"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
II БОТЬ - 106 ДУГААР БҮЛЭГ
ЗУУН ЗУРГААДУГААР БҮЛЭГ ГУНСҮНЬ ЮАНЬ ДАРАГДАЖ СЯНПИНД ҮХСЭН
СЫМА И ХУУРАН ӨВДӨӨД ЦАОШУАНЫГ ХОНТСОН138
138 Нууц хонжих, далдуур сэмхэн хонжих
Өгүүлэх нь: Гунсүнь Юань нь Ляодун газрын Гунсүнь Дүгийн ач, Гунсүнь Кангийн хөвгүүн болой. Амгалан байгуулагчийн арван хоёрдугаар он Юаньшан Цаоцаод дарагдаад буруулж Ляодунд хүрсэнд Гунсүнь Кан алаад тэргүүнийг нь Цаоцаод өргөсний учирт Цаоцао Гунсүнь Канг Сянпин Хоу өргөмжилсөн бөлгөө. Хойно Гунсүнь Кан үхсэнд биеэс хоёр хөвгүүн буй. Ахмад хөвгүүн Гунсүнь Хуан, хоёрдугаар хөвгүүн Гунсүнь Юань, тэр үес цөм бяцхан тул дүү Гунсүнь Гүн зэргийг залгамжлав. Тухайд Цаопэй Гүнсүнь Гүнийг тэрэг хөлөглөгч жанжин Сянпин Хоу өргөмжилсөн ажгуу. Гунсүнь Юань их болсон бөгөөд бичиг цэргийн эрдэм хос бүрдэж төрөлх чанар догшин, байлдахад дуртай. Тайхөгийн хоёрдугаар онд түүний бага авгын тушаалыг булаан авсны хойно Цаорүй Гунсүнь Юанийг Янле жанжин Ляодунгийн Тайшоу түшмэл болгов. Хожим Сүньцуань, Жанми, Сюй Янийг Ляодунд зарж алт эрдэнэ, хас таныг бариулан Гунсүнь Юанийг Янь ванд өргөмжилсөнд Гунсүнь Юань Вэй улсаас эмээн Жанми, Сюй Янийг алаад тэргүүнийг Цаорүйд хүргэсний хойно Цаорүй даруй Гунсүнь Юанийг их Сыма Юэлан гүн болгосон бөлгөө. Гунсүнь Юань бас сэтгэл ханахгүй олон лугаа зөвлөж өөрөө Янь ван болоод оны нэрийг Шаоханьгийн тэргүүн он хэмээв. Үүнд мөрний жанжин Зяфань хориглож өгүүлрүүн: “Дундад орон эзэн гүнг дээд гүнгийн хэргэм өгч хүндэлсэн нь доорд бус. Эдүгээ хэрэв тэсэргүүлэн урваваас үнэхээр үл зохимуй. Нэнд Сыма И цэргийг сайнаар хэрэглэх тул баруун Шугийн Жугө үхоу харин ч ялж чадахгүй бөгөөтөл эзэн гүн яахан мөчөөрхөж болмуй?”. Гунсүнь Юань хилэн төрж зүүн баруун этгээдийн ардыг дуудан Зяфанийг хүлээд “Алсугай!” хэмээсэнд зөвлөгч түшмэл Лүньжи хориглон өгүүлрүүн: “Зяфаньгийн үг мөн болой”. Богд хүмүүпий өгүүлсэн нь: “Улс гэр мөхөх шахваас эрхгүй чөтгөр шуламс илэрмүй” хэмээжээ.
Эдүгээд удаа дараа өөр зүйлийн муу ёр гарчээ. Ойрын өдөр нохой малгай зүүж биед улаан дээл нөмөргөөд гэр дотор орж хүн мэт алхмуй. Бас хотын өмнөх гацааны иргэн будаа чанахад бүрхээрийн дотор гэнэт нэгэн бага хүүхэд жигнэгдэж үхжээ. Сянпингийн хойд худалдааны зээлийн газар гэнэт хагараад завсраас нэгэн хэсэг мах гарч ирэв. Тойрон хэдэн тохой буй бөгөөд толгой нүүр нүд ам цөм бүрэн. Гагц гар хөлгүй, илд зэвд даахгүй. Төлгө үзэх хүн үзээд өгүүлсэн нь “Байдал авч дүргүй, ам буй боловч дуугүй, улс мөхөж гэр эвдрэх шахсан тул сая энэ мэт байдал илэрмүй” хэмээн хэлэв. Гурван зүйл нь цөм муу ёр болой. Эзэн гүн муугаас зайлан сайныг эрвээс зохимуй. Хөнгөнөөр дэмий хөдөлбөөс болохгүй” хэмээсэнд Гунсүнь Юань их л хилэгнэж цэргийн ардыг зандран Лүньжиг хүлээд Зяфань лугаа хамт зээлд аваачиж алав. Жанжин Бэй Янийг Юаньшуай, Янзуог гавшгай болгож Ляодунгийн цэрэг арван таван түмийг байгуулж Жун Юаньгийн зүг байлдахаар ирэв.
