Улаанбаатар хот болон орон нутагт үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүн 24 цагаар нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн усанд автсан хоёр байр, Сүхбаатар дүүргийн нэг байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв, Тарган нууранд 3 өрхийн 400 орчим толгой мал орж хорогдсон бөгөөд сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн хорогдсон малын сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг зохион байгуулж байна.
Төв аймгийн Баяндэлгэр сумын “Тогосын гүүр”, “Тахилтын гүүр” дээгүүр ус хальж урссан, далан сэтэрч авто замын зорчих хэсгийн нэг талын урсгал хаагдсан тул Багануур дүүргийн “БАГАНУУР АЗЗА” ТӨХК-ийн алба хаагчид гүүрийг засварлаж, хэвийн байдалд оруулсан. Зам дээр хуралдсан лаг шаврыг цэвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд усанд автсан долоон байрнаас зургаан байрны усыг соруулж дууссан, нэг байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх долоон байрны цахилгаан эрчим хүчийг хязгаарласан, лаг шаврыг цэвэрлэж байна.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт хоёр багийн хэмжээнд таван айлын гэр, хашаа усанд автаж, нэг орон сууцны зоорийн давхарт ус орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид айл өрхийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усыг соруулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )