Энэ оны эхний 6 сард гэмт хэргийн улмаас 33 хүүхэд нас барж, 364 хүүхэд гэмтжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 06

Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос  /2023.07.05/ зохион  байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний комисс жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ хүүхдийн эрхийн талаарх санал, зөвлөмж тусгаж ирсэн байна. Энэ онд Улсын Их Хуралд хүргүүлсэн 22 дахь илтгэлд, стандарт хангахгүй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх, гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд эцэг, эхийн оролцоотой хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах, дотуур байрын багшийг ерөнхий боловсролын сургуулийн багштай дүйцүүлэх, туслах, эмч, сэтгэл зүйч, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтны орон тоог баталж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг тусгайлан чадавхжуулах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал, зөвлөмж өгсөн байна. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төсвийг шийдвэрлэх, холбогдох төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, хорих ялыг хойшлуулсан хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангах, хяналт тавих горимыг тодорхой болгох, гэрч, хохирогч хүүхдийн ар гэртэй ажиллах асуудлаар санал, зөвлөмж өгчээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний комисс хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Тус комисс хяналт шалгалтынхаа дүнд хүүхэд орхигдсон, хамгаалуулах эрх нь зөрчигдсөн, хүүхэд хамгаалах тогтолцоо ажиллахгүй, үр дүнгүй, яаралтай өөрчлөх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутагийн мэдээлснээр, 2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ.  Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.

2021-2022 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг батлуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэх журмыг шинэчилсэн байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журам, Хүүхэд асрах хувь хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг шинэчилж, холбогдох хуулиудыг дагалдаж гарсан 50 орчим дүрэм, журам, найман стандартын хэрэгжилтийг хангаж байгаа талаар тэрбээр танилцуулав.

Хүүхэд хамгааллыг Шуурхай тусламжийн, Хамгаалах, нөхөн сэргээх, Урьдчилан сэргийлэх гэсэн гурван түвшний үйлчилгээгээр явуулж буй юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 бол 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэлдээ 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт одоо 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.

Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ЕТусламж системээр хяналт шалгалтыг бол зохион байгуулж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хүүхдийг бэлгийн аливаа хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт хүрэхүйн тухай ойлголт, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, 9-12 дугаар ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр нэмэлтээр оруулахаар ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, залилах зэрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан веб хуудас нээж, иргэд, олон нийтэд ил болгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, захиргааны хяналт тавих ажилд ашиглаж, ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусахад тухайн веб хуудаснаас мэдээлэл устгадаг байх ажлыг зохион байгуулахаар судалж байгаа аж.

АНУ-д сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах төвийн үйл ажиллагаанд ашиглагддаг Сайпер тип системийг Цагдаагийн ерөнхий газар ашиглаж эхэлжээ. Үүний үр дүнд энэ оны эхний хагаст давхардсан тоогоор нийт 7202 мэдээлэл бүртгэснээс цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан агууламж бүхий контентыг хадгалсан, түгээсэн, борлуулсан, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 269 мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top