Түүнээс хязгаарын түшмэл яаран Вэй улсын хаан Цаорүйд айлтгасанд Цаорүй сонсоод их л айн даруй Сыма Иг төрд авчирч зөвдвөөс Сыма И өгүүлрүүн: “Сайд миний харьяат морьт явган албан цэрэг дөрвөн түм буй тул хулгайг дураар эвдэлж чадмуй”. Цаорүй өгүүлрүүн: “Чиний цэрэг цөөн, газар хол тул хураан авахуйяа бэрх болов уу?”. Сыма И өгүүлрүүн: “Цэрэг үлэмжид үгүй. Сонин арга гарган ухаан хэрэглэж чадахад буй. Сайд би хааны их буянд шүтэж Гунсүнь Юанийг эрхгүй амьд барьж хаанд өргөсүгэй!”. Цаорүй өгүүлрүүн: “Чи бодоход Гунсүнь Юань ямар аргаар тулмуй?”. Сыма И өгүүлрүүн: “Гунсүнь Юань хэрвээ хотыг гээж одвоос дээд арга. Мөн Ляодунг сахиж их цэрэгтэй тулах нь дунд арга бөгөөд Сянпин хотод хүрч сахиж сууваас тэр дорд арга болой. Эрхбиш сайд надад баригдмуй!”. Цаорүй өгүүлрүүн: “Энэ удаа одох нь очиж ирэхэд хэдий өдөр болмуй?”. Сыма И өгүүлрүүн: “Дөрвөн мянган газарт очих нь зуун өдөр, байлдахад зуун өдөр, буцах нь зуун өдөр, амрах жаран өдөр их бараг нэгэн жил болмуй”. Цаорүй өгүүлрүүн: “Хэрвээ Ү, Шу хоёр улс халдахаар ирсэнд яамуй?” Сыма И өгүүлрүүн: “Би хэдийнээс хамгаалан сахих аргыг бодож тогтоожээ. Хаан битгий зовогтун!”. Цаорүй ихэд баярлаж Сыма Иг даруй мордуулав. Сыма И төрөөс салж хотоос гараад Хузүнийг гавшгай болгон өмнө ангийн цэргийг авч урьд Ляодунд хүрээд “Хүрээ байгуулагтун!” хэмээн явуулав. Харуулын хүн Гунсүнь Юаньд мэдүүлсэнд Гунсүнь Юань даруй БэйЯнь, Янзуод найман түмэн цэрэг хуваан өгч Ляосүйд илгээн хүрээ байгуулаад тойрон хорин газар гуу өрж, шөрөг босгон сахисан нь маш бэх чанга. Тийнхүү Хузүнь яаран хүн зарж Сыма Ид хэлэхээр илгээсэнд Сыма И инээж өгүүлрүүн: “Хулгай бидэн лүгээ байлдахгүй нь манай цэргийн хүчийг цөхөөтүгэй хэмээх болой. Би санахад хулгайн олны их хагас энд буй. Түүний нүх үүр хоосон тул харин үүнийг гээгээд шууд Сянпин хотыг авахаар одоход хүрэхгүй. Тийн болохул хулгай эрхгүй туслахаар одмуй. Бид замд цэрэг бүгж байлдваас лав бүрнээ дийлэх болой” хэмээгээд цэрэг дагуулан бага замаар Сянпингийн зүг одов.
Тэндээс Бэй Янь, Янзуо лугаа зөвдөж өгүүлрүүн: “Хэрвээ Вэй улсын цэрэг ирвээс бид битгий гарч байлд! Тэнд мянган газрын холоос ирээд амуу өвс залгаж чадахгүй тул удтал байлдахуйяа бэрх. Амуу барсанд өөрөө эгмүй. Буцахыг хүлээж нууц цэрэг гарган байлдваас Сыма Иг амьд барьж болмуй. Эрт Сыма И Шу улс лугаа мөчөөрхөхөд Вэй Наньгийн газарт бэхлэн сахиснаар Кунмин үхсэн бөлгөө. Эдүгээ чухам тэр ёс лугаа адил болой” хэмээн хоёул хэлэлцэн бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Вэй улсын цэрэг өмнө зүг одов”. Бэй Янь ихэд цочиж өгүүлрүүн: “Тэр бидний Сянпинд цэрэг цөөнийг мэдээд үүр хүрээг сундлахаар одсон болой. Хэрвээ Сянпинийг алдсанд бид энэ газрыг сахивч юунд тус буй?” хэмээгээд даруй цэрэг хурааж хойноос одов. Хэдийн харуулын хүн Сыма Ид мэдүүлсэнд Сыма И инээн өгүүлрүүн: “Миний аргад оров!” хэмээгээд Ся Хоуба, Ся Хоувэйд нэжгээд салааны цэрэг өгч Ляншүй голын хөвөөнд бүгэгтүн! Хэрвээ Ляодунгийн цэрэг хүрч ирвээс хоёр этгээд хамтаар