Гурван улсын үлгэр | 105 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 28

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  105 ДУГААР БҮЛЭГ

 

ҮХОУ УРЬДААС ШУУДАЙН АРГЫГ ҮЛДЭЭСЭН

ВЭЙ УЛСЫН ЭЗЭН ШҮҮДЭР ТОСОХ ТАВГИЙГ ЭВДЭЛСЭН

 

Өгүүлэх нь: Ян И өмнө замыг тосов хэмээн сонсоод яаран хүн гаргаж үзүүлбээс хойш ирж хэлрүүн: Вэй Янь амуу зөөх өртөөний замыг халдаад зам тосов хэмээжээ. Ян И ихэд цочиж өгүүлрүүн: “Чансан бүхий цагт энэ хүн хойш өдөр эрхгүй урвамуй хэмээсэн бөлгөө. Хэн санав энэ өдөр үнэхээр ийм болжээ! Эдүгээ миний эгэх замыг тасалбаас одоо яаваас сайн?”. Фэй И өгүүлрүүн: “Энэ хүн эрхгүй биднийг урвав хэмээн урьд тэнгэрийн хөвгүүнд гүтгэн айлтгаж тийнхүү өртөөний замыг гал тавиад эгэх замыг тасалсан болой. Бид бас тэнгэрийн хөвгүүнд Вэй Яньгийн урвасан учрыг гарган айлтгаж жич хичээвээс зохимуй”. Зянвэй өгүүлрүүн: “Энэ хооронд нэгэн бага зам буй. Нэр нь Чашань. Хэдий бэрх цухал боловч өртөө замын ард хүрч болмуй. Нэгэнтээгүүр илтгэл бичиж тэнгэрийн хөвгүүнд айлтгахаар илгээгээд нэгэнтээгүүр цэргийг Ци Шань уулын бага замаар мордуулсугай!” хэмээжээ. Тэндээс Хоужу эзэн Чөндүд агаад уух, идэх, зогсох, хөдлөх цөм амаргүй асаар хойд талын Пин Шань уул нурж унав хэмээн зүүдлэхэд айн цочиж сэрээд суусаар гэгээрүүлээд олон түшмэлийг цуглуулан зүүдийг тайлуулахад Цяожоу өгүүлрүүн: “Сайд би өчигдөр шөнө тэнгэрийн байдлыг үзвээс нэгэн улаавтар өнгөт од зүүн хойдоос баруун өмнө зовхист унав. Бодвоос чансангийн бие асар муу. Эдүгээ хааны уул нурав хэмээн зүүдэлсэн нь чухам тэр тэмдэгт тохиолджээ”. Хоужу улам цочин айж бүхийд гэнэт Лифү ирэв хэмээн хэлэв. Хоужу яаран оруулж асууваас Лифү уйлан мөргөж чансан нэгэнтээ өнгөрөв хэмээн эцэслэх үес хэлсэн үгийг нэгэн зэрэг нарийвчлан айлтгасанд Хоужу сонсоод: “Тэнгэр намайг мөхөөх ажгуу!” хэмээн их л уйлан луун ширээн дээр унав. Ойрх түшмэл тэтгэж дотоод ордонд оруулжээ. Ү Тайхоу сонсоод мөн ихэд уйлж зогсохгүй. Олон түшмэл цөм уярсан бөгөөд зуун овогт иргэд ч мөн нулимс унагаав. Хоужу өдөр бүр уйлж харшид гарахгүй бүхийд гэнэт мэдүүлрүүн: “Вэй Янь, Ян Иг урвав хэмээн илтгэл айлтгав” хэмээмүй. Олон түшмэл их л айж даруй ордонд орж Хоужуд айлтгасанд тэр цагт Ү Тайхоу бас ч ордонд асан ажгуу. Хоужу сонсоод их л гэлмэж ойр түшмэлээр даруй Вэй Яньгийн илтгэл бичгийг дуудуулбаас бичгийн үг нь: “Барууныг дайлах их жанжин Нань Жэнхоу сайд Вэй Янь айн эмээн мөргөж дээш айлтгахын учир: Эдүгээ Ян И дураар цэргийн эрхийг бариад олныг дагуулан урваж чансангийн хүүрийг булаагаад дайсны захын дотор удирдан оруулсугай хэмээмүй. Тийнхүү сайд би урьд өртөө замыг гал тавиад цэргээр халхлан сахиж амуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав” хэмээжээ.

Түүнээс дуудаж дууссаны хойно Хоужу өгүүлрүүн: “Вэй Янь болбоос баатар жанжин тул дураар Ян Ид тулж чадмуй. Юунд өртөө замд гал тавих учир байх аж?”. Ү Тайхоу өгүүлрүүн: “Би үргэлж урьд хааны үгийг сонсвоос Кунмин Вэй Яньгийн арыг үзээд толгойны хойдод урвах яс буй хэмээн удаа бүр “Алсугай!” хэмээснийг гагц түүний баатар чадлыг хайрлаж түр үлдээн хэрэглэсэн бөлгөө. Эдүгээ тэр Ян Иг урвав хэмээн айлтгасныг нь хөнгөлөн итгэж эс болмуй. Ян И нь нэгэн бичгийн хүн тул чансан түүнд Чаншигийн тушаалыг өгсөн нь лав энэ хүнийг хэрэглэж болохын учир болой. Энэ өдөр хэрвээ нэгэн этгээдийн үгийг сонсвоос Ян И нар эрхгүй Вэй улсыг дагахаар одмуй. Энэ үйлийг гүн бодвоос зохимуй. Хааш яйш шийтгэж болохгүй” хэмээн олон түшмэл лүгээ зөвдөлцөн бүхийд гэнэт Чанши түшмэл Ян Игийн яаруу илтгэл бичиг хүрч ирэв хэмээмүй. Ойрх түшмэл бичгийг нээж дуудваас бичгийн үг нь:

