад өөрийн бие цэрэг авч эгэв.

Тэндээс Кунмин их цэргийг Ханьжунд буудаллуулаад өөрийн бие Чөндүд өвчнөө сувилахаар эгсэнд олон түшмэд хот гарч угтан чансангийн яаманд оруулсны хойно Хоужу өөрийн биеэр өвчнийг асуухаар ирээд хааны эмчээр засуулсанд өдрөөс өдөр илаар болов. Тэндээс дахин бадруулагчийн наймдугаар оны намрын тэргүүн сард Вэй улсын Дүдү, Цаожэньгийн өвчин сайн болоод дээр илтгэл айлтгаж өгүүлрүүн: “Шу улсын цэрэг хязгаарт орж хэд хэдэн зэрэг дундад орныг халдахаар ирсэн тул хэрвээ түргэн арилгахгүй болбоос хожмын өдөр зовлон болмуй. Эдүгээ хараахан намрын сүүл цаг хүн морь амар сул тул чухам дайлахаар одвоос зохимуй. Сайд би дуртайяа Сыма И лүгээ хамт их цэргийг аван Ханьжунд ороод зальт хоршоог сөнөөн зах хязгаарыг ариун болгосугай!” хэмээсэнд Цаорүй ихэд баярлаад Шижун түшмэл Лю Егээс асууруун: “Зыдань намайг Шу улсыг дайл хэмээн дуртгасан нь ямар болой?” Лю Е өгүүлрүүн: “Их жанжны үг мөн болой. Эдүгээ хэрвээ арилгахгүй болбоос хойно лав их зовлон болмуй. Хаан явуулбаас зохимуй” хэмээсэнд Цаорүй “Мөн!” хэмээв. Лю Е дотроос гарч гэртээ эгсэн хойно олон түшмэд асууруун: “Хаан өнөө авгай лугаа цэрэг үүсгэн Шу улсыг байлдмуй хэмээн зовлөсөн энэ хэргийг бодоход ямар аж?” Лю Е өгүүлрүүн: “Ийм хэрэг үгүй Шу улсад уул усны бэрх буй тул хялбараар олж эс болмуй. Хоосоор хүн морийг зүдээж улс гэрт огт тусгүй!” хэмээсэнд олон түшмэд цөм дуугүй гарч ирэв. Янзи дотор орж айлтгаруун: “Өчигдөр Лю Е хаанд “Шу улсыг байлдсугай!” хэмээн ятгасан бөгөөтөл энэ өдөр олон түшмэд лүгээ “Байлдаж болохгүй!” хэмээн зөвдөлцөв. Энэ хааныг мэхэлсэн нь болой. Хаан юунд дуудан ирж асуухгүй буй” гэсэнд Цаорүй даруй Лю Ег дотор дуудан оруулж асууруун: “Чи намайг “Шу улсыг байлдсугай!” хэмээн сануулаад өнөө бас “Болохгүй!” хэмээх нь ямар учир болой?”. Лю Е өгүүлрүүн: “Сайд би нарийвчлан бодвоос Шу улсыг дийлж болохгүй!” хэмээсэнд Цаорүй ихэд инээв. Удсангүй Янзи гарч одсонд Лю Е айлтгаруун: “Сайд би өчигдөр хаанд сануулж “Шу улсыг байлдсугай!” хэмээсэн нь улс гэрийн их үйл болой. Хэрхэн дэмий хүнд задруулж болмуй? Цэрэг хэмээгч хуурмаг ёс болой. Хэрэг үүсгэхийн урьд нууц хэрэгтэй” хэмээжээ. Цаорүй сэхээрч өгүүлрүүн: “Сайд чиний үг мөн болой” хэмээгээд үүнээс улам хичээн хүндэтгэжээ. Арваад өдөр болоод Сыма И төрд орсонд Вэй улсын эзэн Цаожэньгийн айлтгасан хэргийг нэг нэгээр хэлсэнд Сыма И өгүүлрүүн: “Сайд би бодоход Зүүн Ү улс айж цэрэг хөдлөхгүй. Энэ өдөр чив хэмээн үүнд тухайлж Шу улсыг байлдахаар очвоос болмуй” хэмээсэнд Цаорүй даруй Цаожэнийг Да Сыма барууныг дайлах их Дүдү. Сыма Иг их жанжин барууныг байлдах дэд Дүдү, Лю Ег цэргийн багш болгосонд гурвуул Вэй улсын эзнээс салж дөчин түмэн их цэргийг авч урагш яваад Чан Аньд хүрч түүнээс шууд Зяньгөг зүглэн Ханьжуныг авахаар ирэв. Бас Гуохуай, Сүньли нар тус бүр өөр замаар оров.

Түүнээс энэ мэдээг Ханьжунгийн хүн Чөндүд мэдүүлэхээр ирэв. Тэр үест Кунмингийн өвчин хэдийн илаар болсон тул өдөр бүр хүн морийг боловсруулан найман хөлилийн аргыг дадуулж цөм боловсронгуй болгоод Жун Юанийг авахаар одсугай хэмээн асан бөлгөө. Өнөө энэ чимээг сонсоод даруй Жан И, Ванпинг дуудаж сурган өгүүлрүүн: “Та хоёул урьд нэг мянган цэрэг авч Чэньцангийн хуучин замыг сахиж Вэй улсын цэргийг халхалтугай! Би даруй цэрэг авч туслахаар очмуй” хэмээсэнд хоёул өчрүүн: “Хүний мэдүүлсэн нь Вэй улсын цэрэг дөчин түмийг наян түм хэмээн алдаршуулж түүний хүч маш их хэмээх атал гагц нэг мянган цэргээр хавцал амыг яахан тулж болмуй? Нэнд Вэй улсын цэрэг цугаар хүрч ирсэнд юугаар халхалмуй”. Кунмин өгүүлрүүн: “Би үлэмж өгч илгээсүгэй хэмээвээс цэргийн ард зовж зүдэхээс эмээмүй”. Ванпин, Жан И харилцан нүүрээ ширтэж гагц айж одохгүй. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ алдагдал гарваас таньд ялгүй! Олон битгий хэлэлц! Хурдан од!”. Хоёул бас гуйж өгүүлрүүн: “Чансан манийг алсугай хэмээвээс энд алтугай! Бид яавч одож чадахгүй!” хэмээсэнд Кунмин инээж өгүүлрүүн: “Та юунд ийм мунхаг болой? Би таныг илгээвээс надад эрхгүй санасан газар буй. Би өчигдөр шөнө тэнгэрийн байдлыг үзвээс Рувагини од, Тай Инь одны хувийг халдсан тул энэ сарын дотор лав их бороо ормуй. Вэй улсын цэрэг хэдий дөчин түм байвч ямар аймшиггүй уул хавцлын бэрх газарт гүн орж ирэх аж? Тиймийн тул цэргийг үлэмж хэрэглэх хэрэггүй. Яавч хор олохооргүй болой. Би их цэрэг авч хэдий Ханьжунд нэгэн сар амар суувч Вэй улсын цэрэг эгэхийг хүлээх нь болой. Тэр үес их цэргээр зүдсэн цэргийг хөөж байлдахад бидний арван түмийн олон нь Вэй улсын дөчин түмэн цэргийг дийлж болмуй” хэмээсэнд хоёул сонсоод сая баярлан салж одов. Кунмин дагалдаагаар их цэрэг авч Ханьжунгаас гарахад цааз зарласан нь “Олон газрын хавцал аманд нэгэн сарын хүн морь идэж гүйцэх амуу өвс бэлтгэн тавьж намрын бороог сэргийлтүгэй! Их цэрэгт нэгэн сарын хугацаа тавьж урьд хувцас идээг өгч байлдахаар гарахыг хүлээгтүн!” хэмээв.

Тэндээс Цаожэнь, Сыма И их цэргийг авч шууд Чэньцан хотын дотор орвоос нэгэн өрх гэр ч үзэгдэхгүй тул нутгийн хүнээс асууваас цөм хэлэх нь “Кунмин эгэх үес гал тавив” хэмээмүй. Цаожэнь: “Чэньцангийн замаар орсугай!” хэмээсэнд Сыма И өгүүлрүүн: “Хөнгөлөн орж болохгүй! Би шөнө тэнгэрийн байдлыг үзвээс Рувагини од, Тай Инь одыг халджээ. Энэ сарын дотор лав их бороо буй. Гүн орсон хойно үргэлж дайлбаас болмуй. Хэрвээ алдагдал гарваас хүн морь зовж зүдээд “Одоо эгсүгэй!” хэмээвч чадахгүй болмуй. Түр хотын дотор бүрх барьж суугаад бороог сэргийлбээс зохимуй” хэмээхэд Цаожэнь үг дагав. Хагас сар болсонгүй их бороо нөрөн орж зогсохгүй, Чэньцан хотын гадна тэгш газарт ус гурван тохой болоод аливаа зэвсгийн зүйл цөм норж цэргийн хүмүүст унтах газар олдохгүй тул өдөр шөнийн хувьд амаргүй. Их бороо гучин өдөр залгаж орсноор моринд өвсгүй өлбөрч үхсэн нь тоогүй. Цэргийн ардын гаслах дуу эс тасармуй. Тэр мэдээ Луо Янд хүрсэнд Вэй улсын эзэн Цаорүй мандал цогцлоон бороо арилахыг гуйвч болохгүй тул Хуанмэнь Ши түшмэл Вансү бичиг айлтгав. Тэр бичгийн үг нь: “Шастир бичигт тэмдэглэсэн нь: “Мянган газрын гаднаас амуу хүргэхэд түшмэдэд өлсгөлөн өнгөтэй. Түлээ өвс хожидвоос цэргийн хүн цадахгүй” хэмээжээ. Энэ тэгш замд цэрэглэхийг өгүүлсэн нь болой. Нэнд бэрх цухал газар гүн орж зам засаж дэвших болбоос түүний зүдгүүр эрхгүй зуун хувь нэмэгдмүй. Эдүгээ бас их бороо нөрөн орж уулын зам хальтраад олныг шахамдуулавч давшиж чадахгүй. Амуу хол тул залгахад бэрх энэ цэрэглэхэд жигших нь болой. Сонсохул Цаожэнь мордоод нэгэнтээ сар өнгөртөл завыг хагас явсан бөгөөд зам засах үйлийг байлдах цэрэг үйлдэж байх нь дайсанд амраар зүдсэнийг хүлээх ашгийг олгуулах билээ. Энэ нь цэрэглэгчдийн эмээх учир болой. Урьд төрөөр өгүүлбээс Ү Ван, Жоуг дайлахад боомт гараад буцжээ. Ойрд шүүмжлэвээс “Ү, Вэнь Ван Сүньцуанийг байлдахад мөрний хөвөөнд хүрсэн бөгөөд бүтсэнгүй. Энэ тэнгэрийн аяыг дагаж цагийг мэдээд аргацаасхийн хувилгасан бус буюу. Олдохул хаан бороо усны зовлонг бодож түшмэл цэргийг зогсоогоод хожмын өдөр тухайг үзэж хэрэглэх ажаам уу! Энэ баясгалантаар зовиуршаахыг халдахад иргэн үхэхээ умартмуй хэмээсэн нь болой” хэмээжээ. Вэй улсын эзэн илтгэлийг үзэж дуусаад татгалзан бүхийд Янфу, Хуасинь бас бичиг өргөж ятгасан тул даруй зарлиг буулган элч зарж Цаожэнь, Сыма Иг төрд эгэгтүн хэмээн илгээв.

Тэндээс Цаожэнь, Сыма И лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Эдүгээ нэгэн дараагаар гучин хоног бороо ороод цэрэгт байлдах сэтгэлгүй цөм эгэх санаатай болжээ. Үүнийг яахан зогсоомуй?” Сыма И өгүүлрүүн: “Түр эгэхэд үл хүрмүй”. Цаожэнь өгүүлрүүн: “Хэрвээ Кунмин нэхэхээр ирсэнд яахан эгүүлмүй?”. Сыма И өгүүлрүүн: “Урьд хоёр салааны цэрэг бүгүүлж хайгуувчилсны хойно сая эгж болмуй” хэмээн хоёул хэлэлцэн бүхийд гэнэт элч хоёулыг дуудахаар ирсэн тул даруй их цэргийн өмнө ангийг хойд болгон хойд ангийг өмнө болгоод алгуураар эгэв.

Тэндээс Кунмин нэг сар бороо орохыг бодож мэдээд өөрийн бие нэгэн багийн цэргийг авч Чөндүд сууж бас их цэргийг “Чипо газарт хуруулан буусугай!” хэмээн цааз зарлаж Кунмин цацарт сууж олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Би бодвоос Вэй улсын цэрэг эрхгүй явах бөгөөд Вэй улсын эзэн бас эрх биш зарлиг буулган Цаожэнь, Сыма Иг цэрэг эгэгтүн хэмээн авахаар ирмүй. Бид хэрвээ нэхвээс эрхгүй бэлтгэл байх тул түүний тааваар одуулж өөр сайн арга үүсгэхэд хүрэхгүй” хэмээн хэлэлцэн бүхийд Ванпин хүн зарж “Вэй улсын цэрэг нэгэнтээ эгэв” хэмээн хэлэхээр ирэв. Кунмин ирсэн хүнийг хойш эгж Ванпинд хэлж өгтүгэй. “Надад Вэй улсын цэргийг эвдлэх арга буй хэмээгтүн!” хэмээв. Энэ чухамхүү:

“Вэй улсын цэрэг хэдий бүгж чадах боловч

Хань улсын Чансан угаас нэхэх санаагүй”

Эгнэгт Кунмин Вэй улсын цэргийг яахан эвдлэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top