гарч байлд!” хэмээсэнд хоёул аргыг хүлээн явсаар үзвээс Бэй Янь, Янзуо цэрэг авч айсуй. Гэнэт тэмдэг буун дуу гармагц хоёр этгээдээс хэнгэрэг дэлдэн туг дэрвэлзэж зүүнээс Ся Хоуба, баруунаас Ся Хоувэй хамтаар байлдахаар гарав. Бэй Янь, Янзуо хоёул байлдах сэтгэлгүй зам булаан буруулсаар Шоу Шань ууланд хүрсэнд чив Гунсүнь Юаньгийн цэрэг ирэхэд учраад цэргийг нийлүүлэн хойш Вэй улсын цэрэг лүгээ байлдахад Бэй Янь гараад харааж өгүүлрүүн: “Хулгайн жанжин битгий зусар арга хэрэглэгтүн! Чи айлгүй гарч над лугаа эсэргүүцмүй?” хэмээсэнд Ся Хоуба угтан байлдаад хэдэн удаа болсонгүй, Ся Хоуба нэгэн хутгаар Бэй Янийг цавчиж мориноос унагаасан тул Ляодунгийн цэрэг их л самуурав. Ся Хоуба зууралдан байлдахад Гунсүнь Юань дарагдсан цэргийг авч буруулан Сянпин хотод ороод хаалгыг хааж бэхлэн сахиад гарч ирэхгүй болов. Вэй улсын цэрэг хотын дөрвөн зүгийг тойрон хаажээ. Тэр цагт хараахан намрын бороо нөрөн ороод нэг сар илүү болтол зогсохгүй, тэгш газарт ус гурван тохой болоод амуу зөөх онгоц Ляохө голын амнаас шууд Сянпин хотын ёроолд хүрмүй. Вэй улсын цэрэг цөм усны дотор байж, явавч суувч амаргүй тул зүүн этгээдийн Дүдү Фэйзин цацарт орж өгүүлрүүн: “Борооны ус зогсошгүй. Хүрээн дотор балчигтаад цэрэг алхалхийлэн чадахгүй. Хүрээг өмнө уулан дээр нүүлгэн буудаллаваас ямар буй?”. Сыма И хилэгнэж өгүүлрүүн: “Би Гунсүнь Юанийг барих нь өглөө үдшийн зуур болсон атал хэрхэн хэмээн хүрээг нүүлгэж болмуй? Дахин хүрээг нүүлгэсүгэй хэмээн хэлсэн аваас эрхгүй алмуй!” хэмээсний хойно Фэйзин дув дуугүй эгэв. Баахан удсанд баруун этгээдийн Дүдү Чоулянь бас гуйж өгүүлрүүн: “Борооны усанд цэрэг их л гашуудаж буй тул хүрээг өндөр газарт нүүлгэхийг гуймуй” хэмээсэнд Сыма И нэгэнтээ хилэгнэж өгүүлрүүн: “Би нэгэнт цааз зарласан атал чи ямар аймшиггүй зөрчиж хэлмүй?” үүнийг түргэн гаргаж “Ал!” хэмээн алаад тэргүүнийг хаалганд өлгөснөөс цэргийн сэтгэл дарагдав.
Түүнээс Сыма И өмнө хүрээний цэрэг морийг хорин газар эгүүлж хотын доторх цэрэг иргэнийг дураар гаргаж өвс мод цавчуулан үхэр морь адгуулуулав. Түүнд Сыма түшмэл Чөньцюнь асууруун: “Урьд Тай Юй, Шан Юнг байлдахад цэргийг найман замаар хуваан ороод наймдугаар өдөр хотын дэргэд хүрч мөндаг баримталж их гавьяаг бүтээжээ. Эдүгээ түргэн түмэн хуягт цэргийг авч хэдэн мянган газраас ирээд даруй хотыг байлдахгүй, бороонд норогдон сууж бас хулгайг тавьж түлээ авахуулан морь адгуулуулах нь үнэхээр ямар санааг би мэдэхгүй?”. Сыма И инээж өгүүлрүүн: “Чи цэргийн аргыг мэдэх үгүй аж. Эрт мөндад цэрэг цөөн амуу элбэг, бидний амуу бага, цэрэг үлэмж тул түргэлэн байлдахгүй болохгүй. Түүнийг санаандгүйгээр цолхийж байлдваас сая дийлж болмуй. Өнөө Ляодунгийн цэрэг олон, манай цэрэг цөөн, хулгай өлсгөлөн бид цатгалан тул юунд хүчлэн байлдах хэрэг буй. Тэдний дураар одуулаад хойноос байлдсугай! Би эдүгээ нэгэн зам тавьж тэдгээрийн өвс мод цавчих, үхэр морь адгуулуулахыг үл таслах нь “Зоримог зам өгч буруулан одтугай!” хэмээгч болой” хэмээсэнд Чөньцүнь нар шүүмжлэлд биширчээ.