“Чанши түшмэл бөгөөд цэргийг амаржуулах жанжин сайд Ян И айн эмээж мөргөөд хичээнгүйлэн илтгэл бичиг айлтгах нь: Чансан эцэслэх үес их үйлийг цөм сайд иадад тушаасан тулд хуучин хуулийг дагаж журамлан шийтгээд баахан ч зөрчсөнгүй. Вэй Яньгаар хойныг хайгуувчлуулан Зянвэйг дараад болгосон билээ. Өнөө Вэй Янь чансангийн гэрээсийн цаазыг дагахгүй дураар харааж цэргээ аваад урьд Ханьжунд орж өртөө замд гал тавин таслаад чансангийн шарилыг булаасугай хэмээн ёс бус хэргийг бодолхийлжээ. Үйл хувьссан нь түргэн тул нисэх мэт илтгэл бичиг өргөж сонсгов” хэмээжээ.

Түүнээс Тайхоу сонсож дуусаад асууруун: “Танай олны санаа ямар буй?”. Зянвань айлтган өгүүлрүүн: “Сайд миний мунхаг үзлээр Ян Игийн хүний зан чанар хэдий түргэн бөгөөд багтаамжгүй боловч амуу өвсийг сүвэгчлэн цэргийн үйлийг чансан лугаа зөвдөн шийтгэж өдөр уджээ. Эдүгээ чансан эцэслэхдээ их үйлийг тушаасан тул хэрхэвч тэсэргүүлэх хүн бус болой. Вэй Янь ер гавьяа ихдээ эрэмшихэд хүнийг цөм доромжилмуй. Бас Ян И нүүрчлэхгүй тул Вэй Янь заналыг өвөрлөжээ. Эдүгээ Ян И бүгд цэргийг захирсан тул дотроо бишрэхгүй. Тийнхүү өртөө замд гал тавьж түүний эгэх замыг тосоод бас гүтгэн айлтгаж хорлосугай хэмээсэн бөлгөө. Сайд би миний гэрийн бүхнийг гаргаж Ян Иг урвахгүйг баталмуй. Гагц Вэй Янийг айж батлахгүй”. Дун Юнь бас айлтган өгүүлрүүн: “Вэй Янь өөрөө гавьяа ихдээ эрэмшиж үргэлж дотроо тааламжгүй хорсолт үг гаргадаг. Эрт өдөр урвасангүй нь чансангаас айсан болой. Эдүгээ чансан үхсэн тул мөн тухай самуурах нь лав болой. Ян И чадал эрдэм хурц мэргэн бөгөөд чансан тушааж хэрэглэсэн тул хэрхэвч урвахгүй бөлгөө”. Хоужу өгүүлрүүн: “Хэрэв Вэй Янь үнэхээр урвасан болбол одоо ямар аргаар халхалмуй?”. Зянвань өгүүлрүүн: “Чансан язгуураас энэ хүнийг сэжиглэх тул эрхгүй Ян Ид нууц арга үлдээн өгсөн буй за! Хэрэв Ян Ид баримтгүй болбоос яахан завын аманд эгж чадах буй? Вэй Янь эрхгүй арганд унасан бөлгөө. Хаан сэтгэлийг сул тавь!” хэмээн хэлэлцэхэд Вэй Янь бас Ян Иг урвав хэмээн айлтгасан бичиг хүрч ирээд Хоужу хараахан бичгийг үзэхэд Ян И бас Вэй Янийг урвасан учрыг айлтгах бичиг хүргэж ирэв. Хоёул залгалдаагаар бичиг айлтгаж өөр өөрийн зөв бурууг хэлмүй. Гэнэт Фэй И хүрч ирлээ хэмээн мэдүүлсэнд Хоужу даруй дуудан оруулбаас Фэй И, Вэй Яньгийн урвасан үйлийг нарийвчлап хэлсэн хойно Хоужу өгүүлрүүн: “Хэрвээ энэ мэт болбоос Дун Юньд хэмжээт цацаг бариулан сайн үгээр төвшитгөхөөр зарсугай!” хэмээсэнд Дун Юнь зарлигийг хүлээн одов.

Тэндээс Вэй Янь өртөө замыг гал тавьж таслаад өмнө завд цэрэг бууж хавцал амыг сахин суугаад аргыг олов хэмээн суун бүхийд санамсаргүй Ян И, Зянвэй шөнө дөл цэрэг авч өмнөд завын хойнод хүрэв. Ян И бас Ханьжунг автуузай хэмээн гавшгай Хөпинд гурван мянган цэрэг өгч урьд явуулаад Ян И, Зянвэй лүгээ цэрэг авч Кунмингийн хүүрийг аван Ханьжунгийн зүг ирэв.

Тэндээс Хөпин цэрэг авч өмнөд завын хойдоор одож хэнгэрэг дэлдэн хашхирснаар хүн ирж Вэй Яньд хэлрүүн: “Ян И гавшгай Хөпинг Ци Шань уулын бага замаар байлдуулахаар илгээжээ” хэмээсэнд Вэй Янь их л хилэгнэж яаран хуяглаад морь унаж цэрэг аван угтахаар ирээд хоёр цэрэг эсэргүүлэн жагссаны хойно Хөпин жагсаалын өмнө гарч харааж өгүүлрүүн: “Урвасан хулгай Вэй Янь хаана буй?”. Вэй Янь бас харааж өгүүлрүүн: “Чи Ян Ид тусалж урваад юун аймшиггүй намайг урвасан хэмээмүй!”. Хөпин зандарч өгүүлрүүн: “Чансан шинэхэн өөд болоод яс харин ч жихүүн болоогүй атал чи ямар аймшиггүй урвамуй!” хэмээгээд ташуурыг өргөж Сычуаньгийн цэргийн зүг зааж өгүүлрүүн: “Танай цэргийн хүн цөм Сычуаньгийн хүн бөгөөд эцэг эх, ах дүү, эм хөвгүүн ураг садан цөм Сычуаньд буй. Чансангийн бие байх цагт та нарыг нимгэн авч явсангүй тул эдүгээ та нар урвасан хулгайд битгий туслагтун! Өөр өөрийн гэрт эгж шагнал хүртээхийг хүлээвээс зохимуй” хэмээхэд олон цэрэг сонсоод нэгэнтээ хашхирмагц их хагас нь сарниж одов. Вэй Янь их л хилэгнэж илдээ даллан морио давиран Хөпинг алахаар ирсэнд Хөпин жад барьж эсрэг угтан байлдаад хэдэн удаа болсонгүй хуурч буруулав. Вэй Янь нэхэж ирэхэд олон цэрэг хамтаар харвах тул Вэй Янь морио буцаан яваад үзвээс олон цэргийн ард улам улам сарниж явмуй. Вэй Янь хилэнг тэдгээрт нүүлгэн морь довтолгон хүрч хэдэн арван хүнийг алсан боловч зогсоож чадсангүй. Гагц Мадайгийн дагуулсан гурван зуун цэрэг хөдөлсөнгүй тул Вэй Янь Мадайгийн зүг өгүүлрүүн: Авгай чи харин үнэн сэтгэлээр намайг тусалмуй. Хэрэг бүтсэний хойно хэрхэвч чамайг үтээрэхгүй хэмээгээд Мадай лугаа Хөпинг нэхэж очсонд Хөпин нисэх мэт цэрэг авч одов. Вэй Янь үлдсэн цэргийг цуглуулж Мадайгийн зүт зөвдөж өгүүлрүүн: “Бид Вэй улсад дагахаар одвоос ямар буй?”. Мадай өгүүлрүүн:

“Жанжны энэ үг их л мэргэнгүй болой. Ихэс эр хэмээгээд яахан өөрөө үйлсийг хичээхгүй юунд хүний доор биеэ хөнгөлөн өвдөг нугалах аж. Би жанжинг үзвээс мэргэн баатар хос бүрджээ. Хоёр Чуаньгийн хүн хэн аймшиггүй эсэргүүцэлмүй. Би амалдаж жанжин лугаа хамт урьд Ханьжунг аваад хойно хоёр Чуаньгийн газрыг байлдсугай!” хэмээв.

Түүнээс Вэй Янь их л баярлан даруй Мадай лугаа цэрэг авч Наньжэнийг авахаар одов. Зянвэй Наньжэнь хэрмийн дээрээс Вэй Янь, Мадай лугаа сүр үзүүлэн шаламгайлан ирэхийг үзээд даруй гүүрийг өргөж авав. Вэй Янь, Мадай хоёул их дуугаар бархирч өгүүлрүүн: “Хурдан дага!” хэмээмүй. Зянвэй яаран Ян Иг залж авчраад зөвлөн өгүүлрүүн: “Вэй Янь баатар дээр бас Мадай тусалсан тул түүний цэрэг хэдий цөөхөн боловч эгүүлэхэд бэрх” гэхэд Ян И өгүүлрүүн: “Чансан эцэслэхдээ нэгэн шуудай үлдээгээд сургаж өгүүлсэн нь “Хэрвээ Вэй Янь урваад хот балгасыг байлдах цагт сая нээж үзэгтүн! Даруй Вэй Янийг алах арга буй” хэмээсэн бөлгөө. Өнөө гарган үзвээс зохимуй” хэмээгээд шуудайг нээж үзвээс дээр нь “Вэй Янь лугаа байлдах үес морин дээр сая нээж үз!” хэмээн бичжээ. Зянвэй баярлаж өгүүлрүүн: “Нэгэнтээ чансангаас тогтоосон болзоо аваас Чанши хураан авагтун! Би цэрэг авч хотоос гараад жагсаал жагсаасан хойно авгай чи ир!” хэмээгээд Зянвэй даруй хуяглан морь унаж жад бариад гурван мянган цэрэг авч хотын хаалгыг нээж нэгэн хамтаар хэнгэрэг дэлдэн жагсаал жагсаасны хойно Зянвэй тугийн доор зогсож өндөр дуугаар харааж өгүүлрүүн: “Урвасан хулгай Вэй Янь! Чансан чамайг хорсгосон газар үгүй атал өнөө юунд урвасан буй?”. Вэй Янь илдийг хөндлөн бариад морио татаж өгүүлрүүн:

“Зян Бо Юэ чамд хамаагүй. Гагц Ян Иг гаргагтун!” гэхэд Ян И хаалганы тугын дэргэд шуудайг нээж үзвээс ийм тийм хэмээжээ. Ян И их л баярлаад гавшгайлан гарч жагсаалын өмнө зогсоод хуруугаар Вэй Янийг зааж инээн өгүүлрүүн: “Чансан байх цагт хожим чиний урвахыг мэдээд намайг сайхан сэргийл хэмээсэн бөлгөө. Эдүгээ үнэхээр тэр үгэнд нийлжээ. Чи морин дээр залгалдаагаар гурвантаа “Хэн аймшиггүйгээр намайг алмуй” хэмээн дуудваас үнэхээр ихэс эр болой. Би даруй Ханьжунгийн хот балгасыг чамд өргөсүгэй!”. Вэй Янь инээж өгүүлрүүн: “Ян И гань эр сонсож байгтун! Хэрвээ Кунмин байваас би басхүү гурван хувь эмээмүй. Тэр эдүгээ нэгэнтээ үхсэн тул дэлхий дахины хүн хэн аймшиггүй над лугаа эсэргүүцэлмүй? Залгалдаагаар гурван удаа дуудах ч байтугай гурван түмэн удаа дуудавч юун бэрх аж!” хэмээгээд илдээ барин морины жолоог татаж их дуугаар: “Хэн аюулгүй намайг алмуй?” хэмээн нэгэн үг дуусахын урьд арын хойноос нэгэн хүн өчиж өгүүлрүүн: “Би аймшиггүй чамайг алсугай!” хэмээгээд илд өргөмөгц мориноос цавчин унагав. Олон цөм гайхаж үзвээс Вэй Янийг алсан нь Мадай ажгуу. Үзвээс Кунмин эцэслэх үес Мадайд нууц арга сургаж Вэй Янийг бархирах цагт түүнийг санаандгүйгээр алсугай хэмээсэн бөлгөө. Тэр өдөр Ян И шуудайг үзэж дуусмагц арга бодлогыг мэдээд Мадай тэнд байсан тул тийнхүү аргыг дагаж явсанд үнэхээр Вэй Янийг алжээ. Хожмын хүний шүлгийн үг:

“Жугө, Вэй Янг урьдаас төсөөлж таниад

Зүс буруулан урваж Сычуаньд дайсагнахыг мэджээ

Гайхалтай аргыг хэмэрлэг хавтаганд үлдээснийг хүн ухахуйяа бэрх

Гавьяа бүтэх нь харин ч унасан морины өмнө ажээ”

Тэндээс Дун Юнь, Наньжэньд хүрч ирээгүй бүхийд Мадай нэгэнтээ Вэй Янийг алаад Зянвэй лүгээ цэргийг нийлүүлэв. Ян И илтгэл бичиг бичиж шөнө дөл Хоужуд айлтгасны хойно Хоужу зарлиг буулган: “Нэгэнтээ түүний ялыг илэрхийлэн залруулсан болбол урьдын гавьяаг санаж авс өгч оршуул!” хэмээв. Ян И нар Кунмингийн хүүрийг хамгаалан Чөндүд хүрч ирмэгц Хоужу бичиг цэргийн түшмэлийг авч цөм цагаан хувцас өмсөн хотоос хорин газрын эцэст угтаад Хоужу дуу тавьж их л уйлахад дээш гүн чин Дайфу, доош уул шугуйн зуун овогт хүртэл эр эм, хөгшин залуу эс уйлсан нь үгүй. Уйлах дуунд газар түрхэрч дөрвөн зүгт сонсогджээ. Хоужу хүүрийг түшиж хотонд оруулан чансангийн ордон дотор тавьсны хойно түүний хөвгүүн Жугө Зань бэлэвсрэн сахив.

Тэндээс Хоужу төрд эгсэнд Ян И өөрийн биеийг хүлээд ял хүлээн золгохоор ирэхэд Хоужу ойрх түшмэлээр хүлсэн дээсийг тайлуулаад өгүүлрүүн: “Чи чансангийн гэрээс сургаалыг журамлан явж чадсангүй болбоос хүүр аль өдөр сая эгж чадах аж. Бас Вэй Янийг хэрхэж сөнөөмүй? Их үйлийг бүртгэн хамгаалсан нь цөм чиний хүч болой” хэмээгээд Ян Ид цэргийн багш нэмж болгов. Мадайд сөргүүг арилгасан гавьяа буй тул даруй Вэй Яньгийн хэргэм тушаалыг олгов. Ян И, Кунмингийн үлдээсэн илтгэлийг өргөсний хойно Хоужу үзээд их л уйлж зарлиг буулган газар сонгож оршуулсугай хэмээхэд Фэй И орж айлтгаруун: “Чансан өөд болохдоо захисан нь Динзюнь Шань ууланд тавь! Хот хүрээ чулуу тоосго битгий цогцлуул! Бас тахилгын зэрэг юмыг хэрэгсэх хэрэггүй хэмээв” хэмээсэнд Хоужу үгийг дагаж тэр жилийн арван сарын сайн өдрийг сонгож Хоужу биеэр Динзюнь Шань ууланд хүргэж оршуулаад Хоужу зарлиг буулган тахиулж “Чин шударга Үхоу” хэмээх цол нэхэж өгөөд мянь Янд сүм байгуулж дөрвөн цагт тахиулав. Хожим Дүфүгийн шүлэглэсэн шүлгийн үг:

“Чансагийн тахилгын сүм хаана буй хэмээвээс

Зиньгуань хотын гадна майлсан шугуй сүндэрлэж амуй

Яндарт туссан хөх өвс аяндаа хаврын өнгө гараад

Навчийн алс алтан гургалдай талаар сайхан аялгуулмуй

Гурвантаа сурвалжилж дэлхий дахины үйлийг дахин давтан гуйсанд

Хоёр төрийг нээн тусалж хөгшин сайдын сэтгэлийг гүйцэтгэв

Цэрэг гараад дийлээгүйгээр бие урьд үхсэн нь

Чийрэг баатрын нулимсыг үүрд гоожуулмуй”

Бас Дүфүгийн шүлгийн үг:

“Эрхт Жугөгийн их нэр дэлхий дахинд хоцроод

Өвгөд сайдын үлдээсэн хөрөнгө төв ариун амарлингуй

Гурван хувиар хуваан эзлэх арга бодлогыг захиран

Түмэн үеийн үүл огторгуй дахь нэгэн өд амуй

Тавин насны үед И Ень, Люйвангийн эрдмийг илрүүлээд

Ташаагүй заан удирдах Сяохө, Цаозаньгаас хэтэрмүй

Хааны төр улиран шилжихийг эгүүлэхүйеэ бэрх тул

Халуун зарлигаар бие эцэслэтэл цэргийн хэрэгт зүтгэв”

Тэндээс Хоужу Чөндүд эгсний хойно гэнэт ойрх түшмэл айлтгаруун: “Хязгаарын яамнаас мэдүүлсний дотор Зүүн Ү улс Цуаньзунг гаргаж хэдэн түмэн цэрэг авч Бацюйгийн газарт суулгажээ хэмээмүй. Ямар санааг мэдэхгүй”. Хоужу гэлмэж өгүүлрүүн: “Чансан шинэ үхсэнд Зүүн Ү улс болзоог үтээрэн хязгаарыг халдахаар ирснийг хэрхвээс сайн?”. Зянвань өгүүлрүүн: “Сайд би Ванпин, Жан Иг баталж хэдэн түмэн цэрэг авч Юн Аньд буудаллуулан сэргийлүүлсэн хойно хаан жич нэг хүнийг зараад Зүүн Ү улсад бэлэвсрэлийг хэлүүлж түүний байдлыг үзүүлсэгүй!” хэмээсэнд Хоужу өгүүлрүүн: “Нэгэн үгэнд сайн хүнийг олж элч болгон зарваас зохимуй” хэмээсэнд нэгэн хүн гарч өчрүүн: “Бага түшмэл очихыг хүсмүй”. Олон хүн үзвээс Нань Янгийн аньжун газрын хүн. Овог Зун нэр Юй, өргөсөн нэр Дө Янь, Цаньзюнь бөгөөд баруун этгээдийн Жунлан жанжин болой. Хоужу их л баярлан даруй Зун Юйг элч болгон Ү улсад илгээв.

Түүнээс Зун Юй шууд Зиньлинд одож Ү улсын эзэн Сүньцуаньд бараалхаад ёсолж дууссаны хойно үзвээс зүүн баруун этгээдийн түшмэл цөм шулуун хувцас өмсжээ. Сүньцуань царай хувилж өгүүлрүүн: “Бид Ү, Шу нэгэнтээ нэгэн гэр болсон атал танай эзэн юунд Байди хотыг сахих цэрэг нэмэв?”. Зун Юй өгүүлрүүн: “Зүүн Бацюйгийн газар эмээлтэй болсон тул баруун Байди хотод сахих цэрэг нэмсэн. Цөм цагийн байдлаар ийм болсныг харилцан асуух хэрэггүй бөлгөө”. Сүньцуань их л баярлаж өгүүлрүүн: “Сайд чи, Дөнжыгөөс дооргүй болой” хэмээгээд Зун Юйгийн зүг өгүүлрүүн: “Би Жугө чансанг үгүй болсныг сонсоод өдөр бүр уйлж олон түшмэлд цөм цагаан хувцас өмсгөв. Бас энэ зовлонгийн тухай Вэй улсын цэрэг танай улсыг авуузай хэмээн тийнхүү Бацюйд нэг түмэн цэрэг нэмж сахиулаад тусалсугай хэмээснээс өөр санаагүй” хэмээсэнд Зун Юй тал өгч мөргөв. Сүньцуань хэлрүүн: “Би нэгэнтээ чуулган нийлээд бас тэсэргүүлэх ёс буюу?”. Зун Юй өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн чансан шинэхэн үгүй болсон учир тусгайлан сайд намайг зарж бэлэвсрэлийг хэлэхээр илгээсэн бөлгөө”. Сүньцуань даруй нэгэн алтан зэвийг авчран хугалаад ам алдаж өгүүлрүүн: “Би хэрвээ урьдын болзсоныг тэсэргүүлбээс хөвгүүн ач нар сөнөж тасартугай!” хэмээгээд элч зарж хүж торго тахилгын юм бариулаад Шу улсад хүргэхээр илгээв.

Түүнээс Зун Юй зүүн Ү улсын эзнээс ёслон салаад элч лүгээ Чөндүд эгж Хоужуд золгож айлтган өгүүлрүүн: “Ү улсын эзэн чансангийн үгүй болсныг сонсоод сэтгэл энэрэн уйлж олон түшмэлд цөм цагаан хувцас өмсгүүлжээ. Бацюйд цэрэг нэмсэн нь Вэй улс энэ тухай цэрэг оруузай хэмээн сэргийлснээс өөр санаагүй. Эдүгээ зэв хугалан ам алдаад болзсоныг тэсэргүүлэхгүй хэмээв”. Хоужу их л баярлаж Зун Юйд хүндэд шагнаад Ү улсын элчийг зузаан хүндэлж хойш илгээв. Кунмингийн гэрээсэлсэн үгийг дагаж Зянванийг чансан бөгөөд их жанжин болгоод Шаншугийн үйлийг захируулж, Фэй Иг Шаншу лин болгоод хамт чансангийн үйлийг шийтгүүлэн Ү Иг тэрэг хөлөглөгч жанжин болгоод хэмжээт цомцог өгч Ханьжунгийн газрыг захируулж Зянвэйг Ханьгийн туслагч жанжин Пин Сянхоу болгоод олон замын цэргийг ерөнхийлүүлэн Ү И лүтээ хамт Ханьжунд суулгаж Вэй улсын цэргийг сэргийлүүлэв. Үлдсэн олон жанжин нарыг хуучин тушаалд байлгав.

