Яагаад Сири 12 жил тусгаарлагдсаны эцэст Арабын ертөнцөд эргэн ирэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 22

Сири улс 12 жил тусгаарлагдсаны эцэст Арабын ертөнцөд эргэн ирэв. 2000 оноос хойш Сирийн төрийг тасралтгүй барьж байгаа Башар Асад Арабын хөрөнгө оруулалтад найдаж байгаа ба хөрш орнуудтайгаа харилцаагаа сэргээснээр XXI зууны хамгийн ноцтой хүмүүнлэгийн хямралуудын нэгийг шийдвэрлэж чадах уу? 

Сирийн ойрын болон холын хөршүүд аюулгүй байдал, дүрвэгсэд, хар тамхины асуудал болон Ираны нөлөөгөө бэхжүүлж буйтай холбоотой асуудал зэрэг нэгэн зэрэг хэд хэдэн асуудлыг шийднэ хэмээн найдаж байна. Харин буулт хийх дургүйгээрээ зартай Башар Асад тэдэнд гараа сунгах эсэх нь нээлттэй асуулт болж үлдэж байна. Арабын ертөнцөд буцаж ирсэн нь Асад болон түүний холбоотнуудын хувьд дипломатын том амжилт ба Ойрх Дорнод дахь хүчний өөрчлөлт, АНУ-ын нөлөө суларч буйн, тус бүс нутагт Хятад хэмээх тоглогч орж ирж буйн том дохио юм. 

Асадыг Арабын Орнуудын Лигээс 2011 оны арваннэгдүгээр сард хөөн гаргасан. Шалтгаан нь үүнээс найман сарын өмнө гарсан Асадын Засгийн газрыг эсэргүүцэх эсэргүүцлийн жагсаалыг хэрцгийгээр дарсан явдал. Энэ хугацаанд Асад нэг сөөм ч буулт хийлгүй эсэргүүцлийн жагсаалыг цусанд живүүлж, Сирийг хар тамхины “наймаачин улс” болгосон. Тэрбээр Орос, Ираны цэргийн тусламжтай эрх мэдлээ хадгалж чадсан. Харин өдгөө тэрбээр ядуурсан улс орноо сэргээх тусламж эрж байна. 

Арабын Орнуудын Лиг Сирийн гишүүнчлэлийг Египетэд тавдугаар сарын 7-нд болсон тус лигийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр сэргээсэн. Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бин Салман өөрийн биеэр түүнийг Жиддад болсон дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан билээ. 

Асадаас өөр сонголт үгүй

Асадыг унагах гэсэн бүхий л оролдлого бүтэлгүйтсэн. Тэрбээр дайнд нэрвэгдэж, сүйрсэн улсын төрийн жолоог бат атгасан хэвээр. Тиймээс түүнийг цаашид тусгаарлах нь утга учиргүй хэмээн прагматик үзэлтэй Персийн булангийн хаант улсууд үзэв. Персийн булангийн Арабын орнууд, ялангуяа Саудын Араб түүхийн явцад Арабын ертөнцийн тэнцвэрийг хадгалагч хүчний үүрэг байсан. Арабын хавар болон Сири дэх эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх үеэр АНЭУ, Катар, Саудын Араб сөрөг хүчин, хожим нь босогчдыг мөнгө болон зэвсгээр дэмжиж байсан. Харин Асадын дэглэмтэй 12 жил тэмцсэний эцэст Арабын орнууд хуучин хандлага нь үр дүнгүй болохыг хүлээн зөвшөөрч, байрнаасаа хаашаа ч хөдлөөгүй төдийгүй хөршүүддээ асуудал тарьж эхэлсэн түүнтэй тохиролцох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Өдгөө Асадтай ярьж, хэлэлцэлгүйгээр дүрвэгсдийг эх оронд нь буцаах, тэр тусмаа хар тамхины наймааг таслан зогсоох боломжгүй. 

Сүүлийн жилүүдэд Сири нь Персийн булангийн баян чинээлэг улс орнуудад каптагон буюу амфетаминаас богино хугацаанд хүчтэй хамааралтай болгодог бодисын гол нийлүүлэгч болсон. Харт тамхитай тэмцэх нь Иордан болон Персийн булангийн орнуудын тэргүүн зэргийн зорилт болоод байна. Арабын орнууд үүний хариуд Сирийн дайны дараах сэргээн босголтод хөрөнгө оруулахад бэлэн. 

Асадаас өөр сонголтгүй болсноо ойлгосон Саудын Араб тэргүүтэй Арабын орнууд урьд нь шоовдорлогдсон Асадтай яриа хэлэлцээг өөрсдөө эхлүүлэхээр шийдсэн. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд болсон хүчтэй газар хөдлөлт Арабын орнуудад Сирид эв санааны нэгдлээ илэрхийлэх боломж олгосон. “Газар хөдлөлтийн дипломат бодлого” Асадын Лиг руу буцах урт замыг амжилттай төгсгөв. 

Арабын асуудлыг арабууд өөрсдөө шийднэ 

Сирийн мөргөлдөөнд олон улсын олон тоглогч татагдан орсон. Тухайлбал, Иран, Орос, Турк улс. Одоогоор Арабын нэг ч орон тус мөргөлдөөн томоохон нөлөө үзүүлж чадаагүй л байна. Египетэд болсон уулзалтаар Арабын орнууд Сирийн хямралыг зохицуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Үүний сацуу Арабын орнууд Ирак, Ливан, Йемен зэрэг “шиитийн хавирган сарны” хэмээгддэг орнууд дахь Ираны нөлөөг сулруулна хэмээн найдаж байна. Харин Асад Сирийн хямралыг улс төрийн арга замаар шийдвэрлэх үүрэг хүлээсэнгүй. Үүнгүйгээр дэглэмээс зугтсан олон сая дүрвэгч эх орондоо буцаж очихгүй. Сирийн эрх баригчид ч зугтагсдыг хүлээн авахаар яарахгүй байна. Учир нь тэднийг дэглэмийг эсэргүүцэгчид хэмээн үзэж байгаа. Сүүлийн 12 жилд Сирийн хүн ам зүйн байдал өөрчлөгдсөн. Ихэнх суннитууд Сириэс дүрвэсэн ба тэд эргэн ирснээр Асадад ашигтай хүн ам зүйн тэнцвэрийг алдагдуулна. 

Сүйрсэн улс 

Харин дүрвэгсдэд буцах газар үгүй. Тэдний ардаа үлдээсэн орон гэр сүйрсэн нь тодорхой. Сирийн хямрал 2020 оноос хойш бараг царцаад байгаа.

Асад Сирийн ихэнх хэсгийг хяналтад авсан ба түүний гарт томоохон хотууд орсон. Гэвч дайнд бүхэл бүтэн хотууд сүйрсэнтэй зэрэгцэн саяхны газар хөдлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Хүн амын 85 хувь ядуурлын доод түвшинд амьдарч байгаа бол тал хувь нь өлсгөлөнгийн ирмэгт тулж ирсэн. Дайны үед дундаж давхарга үгүй болж, ядуурсан. Ус, цахилгааныг хоногт хэдхэн цагт л өгдөг. Наад захын хэрэгцээний зүйлс сиричүүдийн хувьд тансаг хэрэглээ болоод байна. Дайнаас өмнө төрийн албан хаагч сард 400 ам.долларын цалин авдаг байсан бол одоо 23 ам.доллар авч байна. Энэ мөнгө 20 л бензин авахад л хүрэлцэнэ. 

Бүгд хоорондоо эвлэрч байна  

Саудын Араб тус бүс нутагт тэргүүлэгч болохыг хүсэж байгаа. Үүний тулд ямар ч зардал гаргахад бэлэн. Сири Арабын орнуудтай ойртсон нь сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй томоохон хандлагын нэгээхэн хэсэг. Ойрх Дорнодод хурцадмал байдал намжих хандлага ноёрхож байна. АНУ тус бүс нутгаас явснаар Хятад улс нөлөөгөө нэмэгдүүлж, бүс нутгийн улс орнууд ч шинэ түншийн эрэлд гарсан. Бүс нутгийн гол тоглогчид болох Саудын Араб, Турк, Иран, Египет хараат бус бодлого явуулж эхэлсэн. Тэд өөрсдийн хувь заяагаа өөрсдөө тодорхойлохыг хүсэж байна. Бүгд л хоорондоо эвлэрч байна. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд Хятад зуучилснаар Саудын Араб, Иран хоёр дипломат харилцаагаа сэргэхээр тохиролцсон. Үүнтэй зэрэгцэн 2013 онд муудалцсан Египет, Турк хоёр эвлэрэх тийш хандсан бол Персийн булангийн орнууд Катарын эсрэг тавьсан хоригоо цуцалсан билээ. АНЭУ, Турк хоёр Ирантай хэлэлцээний ширээний ард суусан. Өчигдрийн дайснууд гомдлоо өнгөрсөнд үлдээхэд бэлэн байна. Орос зуучилснаар Сири, Туркийн гадаад хэргийн сайд нар уулзалт хийсэн. Гэхдээ Асад, Эрдоган хоёр гараа барилцахад одоохондоо хол байна. 

Тус бүс нутаг дахь хурцадмал болон тогтворгүй байдал угсаа залгамжлагч хунтайж бин Салманд түүний ирээдүйн Саудын Арабыг бүтээхэд саад болж байна. Саудын Арабын эрх баригчид “Алсын хараа-2030” хэмээх үндэсний төсөл санаачилж, Эр Рияд хөлбөмбөгийн ДАШТ-ыг зохион байгуулахыг мөрөөдөж байна. Аргентины домогт Лионель Мессийг эх орондоо тоглуулахын тулд түүхэнд байгаагүй мөнгө төлөхөд ч бэлэн байна. 

Исламын шашны гол хоёр шүтээн болох Медина, Мекка байрладаг Саудын Араб бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг эртнээс мөрөөдөн, гол дипломатчийн дүрд өөрийгөө сойсоор. Сирийн хямрал түүнд ийм боломж олгож байна. Сири Арабын ертөнцөд буцаж ирсэн нь зөвхөн Сирийн ялалт биш. Бүс нутгийн гол тоглогч гүрэн, Ойрх Дорнодын шинэ “цагдаа” нь байхыг хүсэж буй Саудын Арабын ч ялалт. АНУ-ын эртний холбоотон Саудын Араб өдгөө ирээдүй Хятадаас хамаарна хэмээн үзэж байна. Тиймээс АНУ-д их найдах хэрэггүй хэмээн итгэлтэй байна. Саудын Араб олон улсын тавцанд өөрчлөлт гарсныг харж байна. Үүнд тааруулж харилцаагаа солонгоруулж байна. Энэ хандлага нь Украины дайнд хэрхэн хандаж буйгаас илэрхий. 

Цаашид хэрхэх вэ? 

Асад Лигт эргэн ирсэн нь түүний дэглэмийн эрх зүйн чадамжийг дор хаяж Арабын ертөнцөд баталгаажуулахаас гадна бусад орнууд энэ жишгийг дагана гэсэн найдвар төрүүлж байна. 

Ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр харилцаагаа хэвийн болгохыг Европ болон АНУ эсэргүүцэж байна. Түүгээр үл барам Асадын дэглэмтэй харилцаагаа сэргээхийг хориглосон хууль хүртэл баталсан. 

АНУ Сирийн дарангуйлагчтай харилцаагаа сайжруулах аливаа оролдлогын эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин бодит амьдрал дээр дэглэмтэй яриа хэлэлцээ хийх ногоон гэрэл асаахдаа Асадаас буулт хийлгүүлэхийг уриалдаг. Харин Арабын орнуудад мөнгө амлах, улс орныг нь сэргээх амлалтаас өөр Асадад шахалт үзүүлэх үр дүнтэй хөшүүрэг байхгүй. Сирид их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг хазаарлах нэг л зүйл бий. Тэр нь давхар хоригт орох айдас. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.101) 2023 оны 05 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.101) 2023 оны 05 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
zarim ni ogt hudalaa(64.119.23.46) 2023 оны 05 сарын 22

siri bol har tamhi taridag zardag gol oron ogt bishee, ene bol hudalaa gvtgej bna.delhiid har tamhiig afganstan, laten amerikiin kolombu, aziin altan gurvaljind taridag da. afrikiin marokko uls marihuniig iheer tarij evrop arabiin ornuudad zardag da. deer siriin hubid shiit allavvattuud tor barij bgaa oros iran ,hyatad enhthegiig tusalmjaar ulsaa bol hogjuulij bgaa ch baruunii horigoos bolood hvnd bgaa l da. saud arabuud bvheniig mongoor shiideh gedeg uls tul iranaas holduiuilah geed l bnaa.

1  |  0
монгол шиг л биш(202.9.40.115) 2023 оны 05 сарын 22

манайх шиг пялдага биш бол сайн байна шүү дээ америк өвгөний үгээр биш ардчилал гэж хаана ч байхгүй гэдэгийг мэдэж байна

2  |  0
Top