Түүнээс Сыма И хүн зарж Луо Янгаас амуу зөөхөөр илгээв. Вэй улсын эзэн Цаорүй харшид гарсан хойно олон түшмэл айлтгаруун: “Ойрын өдөр намрын бороо нөрөн орж нэг сар болтол арилахгүй, цэрэг морь ядаж цөхөх тул Сыма Иг даруй хойш дуудан авчирваас зохимуй”. Цаорүй өгүүлрүүн: “Сыма И цэрэг хэрэглэхэд мэргэн, арга бодлого их, тухайг үзэж улирмуй. Гунсүнь Юанийг барих нь өдөр болзож хүлээвээс болох атал та нар юунд зовмуй?” хэмээгээд олны үгийг авсангүй. Шөнө дөл амуу хүргүүлэв. Сыма И хүрээндээ хэдэн өдөр болсны хойно бороо арилсанд цацраас гарч шөнө тэнгэрийн байдлыг үзвээс гэнэт нэгэн их од хэд хэдэн алтан гэрэл цацарч Шоу Шань уулын зүүн хойд Сянпин хотын зүүн өмнө зовхист унав. Зүүн өмнөх олон хүрээний жанжин цэрэг үзээд эс цочин айсан нь үгүй. Гагц Сыма И үзээд их л баярлаж олон жанжин нарт өгүүлрүүн: “Таван өдрийн хойно од унасан газарт Гунсүнь Юанийг эрхгүй олж баримуй. Маргааш өдөр хүч хамтдаж хотыг байлд!” хэмээн зарлав. Түүнээс олон жанжин цаазыг хүлээн аваад жич өдрийн өглөө хотын дөрвөн зүгийг хааж, шороон уул цогцлоон, газрыг гулдарч өрөн буу тавих суурь хийж үүлэн шат босгон өдөр шөнөгүй байлдаж зогсохгүй хотын дотор бороо орох мэт зэв харвамуй. Гунсүнь Юаньгийн амуу барагдаад үхэр морийг алж идэх тул хүн бүр гасалж цөмөөр сахих сэтгэлгүй болоод Гунсүнь Юанийг алж хотыг өргөсүгэй хэмээмүй. Гунсүнь Юань сонсоод их л цочиж “Даруйхан дагасугай!” хэмээн чансан Ванзянь, Юйши Дайфү түшмэл Люфу хоёрыг Вэй улсын хүрээнд зарсанд хоёул дээсээр уяж хотоос буугаад Вэй улсын хүрээнд хүрээд Сыма Ид золгож өгүүлрүүн: “Тай Юй цэргээ хорин газар эгүүлбээс манай эзэн түшмэл гарч дагасугай!” хэмээхэд Сыма И хилэгнэж өгүүлрүүн: “Гунсүнь Юань юунд биеэр ирэхгүй буй? Даанч ёс бус!” хэмээгээд цэргийн ардыг зандран түлхэн гаргаж алаад тэргүүнийг дагаж ирсэн хүнд бариулж хойш илгээв. Дагасан хүн эгж мэдүүлсэнд Гунсүнь Юань их л айж бас Шижун түшмэлийг Вэй улсын хүрээнд илгээв. Сыма И цацарт сууж олон жанжин нарыг цуглуулан хоёр этгээдэд жагсаан зогсоов. Вэй Янь өвдгөөр мөлхөж ороод цацарт сөгдөж өгүүлрүүн: “Тай Юй аянгын мэт хилэнгээ тохруул! Өдөр болзон урьд Шизи Гүн Сүньшүг данж болгон хүргэхээр ирээд түүний хожим манай эзэн түшмэл биеийг хүлээд дагахаар ирсүгэй” хэмээхэд Сыма И өгүүлрүүн: “Цэрэгт таван чухал хэрэг буй. Байлдан чадваас байлдмуй. Байлдан чадахгүй болбоос сахимуй. Сахиж чадахгүй болбоос буруулмуй. Буруулан чадахгүй болбоос дагамуй. Дагаж болохгүй болбоос үхэх бөлгөө! Юунд хөвгүүнээ данж болгох буй?” хэмээн Вэй Янийг зандаж хойш Гунсүнь Юаньд хэлэхээр очигтун хэмээсэнд Вэй Янь толгойгоо тэврэн хойш эгээд Гунсүнь Юаньд хэлсэнд Гунсүнь Юань хөвгүүн Сүньшү лүгээ зөвлөөд нэг мянган цэрэг сонгож тэр шөнийн дэд жинд өмнө хаалгыг нээж зүүн өмнө зүг явахад нэг цэрэг ч үзэгдэхгүй тул дотроо сэмээр баярлан одож арван газар явсангүй. Гэнэт уулын дээрээс нэгэн буу тавимагц хэнгэрэг харанга цугаар дуугарч нэгэн багийн цэрэг одох замыг хөндөлдөв. Үзвээс дундад Сыма И ажгуу. Зүүн этгээдэд Сыма Ши, баруун этгээдэд Сыма Жао хоёул хамтаар зогсоод: “Урвасан хулгай битгий явагтун!” хэмээн дуудмуй. Гунсүнь Юань яаран морио эргүүлж зам эрэн буруулахад хэдийн Хузүньгийн цэрэг хүрч ирэв. Зүүнд Ся Хоуба, Ся Хоувэй, баруунд Жанху, Юэчэнь дөрвөн зүгээс дүгрэглэн хаасан нь төмөр суулга адил. Гунсүнь Юань эцэг хөвгүүн арга бус мориноос бууж дагав. Сыма И морин дээрээс олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Уржигдар шөнө улаан барс өдөр. Тэр од унасан бөгөөд энэ шөнө хар бич өдөр тул тэр бэлгэд нийлэлцэв” хэмээсэнд олон жанжин нар өгүүлрүүн: “Тай Юй үнэхээр хувилгаан бодлоготон болой!” хэмээн баясарлав. Сыма И цааз зарлаж “Алагтун!” хэмээсэнд Гунсүнь Юань эцэг хөвгүүнийг эсрэг сөгтгөн алав. Сыма И даруй Сянпин хотыг авахаар ирэхэд гавшгай Хузүнь хэдийнэ цэрэг авч хотод оржээ. Иргэн цөм хүж шатааж Вэй улсын цэргийг угтан оруулсны хойно Сыма И яаманд сууж Гунсүнь Юаньгийн угсаа сайд жич зөвлөл нийлсэн түшмэл нарыг цөм алж бүгд дал илүү хүнийг тулахыг цуглуулжээ. Даруй тунхаг бичиг тархааж иргэнийг тогтоосны хойно хүн Сыма Ид хэлрүүн: “Зяфань, Лүньжи, Гунсүнь Юанийг битгий урвагтун хэмээн гашуудан хориглосон учирт цөм алагдав” хэмээсэнд Сыма И даруй нэхэж өргөмжлөн хөвгүүн ач нарт түшмэл өгөв. Гуугийн эдийг гаргаж олон цэрэгт шагнаад цэрэг хурааж Луо Янд эгэв.
Тэндээс Вэй улсын эзэн ордон дотор агаад нэг шөнө гутгаар жинд гэнэт нэгэн зурвас жигтэй салхи салхилаад зулыг сөнөөв. Үзвээс Мао их хатан ордны доторх эхнэр хэдэн арвыг дагуулан ирээд уйлсаар ширээний дэргэд ирээд амь нэхэх ажээ. Цаорүй үүний учир өвчин олоод улам хүнд болсонд Шижун түшмэл Гуанлү, Дайфү түшмэл Люфан Сүньзыгээр Шүми Юаньгийн алив үйлийг шийтгүүлж бас Вэньди хааны хөвгүүн Яньван Цао Юйг их жанжин болгож тайзи Цаофанд тусалж төрийн хэргийг таслан шийтгэгтүн хэмээв. Цао Юйгийн зан чанар нимгэн найрамдуу тул тэр их тушаалыг хүлээн авахгүй хатуу маргасанд Цаорүй, Люфан Сүньзыг дуудан ирж асуун өгүүлрүүн: “Угсаа төрлийн дотор хэн энэ тушаалыг хүлээж болмуй?”. Хоёул язгуураас Цаожэньгийн хишгийг олсон тул даруй баталж айлтган өгүүлрүүн: “Гагц Цао Зыданьгийн хөвгүүн Цаошуан болмуй”. Цаорүй үгийг дагасны хойно хоёул бас айлтгаруун: “Цаошуаныг хэрэглэсүгэй хэмээвээс Янь ванг улсад буцааваас зохимуй”. Цаорүй тэр үг “Мөн!” хэмээсэн тул хоёул даруй Цаорүйгээр зарлиг буулгуулаад түүнийг авч Янь вангийн дэргэд одож ухуулан өгүүлрүүн: “Хааны мутрын зарлигт Янь ванг улсдаа эгэгтүн, мөн өдөртөө мордтугай! Хэрэв зарлиггүй болбоос төрд ирж болохгүй” хэмээв. Янь ван уйлж одсоны хойно даруй Цаошуаныг их жанжин болгож улсын засгийг бүгдийг эзлүүлэв. Цаорүйгийн өвчин улам хүндэдсэнд захиа бичиг бариулан Сыма Иг төрд эгэгтүн хэмээн авахаар илгээсний хойно Сыма И яаран Сюйчан хотод ирээд орж хаанд уулзав. Цаорүй өгүүлрүүн: “Би гагц чамайг олж учран чадахгүйгээс эмээсэн бөлгөө. Эдүгээ олж уулзсан нь үхвээс гомдохгүй”.
Сыма И мөргөж өгүүлрүүн: “Сайд би замд хааны биеийг амаргүй хэмээн сонсоод хоёр суганд жигүүр ургаад нисэж ордонд ирж золгосугай” хэмээсэн бөлгөө. Энэ өдөр хааны нүүрт золгон чадсан нь сайд миний завшаан болой”. Цаорүй тайзи Цаофан, жанжин Цаошуан, Шижун түшмэл Люфан, Сүньзы нарыг дуудаж ирүүлээд Сыма Игийн гарыг барьж өгүүлрүүн: “Эрт Лю Сюаньдө, Бай Дичэн хотод өвдөж хүнд болоход бага хөвгүүн Лючаныг Жугө Кунминд гэрээсэлж тушааснаар Кунмин шудрагыг гүйцэтгэн явж үхсэний хойно сая зогсов. Хажуугийн бага улс цөм энэ мэт тул нэгэнтээ их улсыг юунд өгүүлнэм? Миний хөвгүүн Цаофан сая найман настай. Улсын үйлийг эзлэн захирч чадахгүй. Завшаанд Тай Юй139 жич угсааны ах, гавьяат түшмэл та хамтын хүчээр туслан тэтгэж битгий миний сэтгэлийг үтээрэгтүн!”. Бас Цаофаныг дуудаж өгүүлрүүн: “Жунда над лугаа нэгэн бие мэт. Чи сайтар хичээнгүйлэн хүндэлбээс зохимуй” хэмээгээд Сыма Игээр Цаофаныг тэврүүлэн ойр авчруулсны хойно Цаофан Сыма Игийн хүзүүг тэврээд тавихгүй. Цаорүй өгүүлрүүн: “Тай Юй энэ өдрийн бага хөвгүүний янагласан хүсэлтийг битгий умарт!” хэмээн өгүүлээд нулимс унагахад Сыма И мөргөж уйлав. Вэй улсын эзэн харангадаж үг хэлж чадахгүй, гагц хуруугаар Цаофаныг зааснаар удсангүй өөд болов. Сууринд арван гурван он сууж гучин зургаан настай бөлгөө. Тэр үес Вэй улсын Зинчугийн гуравдугаар оны цагаан сарын сүүл болой. Тэр даруй Сыма И, Цаошуан хоёул тайзи Цаофаныг тусалж сууринд суулгав. Цаофангийн өргөсөн нэр Ланьцин. Цаорүйгийн тэжээсэн хөвгүүн, нууцаар ордонд байсан тул түүний уг учрыг олон цөм мэдэхгүй. Түүнээс Цаофан эцэг Цаорүйг “Минди” хэмээн нэхэж өргөмжлөөд Гао Пинлин онгонд оршуулан тавив. Эх Гуо их хатанг “Хуан Тайхоу” хэмээн өргөмжлөөд оныг халж Жэнши140-ийн тэргүүн он хэмээв. Сыма И, Цаошуан лугаа засгийн хэргийг туслан шийдэхэд Цаошуан Сыма Иг асар хичээнгүйлэн үйлдэж алив хэргийг цөм урьд сонсмуй. Цаошуангийн өргөсөн нэр Жаобо. Бяцханаас ордны дотор орж гарч явахад минди түүний хичээнгүй болгоомжтойг мэдээд их л өршөөх бөлгөө. Цаошуангийн үүдэнд таван зуун зочид буй. Түүний доторх таван хүн нь зусар бялдууч, нэг нь Хө Янь, өргөсөн нэр Пиншу. Нэг нь Дөн Ян өргөсөн нэр Сюаньмао, Дөн Юйгийн үрс. Нэг нь Лишэн, өргөсөн нэр Гүнжао. Нэг нь Динми, өргөсөн нэр Яньзин. Нэг нь Бигүй, өргөсөн нэр Жаосянь. Жич Да Сышун түшмэл Хуаньфань, өргөсөн нэр Юаньзө, энэ хүнд асар бодлого ухаантай тул хүн олонтоо түүнийг “Ухааны уут” хэмээн нэрийдмүй. Эдгээр цөм Цаошуангийн итгэлт хүмүүс бөлгөө.
139 Сыма Игийн хэргэм зэрэг
140 Төв эхлэл
Тухайд Хө Янь, Цаошуангийн зүг өгүүлрүүн: “Эзэн гүн эрхийг бусад хүнд тушааж зохихгүй. Хожим эрхгүй зовлон болмуй”. Цаошуан өгүүлрүүн: “Сыма гүн над лугаа хамт урьд хааны гэрээсэлсэн зарлигийг хүлээсэн тул яахан нуун далдалж болмуй?”. Хө Янь өгүүлрүүн: “Эрт өдөр урьд гүн, Жунда лугаа хамт Шу улсын цэргийг эвдлэх цагт удаа дараа энэ хүний уурыг амсаж хий төрсөөр үгүй болсон атал эзэн гүн юунд хянахгүй аж?” хэмээсэнд Цаошуан гэнэт сэрэгдэж даруй олон лугаа хамт зөвлөж тогтоод орж Вэй улсын эзэн Цаофанд бараалхаж өгүүлрүүн: “Сыма Игийн гавьяа их, эрдэм үлэмж тул Дайфү болговоос зохимуй” хэмээсэнд Цаофан үгийг дагав. Үүнээс цэргийн эрх бүрнээ Цаошуанд болжээ. Өөрийн дүү Цаосиг Жун Линзюнь, Цаосюнийг Ү Вэй жанжин, Цао Янийг Саньци Чанши түшмэл болгож тус бүр шадар цэргийг гурван мянга дагуулан цаазат ордны дотор дураар орж гарч явмуй. Бас Хө Янь, Дөн Ян, Динмиг Шаншу түшмэл, Бигүйг Сыли Сяо Юй түшмэл, Лишэнг Хөнань Инь түшмэл болгов. Энэ тавуул өдөр шөнөгүй Цаошуан лугаа хэрэг зөвдөх тул Цаошуангийн үүдэнд зочид, хүмүүс ирэх нь тоогүй. Сыма И өвчнөөр шалтаглаж гарч ирэхгүй болоод хоёр хөвгүүн бас түшмэлээ түлхэж гэртээ сул суув. Цаошуан өдөр бүр Хө Янь нар лугаа хамт хуримлаж цэнгэлдмүй. Алив хэрэглэх сав суулга, хувцас хунар хаан эзнээс өөргүй. Эл газраас алба барих сонин сайхан юунаас урьд дээд сайн сонгож аваад үлдсэнийг нь хаанд баримуй. Гуа сайхан эм охидоор хүрээг дүүргэв. Хуанмэнь түшмэл Жандан Цаошуаныг бялдуучлахын төлөө урьд хааны зарсан эхнэрээс долоо наймыг хулган сонгож ордонд хүргэж иржээ. Цаошуан бас дуулан бүжиглэж чадах сайн охидыг ер хүний эрхээр гуч дөчин сонгон авч ирээд гэртээ цэнгэлдмүй. Бас давхар асар, зурмал ордон байгуулан алт монгө, сав сааль үйлдүүлсүгэй хэмээн сайн урчууд хэдэн зуун хүнээр өдөр шөнөгүй үйлдүүлж зогсохгүй бөлгөө.
Тэндээс Хө Янь Пин Юань газрын Гуаньлү төлгө үзэхдээ их л мэргэн хэмээн сонсоод залж ирээд төлгөлүүлэхэд тэр үес Дөн Ян суудалд байсан тул Гуаньлүгаас асууруун: “Авгай ер биеэ сайн төлгөдмүйн хэмээх бөгөөд төлгийн учрыг гүйцэтгэн хэлж чадахгүй нь юу болой?”. Гуаньлү өгүүлрүүн: “Тэр сайн төлгөдөгч төлгө үзмүй хэмээн хэлэхгүй бөлгөө” хэмээсэнд Хө Янь сайшааж өгүүлрүүн: “Энэ үнэхээр өгүүлж чадмуй хэмээн хэлж болмуй” хэмээгээд Гуаньлүд хэлрүүн: “Надад нэг төлөг шалган үзэж өг! Миний байдал гурван гүнд хүрч чадмуй уу?”. Бас асууруун: “Би ногоон ялаа хэдэн арав ирж хамар дээр суув хэмээн зүүдлэв. Энэ ямар ёр буй?” хэмээсэнд Гуаньлү өгүүлрүүн: “Юань, Кай141-аар Шүнь хаанд тусалж Жоу гүн Жоу ванд тусалсан нь найрамдуу хөнгөмсгөөр явсан тул олонтоо буяныг эдэлжээ.
141 Юань гэж найман Юанийг хэлж байна. Кай нь найман кайг зааж байна. Найман Юань бол Гуань синь Шигийн үеийн найман хүн. Найман Кай бол Гао Ян Шигийн үеийн найман хүн мөн. Тэд бол цөм эрдэм чадалтай хүмүүс гэж үлгэрт гардаг юм.
Эдүгээ Зюньхоугийн бие суурин эрхэм, тушаал хүнд болсон боловч эрдмийг санах хүн цөөхөн бөгөөд сүрт эмээх хүн олон. Энэ болгоомжлон хичээж буяныг эрэх ёс бус, Жич хамар хэмээгч уул болой. Уул өндөр бөгөөд эмээлт үгүй болбоос эрхмийг үүрд сахиваас болмуй. Өнөө ногоон ялаа муу буртгийг үнэрлээд сая цуглармуй. Суурин өндөр болбоос хэлбийх тул айхгүй болж болмуй уу? Хүсэх нь үлэмжийг хасаж, цөөнийг нэмээд ёслол бус болбоос үл явбаас хойно гурван гүнд хүрч чадаад ногоон ялааг үлдэж болмуй”. Дөн Ян хилэгнэж өгүүлрүүн: “Энэ хөгшин эрийн шүүмжлэл болой!”. Гуаньлү өгүүлрүүн: “Хөгшин эр эдүгээ амьдрахгүй. Шүүмжлэгчид нь эдүгээ шүүмжлэхгүй” хэмээгээд ханцуйгаа гөвж одов. Хоёул их л инээж өгүүлрүүн: “Үнэхээр цуудамч142 хүн болой” хэмээв. Гуаньлү гэртээ эгээд нагацдаа хэлсэнд нагац их л айж өгүүлрүүн: “Хө, Дөн хоёулын сүр эрхгүй их л хүнд бөгөөтөл чи ямар аймшиггүй халдсан буй?”. Гуаньлү өгүүлрүүн: “Би үхсэн хүн лүгээ хэлэлцэхэд ямар айх зүйл буй?”. Нагац нь учрыг асууваас Гуаньлү өгүүлрүүн: “Дөн Янгийн алхах нь шөрмөс ясанд наалдахгүй, цусан тамир маханд нийлэлцэхгүй, суух зогсоход түшмүй. Гар хөл хүний адил, энэ чөтгөрийн дүрс болой. Хө Яньгийн сүнс биеийг эс сахиж цус өнгөгүй, дусал шим дуусжээ. Хувхай модны адил мөнхүү чөтгөрийн байдал буй бөлгөө. Өглөө үдэш эрхгүй бие алагдах гамшиг буй. Аюултай болой!” хэмээсэнд нагац нь Гуаньлүг балмад хэмээн их л харааж одов.