Түүнээс Ян И өөрийн бие Зянваньгаас урьд албанд жил удсан бөгөөд тушаал Зянваньгаас доорд, гавьяа их атал дэвшүүлсэнгүй хэмээн гасалж Фэй Ид өгүүлрүүн: “Эрт өдөр чансангийн үгүй болсон цагт би их цэргийг бүрнээ аваад Вэй улсад дагахаар одсон болбоос энэ мэт шимгүй амьдрахгүй билээ!” хэмээсэнд Фэй И энэ үгийг Хоужуд нууцаар айлтгасанд Хоужу их л хилэгнэн Ян Иг гянданд оруулж ял асуугаад “Алсугай!” хэмээхэд Зянвань өгүүлрүүн: “Ян И хэдийгээр ял олсон боловч гагц эрт өдөр чансанг дагаж их л гавьяа байгуулсан тул алж болохгүй. Иргэн болговоос зохимуй”. Хоужу үг дагаж даруй Яи Иг бууруулан Ханьжунгийн Зязюнь хотын иргэн болгож суулгахаар илгээхэд Ян И ичгүүрч өөрийн хоолойгоо огтолж үхэв.

Түүнээс Шу улсын дахин бадруулагчийн арван гуравдугаар он, Вэй улсын эзэн Цаорүйгийн Хөх луугийн гуравдугаар он, Ү улсын эзэн Сүньцуаньгийн Зяхөгийн дөрөвдүгээр онд гурван улс тус бүр цэрэг хөдөлгөхгүй болов. Гагц Вэй улсын эзэн Сыма Иг Тай Юй болгож цэрэг морийг ерөнхийлөн захируулж олон хязгаар захыг сахиулсанд Сыма И хишигт мөргөн салж Луо Янд эгэв. Вэй улсын эзэн Сюйчанд сууж мод шорооны үйлийг ихэд эхлүүлэн ордон харш бариулж бас Луо Янд Чао Яндянь, Тайзидянь, Зунжангуань харш барив. Цөмөөр арван хос алд өндөр буй. Бас Чунхуадянь харш, Цинсяогө асар, Фэнхуанлоу давхарлиг гэр, Зю Лунчи нуур байгуулж Боши түшмэл Мазюнийг захиран үйлдэгч болгов. Байгуулсан нь маш сайхан, нурууг сийлж баганыг зураад ногоон ваар, алтан тоосгоор цогцолж наранд гэрэл цацармуй. Дэлхий дахины сайн урчуудыг гурван түм илүү нэр сонгож ардаас гуч илүү түмэн хүн цуглуулан өдөр шөнө ялгалгүй үйлдсэнд ардын хүч мохоод гаслах дуу тасрахгүй болов.

Тэндээс Цаорүй бас зарлиг буулгаж Фанлин Юань хүрээлэнд шороо модны үйлийг эхлүүлж түшмэлээр шороо зөөлгөж мод суулгасан тул Сытү түшмэл Дунсюнь илтгэл айлтгаж хориглов. Тэр бичгийн үг нь: “Мэхийн хянаваас амгалан байгуулагчийн үеэс нааш хээр байлдаж үхсэн нь зарим гэрийн хотлоор бүрнээ үхээд хэдий үлдсэн буй боловч цөм гань ганцаар бус боловч хөгшин буурай болой. Эдүгээ хэрвээ ордон харш цухал бага хэмээн наадам их болгосугай хэмээвээс цагт нийлүүлэн тариа үйлдэхэд саатал болгохгүй болбоос зохимуй. Нэнд тусгүй юмыг юун өгүүлэх аж? Хаан олон түшмэлийг эрхэмлэх нь унжлагат малгайгаар илэрхийлүүлэн хатгамалт магнаг өмсгөн алаг тэргэнд суулгаж өчүүхэн хүнээс өөр болгосон болой. Эдүгээ мод өрүүлэн шорөө дамнуулж бие булингар, хөл бузар болоод улс гэрийн өнгийг хиртээн тусгүй юмыг үйлдэх нь маш зүй бус болой. Күнзийн өгүүлсэн нь: “Хаан сайдыг ёслолоор зармуй. Сайд хааныг шударгаар үйлдмүй” хэмээжээ. Ёслолгүй, шударга бус болбоос улс яахан тогтномуй? Сайд би үг гарваас эрхгүй үхэхийг мэдмүй. Гэвч биеийг үхрийн нэгээхэн үс мэт адилтгав. Амьдрахад тусгүй болбоос үхэвч юун хорогдол амуй? Бийр атгамагц нулимс урсаж, санааг хэдийн орчлонгоос хагацуулав. Сайд надад найман хөвгүүн буй. Би үхсэний хожим бас хааныг зовоох буй за. Тэсгэлгүй чичрэн дагжиж хойш сурган хүртээхийг хүлээмүй” хэмээжээ.

