Жудаг хаачив

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 14

Монголчууд жудаг ёс, хүний мөс, хүн чанар гэж их ярьдаг. Дээдчүүл нь бол  тийм л явсан. Харин сүүлийн үеийнхэнд тэр дутагдаж байна. дутах ч юу байх вэ, мартчихсан, олон нь бараг мэдэхгүй, ийм л бүхэл бүтэн үе өсөж, торниж байна.  Жудаг гэдэг нь зөв суртахуунтай хүний хамгийн том ялгарал гэж байгаа юм. Тэр бүү хэл, таних тэмдэг нь, давуу тал гэж байгаа юм. Ялангуяа хүйс үл харгалзан төрийн үйлд зүтгэгч хүнд заавал байх ёстой чанар ч гэж ярьдаг.

Одоо насаар дүүмэд нэгэн жаахан мөнгөтэй болчихсон бол ах захыг мартана. Тээр дээрээс харна. Шууд “Чи” гэж харилцана. Хоолойгоо шахаж ярина. Хамт ажиллаж байгаа, эсвэл нэг ширээнд тохой залган сууж байсан гэнээ  “замын саад” гэж харна. Боломж олдвол харлуулна. Чадвал элдэв өө сэв хайж, дээшээ алтан хошуу өргөж байгаад зайлуулна. Хийсэн бүтээснийг нь устгана, бусдад муугаар сурталчилна. Бүх салбарт жудаг дутагдаж байна.

Өнөөдөр нийслэлчүүд махны эрэлд хөлийнхөө тавхайг эргэтэл явж байна. Мах элбэг байна. Гагцхүү мах нь мах биш болчихсонд учир байна. Зах, дэлгүүрүүдэд худалдаалж байгаа нь эрүүл малын мах лав биш байгаад асуудал байна. Зүүн аймгуудаар байгалийн давагдашгүй байдал бий болж, гамшиг тохиолдлоо гэнгүүт “Мөнгө цагаан, нүд улаан” гэгч болсон чежнүүд тийшээ гараад шидчихэж. Эцсийн амьсгалаа хараахан татаагүй байгаа адууны дэл, сүүлийг хяргаж амжсан тэд бод малын махыг ч бас хүнсний зориулалтаар бэлтгээд ирсэн байж мэднэ. Үр дүнд нь өнөөдөр нийслэлийн зах, хүнсний дэлгүүрүүдэд байгаа мах зөв аргаар, технологийн дагуу бэлдсэн гэхэд эргэлзээтэй, өнгө, үнэр нь нэг л биш.

Хэзээ байтлаа монгол хүн зуд турханд үхсэн малынхаа сэг зэмээр хооллодог болчихсон юм бэ. Мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаар энэ мэт байдлыг хянадаг, шалгадаг тогтолцоо бас суларчээ. Цаашилбал, наадам айсуй хэмээн нийтээрээ догдлоод эхэлж. Үндэсний гэх тодотголтой  дээл хувцас урладаг газрууд борооны дараах мөөг шиг олширчээ. Үүнийг дагаад чанар, ёс зүй ёроолдоо хүрч унажээ. Дээл гэх нэртэй, углаж л болж байвал гэсэн шиг гурван нүх бүхий болсон болоогүй хувцас лангуу болгон дээр овоорчээ. Эмжээр, шилбэ, товчноос  эхлээд монгол хүн бүү хэл, жуулчид ч имэрч үзээд шууд голохоор ийм л бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх болжээ.

Уламжлалт үндэсний хувцсаа хөгжүүлж, ийм тийм загвар оруулж, нийтийн хүртээл болгохоор масст зориулсан үйлдвэрлэл эрхэлж байна гэдэг сайн хэрэг. Харин уламжлалаа доромжлол болгож хувиргаад байвал хэн тэрийг тоож худалдан  авалт хийх  билээ. Энд бас л жудаг сэтгэл дутаж байна. Жудаг хаачив аа?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top