2023 оны элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгийн талаарх товч мэдээлэл:
Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 34432 шалгуулагч бүртгүүлсэнээс энэ онд 12 дугаар ангийг төгсөж буй 30744 суралцагч байгаа бол өмнөх оны төгсөгч 3688 байна. Тэдний 92,6 хувь нь шалгалтандаа оролцжээ.
Математик, англи хэл, нийгэм судлалын хичээлийг хамгийн олон суралцагч сонгосон бол газар зүй, орос хэлний шалгалтад хамгийн цөөн сурагч оролцсон байна. Шалгалтын дээд оноо буюу 800 оноо авсан 158 шалгуулагч байна. Энэ нь өмнөх жилүүдийн дундаж үзүүлэлттэй ойролцоо байна.
Олон улсын шалгалтын оноог 2020 суралцагч дүйцүүлэн тооцуулсан. Олон улсын дүн оноогоо дүйцүүлэх суралцагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн үзүүлэлт. Оноо дүйцүүлсэн суралцагчдын дийлэнх нь төрийн өмчийн сургуулийн суралцагч байна.
Мөн ЭЕШ өгсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь их, дээд сургуульд элсэх боломжтой байна.
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг WWW.EEC.MN болон E-MONGOLIA.MN цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулна. Дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна. Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил буюу 31 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.
Өнөөдрийн байдлаар 200 гаруй өргөдөл ирсний 100 өргөдлийн хариуг шийдвэрлэсэн байна. Энэ долоо хоногийн баасан гараг хүртэл шалгуулагчдын өргөдөл гомдлыг хүлээн авна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "ЭЕШ нь дотоодын их дээд сургуульд элсэн суралцах суурь үзүүлэлт болдог болохоос Ерөнхий боловсролын сургууль, сургалтын хөтөлбөр, багшийн ур чадварыг үнэлэх аргачлал биш. Өөрөөр хэлбэл БҮТ болон БШУЯ-наас ЭЕШ-ын оноогоор аймаг дүүргийн эрэмбийг албан ёсоор гаргадаггүй" гэлээ.
Өнгөрсөн жилүүдээс энэ жилийн оюутан элсүүлэх босго онооны шалгуур нь 440 оноогоор дээд сургуулийн түвшинд оюутан элсүүлж байсан бол энэ жил мэргэжлээс нь хамааруулж босго оноог тавьж байна.
Жишээ нь, эдийн засаг, менежментийн ангид элсэх гэж байгаа бол математикаар нэгдүгээр хичээлийн шалгалт өгсөн байх, дагалдах нь англи хэлээр өгсөн байх гэдэг онцлогтой.
Өнгөрсөн жил бол аль нэг хичээлийнхээ шалгалтыг босго оноо давсан бол тухайн мэргэжил дээр элсэж болдог байсан.
Сэтгэгдэл ( 0 )