Дарханы "ТӨМӨР ХҮН"-ийг сэргээн засаж, дахин босгожээ

2023 оны 06 сарын 15

Дархан-Уул аймгийн бэлгэ тэмдэг болсон "төмөр хүн"-ийг дахин сэргээн босгосон тухай мэдээлэл орон нутгаас ирүүллээ.

Төмөр хүнийг Улаанбаатар Дархан чиглэлийн авто зам шинээр тавихтай холбогдуулж замын трассд орсон учраас 2019 онд буулгаад байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмөр хүнээ шинэчлэн сайжруулж, мөн орчны тохижилтод нь зориулан төмрөөр мод саравч урлаж ийнхүү дахин босгожээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь жилдээ 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц,100.0 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм.

Тус үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд төмөр доогоос 15 жилийн өмнө ган хайлагчийг дүрсэлсэн төмөр хүнийг 3 сарын хугацаанд хийж, үйлдвэрийнхээ 15 жилийн ойд зориулан бүтээж байжээ.

Анх төмөр хүний загварыг гаргахдаа Бэлдэц үйлдвэрлэх цехийн засварчин П.Батцогтын биеийн харьцааг загвар болгож байсан бол гутлыг Засвар механикийн албаны гагнуурчин Ч.Мөнхбаярын гутлаас үлгэр авч хийсэн байна.

Төмөр хүний өөрийн өндөр 9,6 метр  бол хүдрээр хийсэн суурийн өндөр 2 метр юм. Үйлдвэрийн дамжлагыг илэрхийлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессыг бүхэлдээ харуулсан зохиомжтой тухайлбал цээжин хэсэгт төмрийн хэмхдэс боловсруулахаас цувимал бүтээгдэхүүн гаргах хүртэлх дамжлагыг дүрсэлж илэрхийлсэн бол, нуруу хэсэгт цувимал  бүтээгдэхүүний төрлүүдийн дээжийг шигтгэж өгчээ.

Мөн чих, нүд өвдөг хармаа хэсгүүдэд  үйлдвэрлэлийн дамжлагын эд ангиудыг  чимэглэл болгон  оруулсан байна. Төмөр хүний нийт жин 5,2 тонн бол  жижиг том 100 гаруй  деталь оржээ.

Монгол инженерүүдийн энэхүү бүтээл нь Ган хайлагчийн хөшөө төдийгүй зөвхөн гараар урлаж бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

Төмөр хүнийг өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох арматураар үндсэн их биеийг, төмрийн хүдрээр суурийг, үндсэн түүхий эд болох хаягдал төмөрт ирсэн төрөл бүрийн эд зүйлээр чимэглэн бүтээсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tumu(172.56.152.109) 2023 оны 06 сарын 16

Их гийгүүлждээ

0  |  2
Dash(66.181.160.101) 2023 оны 06 сарын 16

Монголын хамгийн дизайнгүй тэнэг хөшөө.

0  |  2
Top