142 Амныхаа зоргоор чалчдаг, хэтрүүлж ярьдаг зантай хүн
Тэндээс Цаошуан Хө Янь, Дөн Ян лугаа үргэлж хамт ав авлах ажгуу. Түүний дүү Цаоси хориглож өгүүлрүүн: “Ахын сүр эрх маш их болсон бөгөөд хээр гарч авлахад дуртай, хэрвээ хүнд хорлогдвоос тэр үес гэмшивч гүйцэхгүй болмуй”. Цаошуан зандарч өгүүлрүүн: “Цэргийн эрх надад буй тул ямар айх хэрэг буй!”. Сышун түшмэл Хуаньфаньгийн хориглосныг бас сонссонгүй. Вэй улсын эзэн Цаофан төв эхлэлийн аравдугаар оныг халж “Зяпингийн тэргүүн он” хэмээв. Цаошуан эрхийг атгаснаас хойш Сыма Игийн үнэн ташааг мэдэхгүй. Төвхийгэл Вэй улсын эзэн Лишэнг гаргаж Зинжоу мужийн Цыши түшмэл тавьсанд Лишэнг “Сыма Ид салах ёсоор золгохоор одох илтээр мэдээ ав” хэмээн заржээ. Лишэн шууд Дайфүгийн ордонд ирсэнд хаалганы хүн орж мэдүүлбээс Сыма И хоёр хөвгүүний зүг өгүүлрүүн: “Энэ эрхгүй Цаошуангийн зарж миний өвчний үнэн ташааг тэнсэхээр ирсэн болой” хэмээгээд малгайгаа авч үсийг сул санхайлган хэвтэх ширээнд гарч хөнжил нөмөрч суугаад бас хоёр шивэгчнээр түшүүлсний хойно сая Лишэнг оруулав. Лишэн ороод ширээний өмнө хүрч ёслон өгүүлрүүн: “Энэ орчим Дайфүд олж учирсангүй. Энэ мэт болсныг хэн санав. Эдүгээ тэнгэрийн хөвгүүн намайг Зинжоу-ийн Цыши түшмэл болгосон тул тусгайлан аяарлахаар ирэв”. Сыма И зоримог өчиж өгүүлрүүн: “Бинжоу газар умард этгээд лүгээ ойр тул сайхан сэргийл!”. Лишэн өгүүлрүүн: “Намайг Зинжоу[1]ийн Цыши болгосноос Бинжоу бус болой”. Сыма И инээж өгүүлрүүн: “Чи сая Бинжоу мужаас ирсэн буюу?”. Лишэн өгүүлрүүн: “Шандүнгийн Зинжоу муж бөлгөө”. Сыма И их л инээж өгүүлрүүн: “Чи Зинжоу-оос ирэв үү!”. Лишэн өгүүлрүүн: “Дайфу яахан өвдөж ийм болсон аж?”. Хажуугийн хүн өгүүлрүүн: “Дайфүгийн чих дүлий болжээ”. Лишэн даруй бийр цаас гуйж авчруулан дээр бичээд өргөсний хойно Сыма И үзээд инээж өгүүлрүүн: “Би өвдөж чих дүлий болжээ. Чи энэ очихдоо биеэ сайн хамгаалагтун!” хэмээн өгүүлж дуусаад хуруугаар амыг заамуй. Шивэгчин нар халуун ус өргөсөнд Сыма И уухдаа энгэр дүүрэн асгаад хуурмаг зангирсан дуу гаргаж өгүүлрүүн: “Би эдүгээ өтөлж буураад өвчин хүнд болсон тул өглөө үдэш үхмүй. Миний хоёр хөвгүүн юм ухахгүй, таны зааж сургахыг хүсмүй. Авгай хэрвээ их жанжинтай уулзваас эрхбиш миний хоёр хөвгүүнийг харгалзан өгмүй!” хэмээн ширээнд хэвтэж ёолон зогсохгүй. Лишэн даруй Жундагаас салж эгээд Цаошуанд тэр учрыг нарийвчлан хэлсэнд Цаошуан баярлаж өгүүлрүүн: “Энэ хөгшин үхвээс би одоо зовохгүй!” хэмээв. Тэндээс Сыма И-г, Лишэнг очсон хожим босож хоёр хөвгүүний зүг өгүүлрүүн: “Эдүгээ Лишэн хойш эгээд чимээ хүргэвээс Цаошуан лав надаас сэжиглэхгүй болмуй. Түүний хот гарч авлах цагт хичээвээс болмуй” хэмээжээ. Удсангүй Цаошуан Вэй улсын эзэн Цаофаныг Гао Пинлин онгонд очиж урьд хааныг тахихаар одсугай хэмээн айлтгаж их бага түшмэл цөм дагаж хот гарав. Цаошуан гурван дүү, жич сэтгэл зүрхний мэт хүн Хө Янь хийгээд шадар цэргийг дагуулан хааныг хамгаалан одоход Сышун түшмэл Хуаньфань морины омнө мөргөж хориглон өгүүлрүүн: “Шадар цэргийг бүгд дагуулан ах дүүгээс нэгийг ч үлдээхгүй бүрнээ авч гарах нь зохихгүй. Хэрвээ хот дотор хувьсгал гарваас яамуй?”. Цаошуан ташуураар зааж зандан өгүүлрүүн: “Хэн аймшиггүй хувьсмуй! Дахин битгий самуун үг хэлэгтүн!” хэмээв. Тэр өдер Сыма И, Цаошуангийн хот гарч явсныг үзээд дотроо их л баярлан даруй эрт өдрийн гар доорх дайсныг эвдсэн хүн хийгээд гэрийн хүн хэдэн арав, жич хоёр хөвгүүн лүгээ морь унаж шууд Цаошуаныг алахаар ирэв. Энэ чухамхүү:
“Хаалгыг дарж асаар гэнэт өнгөтэй болоод
Цэргийг довтолгон гарснаас эрэмгий байдал үүсжээ”
Эгнэгт Цаошуангийн амь ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 1 )
өмнөх бүлгүүд нь хаана байгаан бол \n