ОЛОН ӨНГӨ | ЭЭЖ

2023 оны 06 сарын 16

Хайрт ээж Ю.Дарийн гэгээн дурсгалд зориулав

Хүмүүсийн хайр сэтгэл итгэлийн хамаг тэмүүлэл тэр аяараа ээжийн зүг ханарч байх шиг санагдаад байна. Тэр ч аргагүй, чамайг хэн яаж тээж төрүүлсэн билээ, зөвхөн чамайг төрүүлэхийн тулд ямар зовлон жаргал хослуулсан билээ, төрүүлсэний дараа хүүгээ, охиноо яаж сайн сайхан хүн болгох билээ гэж хорвоогийн бүхий л санааширлын дунд амьдарсан цор ганц хүн бол миний таны ээж.

Ээж энэ дөрөвхөн үсэгтэй үгний цаана урт хархан гэзэг нь мөрийг нь бүрхэж, шинийн гуравны саран мэт тал дугуй хөмсөгтэй, гэрэлт гэгээн мишээл дүүрэн ухаа царайтай, цармын ягаан цэцэгийн дүртэй хоёр сайхан мөөмөө төмбийлгөсөн, жавхаалаг тэгш нуруу, хоёр алаг нүдээ ямагт над руугаа асгаруулан инээхэд яралзан харагдах цагаан шүд нь цухалзан гэгээрдэг, дууных нь өнгийг зурж бичиж болдог сон бол цээлийн ягаан цэцгийн дэлбээ салхины аясаар далбаалан намирах адил зөөлхөн шиврээ бороон дусал аятай, намираа зөөлөн ааштайгаа төгслөн хосолсон тунгалаг уянгалаг дуу авиа нь одоо ч надад сонсогдон үзэгдэх нь энэ хорвоод ийм үзэсгэлэнгийн иж бүрдэл хаана ч байхгүйг мэдэрч мэлрэн ээжийгээ санан хорвоод эжий минь шиг иймхэн тансагийн гоё, тиймхэн сайхны гайхамшиг хаана ч олж хараагүйгээ мэдэрч ээжийгээ дэндүү их санаж дурсав.

Ээж хүнийг яаж ч гоё сайхан үгийн цэцээр магтаад хэлээд ерөөгөөд ч ямар ээжийн тэр аугаа ачийг дүүргэн хариулж чадах биш. Гэвч жил бүрийн зургаадугаар сарын 1, гуравдугаар сарын найм гэх билэгт энэ өдрүүдэд ээжтэй нь ээжийгээ дагуулан, буянт ээж нь тэнгэрт оршсон мань мэт нь үгэн цацлаа зориулан  нулимсаа цацлын цагаан сүүтэйгээ хамт ээждээ өргөж дурсдаг нь хорвоогийн жам билээ. За цааш бичих гэхээр нулимсан далай нүд бүрхээд уярлын манан зүрхийг ноолох юм. Ямартай ч ээжээ амьдад нь гомдоох цөхрөөх л хүмүүн бодьгалын дээд цээр тэр юм шүү гэдгийг энд тэмдэглэн хэлье. Амьд буян ээжээ ямагт баярлуулж л явдаг юм шүү буян болог гэв ээ. Хайртай сайхан ээжээ таныгаа дурсая, та миний ч бидний ч тэнгэрийн буянт ээж байсан даа. Ээж энэ сайхан нэрний цаадах тэр эмэгтэй миний энхрий хайр, элбэрэл ачлал, эх дэлхийн дээд гайхамшигт хайр байлаа. 

Ц.ЯДАМСҮРЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top