Гурван улсын үлгэр | 104 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 14

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

ИХ ОДОН УНААД XАНЬ УЛСЫН ЧАНСАН ТЭНГЭРТ ЭГСЭН

МОДОН ХӨРГИЙГ ҮЗЭЭД ВЭЙ УЛСЫН ДҮДҮ ЦӨС ХЭМХЭРСЭН

 

Өгүүлэх нь: Зянвэй, Вэй Янийг зулыг сөнөөв хэмээн дотроо ихэд хилэгнэж “Алсугай!” хэмээснийг Кунмин зогсоож өгүүлрүүн: “Энэ миний насан хутгийн тоо болой. Вэньчангийн эндүүрэл бус” хэмээсэнд Зянвэй сая зогсов. Кунмин хэдэн зэрэг цусаар бөөлжөөд ширээнд хэвтсэн хойно Вэй Яньд хэлрүүн: “Энэ Сыма И намайг өвдөв хэмээн хүн зарж үнэн ташааг үзүүлэхээр илгээсэн бөлгөө. Чи даруй гарч байлдваас зохимуй” гэхэд Вэй Янь захиаг хүлээн цацраас гарч морь унаад цэрэг аван хүрээнээс алан гарав. Ся Хоуба, Вэй Янийг үзээд яаран цэрэг авч буруулав. Вэй Янь хорин газар илүү нэхээд эгсний хойно Кунмин Вэй Янийг уул хүрээнд нь эгүүлэн сахиулахаар илгээв.

Түүнээс Зянвэй цацарт орж Кунмингийн ширээний ойр хүрч амар мэндийг асуусанд Кунмин өгүүлрүүн: “Би чухам шударгыг гүйцэтгэн хүчийг дуусгаж Жун Юаньгийн газрыг аваад Хань улсыг дахиж мандуулсугай хэмээсэн бөлгөө. Тэнгэрийн санаа ийм тул би өглөө үдшийн хооронд үхмүй. Би өөрийн сурсан мэдсэнийг эмхтгэн нэгэнтээ хорин дөрвөн бүлэг бичиг зохиов. Бүгд арван дөрвөн мянга нэг зуун арван хоёр үсэг дотор найман чухал, долоон цээрлэл, зургаан аймшигтай, таван болгоомжит хэмээх арга буй. Олон жанжин нарыг дуусган үзвээс ойлгож хүлээн авмаар хүнгүй. Гагц чамд уламжилж болмуй. Дэмий битгий хөнгөлөн үйлдэгтүн!” хэмээсэнд Зянвэй уйлан сөгдөж хүлээн авав. Кунмин бас өгүүлрүүн: “Надад “Холбосон холховч нумын арга” буй. Бас хэрэглээгүй асаар болой. Тэр зэвний урт найман ямх, нэгэн нуманд арван зэвийг хамтаар онилон харваж болмуй. Цөм зураг зураад дэвтэрлэсэн тул чи аргаар үйлдэж хэрэглэгтүн!” хэмээсэнд Зянвэй сөгдөж хүлээн авав. Кунмин бас өгүүлрүүн: “Шу улсын олон замд цөм зовох газаргүй. Гагц Иньпингийн нэгэн замыг хичээх хэрэгтэй. Тэр газар бэх чухал боловч хожим эрхгүй алдмуй” хэмээгээд бас Мадайг цацарт дуудан оруулж чихэнд шивнэж нэгэнтээ арга сургаж өгүүлрүүн: “Намайг үхсэний хойно чи аргын ёсоор явтугай” хэмээсэнд Мадай аргыг хүлээн гарав. Удсангүй Ян И орж ирсэнд Кунмин ширээний өмнө дуудан ирж нэгэн шуудайг өгч сургаж өгүүлрүүн: “Хожим Вэй Янь эрхгүй урвамуй. Урвасан цагт чи дайнд энэ шуудайг нээж үзэгтүн! Тэр үес аяндаа Вэй Янийг алах хүн гарч ирмүй” хэмээн Кунмин нэг нэгээр шийтгэж дуусаад муужран унаад үдэш сая сэргэв. Тиймийн тул шөнө дөл Хоужуд айлтган илгээсэнд Хоужу сонсоод ихэд хиртхийж даруй Шаншу түшмэл Лифүг зарж, шөнө дөл цэргийн хүрээнд амар мэндийг эрүүлэн жич хожмын хэргийг асуулгахаар илгээв. Лифү зарлигийг хүлээж яаран Ү Жан Юаньд хүрч ирээд Кунминд орж золгон Хоужугийн зарлигийг уламжлан амар мэндийг асуусны хойно Кунмин нулимс унагааж өгүүлрүүн: “Би хишиггүй зуурмаг мөхмүй. Хоосноор улс гэрийн их үйлийг гээсэн нь дэлхий дахины хүнд ял олсон нь болой. Намайг үхсэний хойно авгай та нар шударгыг гүйцэтгэн эзэнд тусал! Улс гэрийн хуучин хуулийг халан хувилгаж болохгүй. Миний хэрэглэсэн хүнийг битгий хөнгөнөөр байлгагтун! Би цэргийн аргыг цөм Зянвэйд сургасан тул тэр миний зоригийг залгамжлан улс гэрт хүчийг гаргаж чадмуй. Миний хутаг өглөө үдшийн хооронд болсон тул даруй гэрээсийн илтгэл бичиж тэнгэрийн хөвгүүнд айлтгасугай!” хэмээсэнд Лифү захиаг хүлээн яаран салж одов. Кунмин өвчтэй биеийг хатуужин босоод хүнээр түшүүлэн тэргэнд сууж хүрээнээс гараад олон хүрээг тойрон үзэхэд намрын салхи нүүрэнд тусч ясанд ортол жихүүрмүй. Кунмин уртаар шүүрс алдаж өгүүлрүүн: “Одоо дахин жагсаалд орж хулгайг дайлж чадахгүй болов! Хөх тэнгэр намайг үхүүлэх нь юунд ийм түргэн ажгуу!” хэмээн удтал шүүрс алдаж их хүрээнд эгсний хойно өвчин нэнд хүндрэв. Даруй Ян Иг дуудаж өгүүлрүүн: “Мадай, Ванпин, Ляохуа, Жан1 И, Жан2 И нар цөм шударга журамт үхэхээр хариулах сайд бөгөөд удтал дайнд явж олонтоо зүдсэн тул тушаан хэрэглэвээс болмуй. Намайг үхсэний хожим аливаа үйлийг цөм хуучин аргаар явуул! Алгуураар цэрэг эгэгтүн! Түргэвчилж эс болмуй. Чи арга бодлогонд нэвтэрсэн хүн тул би үлэмж сургах хэрэггүй. Зян Бо Юэ баатар бодлого хос бүрдсэн тул хойдыг хайгуувчлуулж болмуй” хэмээсэнд Ян И уйлан сөгдөж мөргөв. Кунмин бийр бэх авчруулж хэвтэх ширээнд өөрийн гараар гэрээсийн илтгэл бичиг бичиж Хоужуд айлтгав. Тэр бичгийн үг нь:

“Мэхийн сонсвоос үхэх төрөх нь ерийн хэрэг бөгөөд тогтсон тооноос хэлтрэхүйеэ бэрх. Үхэх шахсан тул мунхгийн шударга үгийг дуусган хэлсүгэй! Жугө Лян би төрөлх чанар олдой үхээнц боловч зовиуртай цагт учраад хэмжээт цацаг хагас тамгыг хүлээж их эрхийг зориуд бариад цэрэг үүсгэн хойдыг дайлахаар очоод баахан ч гавьяа бүтээсэнгүй. Санамсаргүй гэнэт өвчин яс чөмгөнд ороод амь өглөө үдэш болсон тул хаанд хэргийг төгстөл шийтгэн завдсангүйд тэсгэлгүй хорсмуй! Олдохул хаан та сэтгэлийг ариутган хүслийг цөөн болгож биеийг дүрэмлэн иргэнийг ихэд өршөө! Урьд хаанд ачлалт ёсыг гүйцэтгэж хичээнгүйлэн өршөөл журмыг дөрвөн далайд тархаасугай! Нууж суусан ардыг эрж хэрэглэн эрдэмтэн мэргэдийг ойр болго! Гажуу зальхайг тэвчиж зан аалийг нягт болгому. Сайд миний гэрт алимын мод найман зуун суурь, тариа тавин цин байх тул хөвгүүн ач нарын идэж өмсөхөд илүүц буй. Сайд би гадаад тушаалд ахуд биеийн хэрэгслийг дуусган түшмэлийн пүнлүүд итгэснээс бус ямхын төдий өөр хөрөнгөд чармайсангүй. Сайд би үхэхдээ дотоод гадаадад болбоос цуглуулсан эд торгыг үлдээж хааныг үтээрэхгүй бөлгөө” хэмээн бичиж дуусгав.

Түүнээс бас Ян Ид найдаж хэлрүүн: “Намайг үхсэний хойно бэлэвсэрч болохгүй. Модоор нэгэн их гэр сийлж миний ясыг дотор суулгаад аманд долоон мөхлөг амуу үмхүүл. Хөлийн доор нэгэн гэгээн зул шатаан тавигтун! Цэргийг ёрийн мэт нам байлгаж битгий уйлуул! Тийн болбоос жанжин од унахгүй тул миний сүнс бас ч олныг дарангуйлж чадмуй. Сыма И жанжин од унахгүйг үзвээс эрхгүй цочин сэжиглэх тул манай цэргийн хойд хүрээг урьд мордуулаад хойно нь нэг хүрээ, нэг хүрээгээр алгуурхан эгтүгэй! Хэрэв Сыма И та нарыг нэхэж ирвээс даруй жагсаал жагсааж тугийг эгүүлэн хэнгэргийг гэдрэг хандуулаад миний урьд өдрийн сийлсэн модон хөргийг тэргэнд суулган цэргийн өмнө түлхэн гаргаж их бага жанжингуудыг зүүн баруунд зэрэгцүүлэгтүн! Сыма И үзвээс лав айж явмуй” хэмээсэнд Ян И нэг нэгээр хүлээн авав. Тэр шөнө Кунмин хүнээр түшүүлэн гарч долоон одыг үзсээр холоос нэгэн одыг зааж өгүүлрүүн: “Тэр миний жанжин од болой” хэмээсэнд олон үзвээс түүний өнгө будангуй бөгөөд сажилж унах шахжээ. Кунмин илдээр зааж амандаа тарни уншиж дуусмагц яаран цацарт ортол хүний үйлийг ухахгүй болжээ. Олон бүгдээр сандран бүхийд Лифү бас ирээд Кунмингийн муужраад үг хэлж чадахгүй болсныг үзээд ихэд уйлж өгүүлрүүн: “Би улс гэрийн их үйлийг саатуулав!” хэмээсэнд удсангүй Кунмин дахин амьдраад нүдээ нээж анхааран Лифү ширээний дэргэд зогсож бүхийг үзээд: “Кунмин би чиний дахин эгж ирсэн санааг мэдэв” хэмээсэнд Лифү тал өгч өгүүлрүүн: “Би тэнгэрийн хөвгүүний захиагаар чансангийн зуу насны хойно хэн хүнд их үйлийг тушааваас болмуй хэмээн асуухаар ирсэн бөлгөө. Анхан санд мэнд асуусангүй тийнхүү дахин ирэв”. Кунмин өгүүлрүүн: “Намайг үхсэний хойно их үйлийг тушааваас болох нь Зян Гун Янь135 зохимуй” хэмээмүй. Лифү асууруун: “Гун Яньгийн дараа бас хэнээр залгамжлуулмуй?” Кунмин өгүүлрүүн: “Фэй Вэньвэй136 болмуй”.

135 Зянваньгийн өргөсөн нэр

136 Фэй Игийн өргөсөн нэр

Лифү бас асуусруун: “Вэньвэйгийн хойно хэн зохистой буй?” Кунмин өчсөнгүй. Олон жанжин ойр хүрч үзвээс нэгэнтээ эгэв. Тэр цагт дахин бадруулагчийн арван хоёрдугаар оны найман сарын хорин гурван болой. Тавин дөрвөн настай бөлгөө. Хожим дүфүгийн гуньхран шүлэглэсэн шүлгийн үг:

“Өчигдөр шөнө урт од хүрээний өмнө унасанд

Өнөөдөр ноёнтныг нөгчив хэмээн гасланг мэдүүлэв

Барсын цацраас цааз зарлах дуу сонсогдохгүй болоод

Билэгт гөрөөсний тагтад гагц гавьяа нэрийг илэрхийлэв

Үүдний доорх гурван мянган зочид хоосноор үлдээд

Өвчүүний доторх арван түмэн цэргийг үтээрэв

Тунгалаг өдөр ногоон шугуйн сүүдрийг үзэхүйеэ бахтай боловч

Дууны аялгуу одоо дахин сонсогдохгүй болов”

Бай Лөтяньгийн бас шүлэглэсэн шүлгийн үг:

“Чансан мөрөө нууж уул шугуйд хэвтэхүйеэ

Богд эзэн гурвантаа сурвалжлахад хаанаас тохиолдох буй

Загас Нань Янгийн газар хүрвээс сая ус олоод

Луу огторгуй цаана дэгдвээс даруй рашаан оруулмуй

Өнчнийг гэрээсэлсэнд хичээнгүй ёслолыг дуусгасан бөгөөд

Улсад хариулахдаа бас шударга сэтгэлийг гүйцэтгэжээ

Урьд хожид цэрэг гарсан айлтгалын бичгийг

Уншсан хүний нулимс энгэр дүүрэн урсгамуй”

Анх Шу улсын Чаншүй Сяо Юй түшмэл ляоли өөрийн биеийг эрдэмтэн нэртэй тул Кунмингийн дэд болбоос болмуй хэмээн үргэлж зэрэг тушаал горилон хоосон сулын учир тааламжгүй гасалж зогсохгүйд Кунмин гээж иргэн болгоод Вэнь Шань ууланд цөлж илгээсэн ажгуу. Кунмингийн үгүй болсныг сонсоод нулимс унагааж өгүүлрүүн: “Би эцэстээ солгой энгэртэй хүн болжээ!” хэмээв. Ли Янь сонсоод бас ихэд уйлж өвчин олоод үхэв. Энэ Ли Янь үргэлж Кунмингийн биеийг хураан аваачваас урьдын эндүүрлийг нөхсүгэй хэмээн эрмэлзсэн ажгуу. Кунмин үхсэний хойно өөр хүн түүнийг хэрэглэж чадахгүй хэмээн санасан болой. Хожим Юань Вэйжигийн Кунминийг магтсан шүлгийн үг:

“Самууныг тэгшитгэж түгшүүрт эзнийг тэнхрүүлж

Сайхан хичээнгүйгээр өнчинг тушаасныг хүлээв

Оюун эрдэм Гуаньжүн, Яо Игээс хэтрээд

Уран арга Сүнь Ү, Үзигээс дийлэнгүй

Айхтар хэцүү цэрэг гарах айлтгал

Агуу их найман орны жагсаал

Эрхэм гүн мэт их эрдмийг бүртгэсэн нь

Эрт эдүгээгүй хэмээн гайхаж болмуй”

Түүнээс тэр шөнө тэнгэр зовж газар уяран сарны гэрэл өнгөгүй болоод Кунмин тэнгэрт эгэв. Зянвэй, Ян И, Кунмингийн гэрээс захиагаар аймшиггүй бэлэвсэрсэнгүй. Аргаар хувцаслан модон гэрт агуулаад сэтгэл зүрхний мэт цэрэг гурван зуун хүнээр сахиулж Вэй Яньгаар хойдыг хайгуувчлуултугай хэмээн нууцаар зарлаад олон газрын хүрээний цэргийг нэг нэгээр эгүүлэв.

Тэндээс Сыма И шөнө тэнгэрийн байдлыг үзвээс нэгэн улаавтар өнгөтэй их од гэрэл цацран зүүн хойдоос баруун зовхисын зүг ирээд Шу улсын хүрээнд гурвантаа унаж дахин мандав. Бараг бүрэг дуу гармуй. Сыма И ихэд хиртхийн баярлаж өгүүлрүүн: “Кунмин үнэхээр үхэв!” хэмээгээд даруй их цэргийг дагуулан нэхсүгэй хэмээн хүрээг сая гармагц бас сэжиглэж өгүүлрүүн: “Кунмин, Людин, Люзягийн аргыг сайн чадах тул эдүгээ бидний удтал гарахгүйг мэдээд энэ аргыг үүсгэн хуурмагаар үхэж биднийг удирдан гаргах нь болой. Өнөө хэрвээ нэхвээс лав арганд унамуй” хэмээгээд морийг татаж хүрээндээ эгээд гарч ирэхгүй. Гагц Ся Хоубад сэмээр хэдэн арван морьтон цэрэг өгч Ү Жан Юаньгийн газарт мэдээ авуулахаар илгээв.

Тэндээс Вэй Янь хүрээндээ агаад шөнө толгойд гэнэт хоёр эвэр ургав хэмээн зүүдэлсэнд сэрээд асар сэжиглэн бүхийд жич өдөр явах цэргийн Сыма түшмэл Жаожи ирсэнд Вэй Янь залж оруулаад өгүүлрүүн: “Авгайг хэдийн зурхайт номын ёсонд гүн нэвтэрчээ хэмээн сонссон бөлгөө. Би энэ шөнө толгойд хоёр эвэр ургав хэмээн зүүдлэв. Сайн мууг тайлж өгөхийг хүсмүй”. Жаожи нэлээд удаан бодоод өчрүүн: “Энэ их сайн зүүд болой. Билигт гөрөөс хийгээд луугийн толгойд эвэр ургаваас харин хувилж нисэн дэгдэх тэмдэг бөлгөө” гэж өчсөнд Вэй Янь ихэд баярлаж өгүүлрүүн: “Үнэхээр гүнгийн үгийн ёсоор болбоос хүндэд хариулсугай!” хэмээсэнд Жаожи салж одоод хэдэн газар явсангүй чив хэмээн Шаншу түшмэл Фэй Ид учрав. Фэй И асууруун: “Хаанаас ирэв?”. Жаожи хэлрүүн: “Би мөнөөхөн Вэй Вэньчангийн хүрээнд одсон бөлгөө. Вэньчан толгойд эвэр ургав хэмээн зүүдэлсэнд намайг сайн мууг тайлж өг хэмээмүй. Би бодвоос сайн ёр бус. Гагц чигчээр хэлбэл буруушаагуузай хэмээн билигт гөрөөс жич луунд адилтган тайлж өгөв”. Фэй И асууруун: “Авгай чи яахан сайн ёр бусыг мэдсэн буй?”. Жаожи өгүүлрүүн: “Эвэр хэмээх үсгийн байдал нь “Хутгын” доор “Хэрэглэмүй” хэмээх үсэг болой. Эдүгээ тэргүүнд хутга аваас түүний муу ихэд биш үү!”. Фэй И өгүүлрүүн: “Битгий хүнд сэрэгдүүл!” хэмээн салаад, шууд Вэй Яньгийп хүрээнд ирж зүүн баруун этгээдийн ардыг зайлуулаад өгүүлрүүн: “Өчигдөр шөнийн гуравдугаар жинд чансан үгүй болов. Эцэслэх үес давтан сургасан нь жанжингаар хойдыг хайгуувчлуулж Сыма Иг халхлан алгуурхан эгтүгэй! Бэлэвсрүүлж болохгүй хэмээсэн бөлгөө. Эдүгээ хагас тамгат бичиг энд буй тул даруй мордвоос зохимуй”. Вэй Янь асууруун: “Чансангийн их үйлийг хэн шийтгэмүй?”. Фэй И өгүүлрүүн: “Чансангийн аливаа үйлийг цөм Ян Ид тушаагаад цэрэг хэрэглэх нууц аргыг бүрнээ Зян Бо Юэд сургажээ. Энэ тамга дарсан бичиг болбоос Ян Игийн илгээсэн зарлал болой”. Вэй Янь өгүүлрүүн: “Чансан хэдий үгүй болсон боловч би эдүгээ асаар Ян И хэмээгч нэгэн Чанши түшмэлээс өнгөрөхгүй. Яахан энэ их тушаалыг хүлээж чадмуй? Тэр гагц авсыг харгалзан Сычуаньд орж оршуулбаас барав. Би их цэрэг авч Сыма Иг байлдваас эрхгүй гавьяа бүтмүй. Хэрхэн хэмээн чансангийн нэгэн хүний учирт улс гэрийн их үйлийг гээмүй?”. Фэй И өгүүлрүүн: “Чансангийн гэрээсийн захиа нь түр эгэгтүн хэмээсэн тул зөрчиж эс болмуй”. Вэй Янь хилэгнэж өгүүлрүүн: “Тэр өдөр чансан хэрвээ миний аргыг хэрэглэсэн бөгөөс хэдийн Чан анийг авсан бөлгөө! Эдүгээ би өмнө жанжны тушаалд агаад барууныг дайлах их жанжин бөгөөд Наньжэнь Хоу бөгөөтөл яахан нэгэн Чанши түшмэлд хайгуувчлан өгмүй!”. Фэй И өгүүлрүүн: “Жанжны үг хэдий мөн боловч хөнгөлөн хөдлөөд дайсны хүнд элэглэгдвээс үл болмуй. Би урьд Ян Ид золгохоор одож ашиг зовлонг тайлан хэлээд түүгээр цэргийн эрхийг жанжинд найр тавин өгүүлбээс ямар аж?” хэмээсэнд Вэй Янь үгийг дагав.

Түүнээс Фэй И даруй Вэй Яньгаас салж гараад их хүрээнд ирж Ян Ид золгож Вэй Яньгийн үгийг хэлсэнд Ян И өгүүлрүүн: “Чансан эцэслэх үес надад нууцаар сургасан нь “Вэй Янь эрхгүй өөр санаатай” хэмээсэн бөлгөө. Эдүгээ би цэргийн тамгат бичиг авч илгээсэн нь үнэндээ түүний санааг тэнсүүлсэн болой. Үнэхээр чансангийн үгэнд нийлжээ. Би Зян Бо Юэгээр хойдыг хайгуувчлуулсугай!” хэмээгээд Ян И цэрэг авч хүүрийг хамгаалан урагш мордоход Зянвэйг хайгуувч болгож Кунмингийн гэрээсийн захиагаар алгуур аажим эгэв. Вэй Янь хүрээндээ аж. Фэй Игийн ирэхгүйг үзээд дотроо ихэд сэжиглэж Мадайд хэдэн арван морьтонг өгч мэдээ авахаар илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Хойд цэргийг Зянвэй ерөнхийлөн захирч өмнө цэргийн их хагас нь завын дотор буцан оржээ”. Вэй Янь ихэд уур хүрч өгүүлрүүн: “Өчүүхэн бичээч юун аймшиггүй намайг мэхэлмүй! Би эрхгүй түүнийг алмуй!” хэмээгээд Мадайгийн зүг өгүүлрүүн: “Авгай чи намайг тусалмуй уу?”. Мадай өгүүлрүүн: “Би бас ер Ян Иг занамуй. Өнөө жанжинд тусалж байлдсугай!” гэхэд Вэй Янь ихэд баярлан даруй цэрэг хөдлөн урагш оров.

Тэндээс Ся Хоуба цэрэг авч ү Жан Юаньгийн газарт ирээд үзвээс нэг хүн ч үгүй. Даруй эгээд Сыма Ид хэлрүүн: “Шу улсын цэрэг дуусган эгж оджээ”. Сыма И хөлөө дэвсэж өгүүлрүүн: “Кунмин үнэхээр үхсэн аж! Хурдан нэхсүгэй!” хэмээхэд Ся Хоуба өгүүлрүүн: “Дүдү хөнгөлж нэхвээс болохгүй. Хажуугийн жанжинг гаргаж нэхүүлбээс зохимуй”. Сыма И өгүүлрүүн: “Энэ удаа би биеэр очих хэрэгтэй” хэмээгээд даруй цэрэг авч хоёр хөвгүүнтэй нэгэн хамт Ү Жан Юаньгийн газар хүрч ирээд далбааг сэжлэн хашхирч Шу улсын хүрээнд байлдан орвоос үнэхээр нэг хүн ч үгүй тул хоёр хөвгүүний зүг өгүүлрүүн: “Та хоёр хойно цэргийг хөөн завдаж ир! Би урьд нэхсүгэй!” хэмээв. Түүнээс Сыма Ши, Сыма Жао хойд цэргийг шахамдуулмуй. Сыма И урагш нэхсээр нэгэн уулын доор хүрээд үзвээс Шу улсын цэрэг холгүй тул шаламгайлан нэхэж гүйцэхэд гэнэт уулын хойдоос буун дуу гарч хашхирах дуу ихэд үүсэв. Үзвээс Шу улсын цэргийн туг хиурыг цөмийг хойш хандуулж шугуйн дотор их далбаа дэрвэлзэн дээр нэг мөр их үстээр “Хань улсын тэргүүн сайд Жугө Лян” хэмээн бичжээ. Сыма И ихэд цочин өнгө хувилж магадлан үзвээс хэдэн арван жанжин дөрвөн хүрдэт тэргийг түлхэн гарч ирэв. Кунмин хивт малгай, өдөн дэвүүр барьж тогоруун нөмрөг нөмөрч бараан бүс бүслээд дээр нь төв суужээ. Сыма И цочиж өгүүлрүүн: “Кунмин бас асаар аж! Би хөнгөлөн гүн орж ирээд түүний арганд унав!” хэмээгээд яаран морио эгүүлж буруулахад Зянвэй хойноос бархиран өгүүлрүүн: “Хулгайн жанжин битгий буруулагтун! Чи манай чансангийн арганд унав!” хэмээсэнд Вэй улсын цэргийн сүнс сарниад хуяг дуулгыг тайлж илд жадыг гээгээд буруулан явахад харилцан гишгэлцэж үхсэн нь тоолбоос барахгүй. Сыма И буруулан тавин газар илүү явахад арын хойноос хоёр жанжин нэхэж ирээд жолоог барьж дуудан өгүүлрүүн: “Дүдү үл цочигтун!” хэмээхүйеэ Сыма И гараар толгойгоо тэмтэрч: “Миний толгой баймуй уу?”.

Хоёр жанжин өгүүлрүүн: “Дүдү битгий айгтун! Шу улсын цэрэг хол оджээ”. Сыма И удтал уухилж амьсгал тохорсны хойно үзвээс Сяо Хоуба, Сяо Хоухуй мөн тул хоёр жанжин лугаа уул хүрээндээ эгээд олон жанжингаар цэрэг дагуулан дөрвөн зүгт чимээ авуулав.

Түүнээс хоёр өдөр өнгөрсний хойно айл гацааны иргэн хэлрүүн: “Шу улсын цэрэг зав дотор орох цагт уйлах дуунд газар түрхрэн цөм цагаан туг өргөж буй. Кунмин үнэхээр үхжээ. Гагц Зянвэй нэг мянган цэрэг авч хойдыг хайгуувчилсан бөлгөө. Урьд өдөр тэргэнд байсан Кунмин болбоос модоор сийлсэн нь болой” гэж хэлсэнд Сыма И шүүрс алдаж өгүүлрүүн: “Түүний амьдыг бодсон боловч түүний үхсэнийг бодсонгүй!” хэмээжээ. Тийнхүү Шу улсын хүн үргэлж хэлэх нь:

“Үхсэн Жугө Лян амьд Жундаг дутаалгаж чаджээ” хэмээлдмүй. Хожмын хүний шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Урт од шөнө дөл тэнгэрээс унасан атал

Ухамгай Жугөг үхээгүй хэмээн сэжиглэж буруулав

Боомтын гаднах хүн өдий болтол жихүүнээр инээж

Бондгор толгой минь буй уу хэмээн асуув” хэмээлцмүй.

Сыма И, Кунмингийн магад үхсэнийг мэдээд дахин цэрэг авч нэхсээр Чи Аньпо газарт хүрээд Шу улсын цэрэг хол одсон тул даруй эгж олон жанжин нарын зүг өгүүлрүүн:

“Кунмин үхсэн бөгөөс бид цөм өндөр дэрлэж унтавч зовохгүй болов” хэмээгээд даруй цэрэг хурааж эгэхэд зам гудаст Кунмингийн байгуулсан хүрээг үзвээс өмнө, хойно, зүүн, баруун этгээд цөм тэгш хэмжээтэй тул Сыма И шүүрс алдаж өгүүлрүүн: “Энэ дэлхий дахины гайхамшигт эрдэмтэн болой” хэмээв. Түүнээс Чан Аньд эгээд олон жанжин нарыг гаргаж газар газрын хавцал амыг сахиулаад өөрийн бие Луо Янд хаанд золгохоор одов.

Түүнээс Ян И, Зянвэй нар жагсаал жагсааж алгуур аажмаар өртөө замын аманд хүрсний хойно сая хувцас халан залам өлгөж бэлэвсэрсэнд Шу улсын цэрэг толгой мөргөж хөл дэвхцэж уйлаад үхсэн ч амуй. Шу улсын өмнө цэрэг өртөө замын аманд хүрэхүйеэ гэнэт уртад галын гэрэл тэнгэр тулмаар мандаад хашхирах дуу гарч нэгэн багийн цэрэг зам тосов. Олон жанжин нар ихэд гэлмэж яаран Ян Ид хэлэхээр одов. Энэ чухамхүү:

“Вэй улсын хүрээний олон жанжин нэгэнтээ очсоныг үзээд

Шу улсын газраас ямар цэрэг ирснийг эс мэдэв”

Эгнэгт ирсэн нь аль газрын цэрэг морийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top