Цаорүй үзээд уурлаж өгүүлрүүн: “Дунсюнь үхэхээс айхгүй үү!”. Ойрх түшмэл “Алсугай!” хэмээн айлтгасанд Цаорүй: “Энэ хүн язгуураас шударга журамтай тул эдүгээ дүр гээж иргэн болгосугай! Жич дэмий хэлэх хүнийг эрхгүй алмуй!” хэмээв. Тэр цагт тайзын гэрийн хүн ЖанМао, өргөсөн нэр Яньцай бас илтгэл айлтган хориглосонд Цаорүйд алуулав. Тэр өдөр Мазюнийг авчирч асууруун: “Би энэ өндөр тагт, их асрыг бариад сахиусан арш лугаа явалцаж хөгшрөхгүй мөнхрөх аргыг эрсүгэй хэмээмүй”. Мазюнь өгүүлрүүн: “Хань улсын хорин дөрвөн хааны дотор гагц Ү Ди төрд удаан суужээ. Нас бас туйлын өндөр. Тэр цөм тэнгэр дээрх нар сарны шим амъсгалыг уусан учир болой. Үргэлж Чан Ань хотын ордон дотор Бо Лянтай тагтыг цогцлоож тагт дээр нэгэн гуулин хүн зогсоож гарт нь Лүпань (Шүүдэр тосох) таваг бариулан шөнө гуравдугаар жингийн цагт умардын долоон одны шүүдэр усыг тосож аван нэрийг “Тэнгэрийн шүүс” бас “Амттайхан шүүдэр” хэмээжээ. Энэ усыг аваад, сайн хасыг үртэс болгон нийлүүлж ууваас хөгширсөн нь залуу болж болмуй” хэмээсэнд Цаорүй их л баярлаж өгүүлрүүн: “Чи хүн дагуулан шөнө дөл Чан Ань хотод одож тэр гуулин хүнийг эвдэж буулгаад Фанлинь Юань хүрээлэнд нүүлгэн ирж тавигтун!”. Мазюнь зарлигийг хүлээн нэгэн түмэн хүн дагуулан Чан Аньд хүрээд тойронд үүлэн шат Уяулаад Бо Лянтай тагтад гарсутай хэмээсэнд удалгүй таван мянган хүн дээс гинжээр залгалдан тойрон авиран гарав. Тэр Бо Лянтай тагтны өндөр хорин хос алд буй бөгөөд гуулин баганы бүдүүн арван тэвэр амуй. Мазюнь урьд гуулин хүнийг эвдсүгэй хэмээхэд олон хүн хүч хамтдаж эвдэж буулгаад үзвээс гуулин хүний нүднээс нулимс асгаран урсах тул олон хүн их л цочжээ. Гэнэт тагтны хажуугаас догшин салхи салхилаад элс чулуу өнхрөн их бороо орох мэт. Нэгэнтээ дуу гармагц тэнгэр нурж газар хагарсан адил агшин зуур тагт далжийн, багана нураад мянга илүү хүнийг дарж алав. Мазюнь гагц гуулин хүн алтан тавгийг аваад Луо Янд ирж Вэй улсын эзэнд золгож өргөсөнд Цаорүй асууруун: “Гуулин багана хаана буй?”. Мазюнь айлтгаруун: “Баганы хүнд зуун түмэн жин буй тул авчирч чадсангүй” хэмээсэнд Цаорүй гуулин баганыг цохиж хэмхлээд луо Янд авчруулан хоёр гуулин хүн цутгаад “Вэнжун”137 хэмээн нэрлэж Сыма мэнь хаалганы гадна зогсоов. Бас гуулин луу гарьд хоёрыг цутгаж харшийн хоёр этгээдэд зогсоов. луугийн өндөр найман алд, гарьдын өндөр зургаан алд илүү.

137 Цинь улсын үеийн хүн. Биеийн өндөр нэгэн хос алд гурван тохой, Цинь Шы Хуан түүгээр хязгаарыг сахиулсанд Хүннү хүн ихэд айдаг байжээ. Үхсэний хойно Цинь Шы Хуан түүнд нэгэн зэс хөрөг цутгуулжээ гэж түүхэн үлгэрт байдаг. Цутгаж сийлсэн өндөр том зэс ба чулуун хөргийг хожмын хүмүүс Вэнжун гэж дууддаг болжээ.

Бас Шанлинь Юань хүрээлэнд гайхамшигт цэцэг, өөр зүйлийн мод тарьж сонин шувуу, гөрөөсийг тэжээсэнд Шаофү түшмэл Янфү хориглох илтгэл бичиг айлтгав. Тэр бичгийн үг нь: “Сайд би сонсвоос Яо хаан өвсөн гэрийг хэргэм болгосноор түмэн улс энхээр суужээ. Юй хаан ордон харшийг богино болгосноор дэлхий дахин жаргаж амьдрав. Инь, Жоуд хүртэл танхимын өндөр гурван тохой. Гэр есөн нуруунаас хэтэрсэнгүй бөлгөө. Эртний Богд хаан гэгээн ван ордон гэрийг сайхан болгож зуун овогтыг зовоон эд хүчийг дуусгасангүй ажээ. Зе хаан хасын гэр, зааны шүдэн давхар саравч, Жоу хаан хас тэнэгэрийн ордон Лүтай тагтыг барьсанд улс төрийг эвдрэхэд хүрүүлжээ. Чу улсын Линван Жанхуатай тагт цогцлоон бие гамшгийг эдэлж, Циньшихуан Афан гүн бариад, зовлон хөвгүүнд уламжлаад дэлхий дахин урваж хоёр үед хүрээд сөнөжээ. Түмэн иргэний хүчийг бодохгүй, чих нүдний хүсэлд нийлүүлэгсэд нь эс мөхсөн нь үгүй. Хаан Яо, Шүнь, Юй, Тан, Вэнь, Ү вангийн дүрмийг дууриан Зе, Жоу, Цинь, Чугийн сургамжийг их цээрлэл болговоос зохимуй. Харин дураар бүрэлгэж өөрийн амгаланг эрж гагцхүү орд харшийг чимэглэвээс эрхгүй хөмрөх мөхөхийн зовлон буй. Эзэн тэргүүн толгой мэт, сайд гар хөл адил, амьдрах мөхөхийг нэгэн ёсоор хүлээх бөгөөд олж алдахыг хамтатгамуй. Сайд би хэдий мунхаг боловч аймшиггүй айлтгах түшмэлийн журмыг дуурайсугай! Үг чигчгүй, хааныг гэсгээж эс чадмуй. Эдүгээ хичээнгүйлж биеийг ариутган алахыг хүлээмүй” хэмээжээ.

Илтгэлийг өргөсөн боловч Цаорүй үзэхгүй гагц Мазюнийг шаардаж тагтыг байгуулан гуулин хүн хийгээд “Шүүдэр тосох” тавгийг зохируулан тавиулмуй. Бас зарлиг буулган дэлхий дахины гуа үзэсгэлэнт охидыг сонгож Фанлинь Юаньд оруулахад олон түшмэл улам улам илтгэл айлтгаж хоригловч Цаорүй огт сонсохгүй болов.

 Тэндээс Цаорүйгийн хатан Мао овогт эхнэр нь Хөнэй газрын хүн болой. Язгуураас Цаорүй, Пин Юань ван байх цагт дэмий л янаг асан бөлгөө. Хаан болсны хойно их хатан болгов. Хожим Цаорүй Гуо хатанд янаг болоод Мао их хатангаас баахан хол болов. Гуо хатангийн төрсөн нь гуа сайхан тул Цаорүй их л хайрлаж өдөр бүр хамт цэнгэлдээд сар илүү ордноос гарсангүй. Тэр жилийн гурван сард Фанлинь Юань хүрээлэнгийн зуун цэцэг тэмцэлдэн дэлгэрэхэд Цаорүй Гуо хатан лугаа хамт хүрээлэнд одож цэцэг үзэн хуримлах хооронд Гуо хатан өгүүлрүүн: “Хэрхэн хэмээн их хатанг залж хамт цэнгэлдэхгүй буй?”. Цаорүй өгүүлрүүн: “Тэр байваас би нэг дусал ус ч залгиж орохгүй” хэмээгээд зарагдах эхнэрт захиж битгий Мао их хатанд сонсгогтун хэмээв. Мао их хатан Цаорүйг нэг сар илүү болтол өөрийн суусан ордонд ирсэнгүй хэмээн уйдаж тэр өдөр арван хэдэн эхнэр лүгээ Цуйхуа лоу асар дээр гарч зоогхийн бүхийд гэнэт хөгжмийн дууг сонсоод асууруун: “Ямар газар хөгжим үүсгэмүй?” гэхэд нэгэн тайган айлтгаруун: “Хаан Гуо хатангийн хамтаар цэцгийн хүрээлэнд цэцэг үзэж хуримлан амуй”. Мао их хатан сонсоод дотроо урамгүй болж ордондоо эгж унтав. Жич өдөр Мао их хатан тайган нарыг авч бага тэргэнд суун хүрээг тойрон яван атал төвхийтэл муруй хэсгийн хооронд Цаорүйтэй учраад инээж асууруун: “Хаан өчигдөр хойд хүрээлэнд зоогхийсэн нь тэр цэнгэл гүехэн бус болой!”. Цаорүй их л хилэгнэж өчигдрийн зарагдсан олон хүнийг баримтлан ирээд зандарч өгүүлрүүн: “Өчигдөр хойд хүрээлэнд зоогхийснийг Мао их хатанд битгий сонсгогтун хэмээсэн атал яахан задруулсан буй?” хэмээгээд ордны түшмэл жич зарагдсан олон хүнийг дуусган алуулсанд Мао их хатан их л цочоод даруй ордонд эгсэн хойно Цаорүй зарлиг буулгаж Мао их хатанд үхэхийг хүртээгээд Гуо эхнэр хүнийг их хатан болгосонд төрийн түшмэл хэн аймшиггүй хоригломуй. Гэнэт нэгэн өдөр Южоу мужийн Цыши түшмэл Ү Цюзюнь илтгэл айлтгасан нь: “Ляодунгийн Гунсүнь Юань урваад өөрийгөө Янь Ван хэмээн цол өргөж оныг Шао Ханьгийн тэргүүн он хэмээв. Орд харш байгуулан түшмэл зэрэг тавьж цэрэг үүсгэн ирээд умард этгээдийг самууруулмуй” хэмээсэнд Цаорүй их л гэлмэж даруй олон бичиг цэргийн түшмэдийг цуглуулан цэрэг гарган Гунсүнь Юанийг байлдах аргыг зөвдөлцөв. Энэ чухамхүү:

“Сая шороон модны үйлээр Дундад улсыг зүдээгээд

Бас гадаад газарт цэрэг дайн болох нь үзэгдмүй”

Эгнэгт яахан халхлахыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top