Эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн хошой аварга боллоо

2023 оны 10 сарын 18

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хорих ангиас суллагдсан залууст зориулж хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөрийг хорихоос суллагдсан залууст үзүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадварыг эзэмшүүлэх, амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадварыг дэмжих, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэх зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг. Тиймээс цагдан хоригдож буй залуусыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Олон Улсын шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран шатрын дэлхийн аварга шалгаруулах цахим тэмцээнийг 2023 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. 

“Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс Монгол улсын эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд болжээ. 

Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй 3 баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд 1 багийн нийт 24 тамирчин оролцсон байна. 

Монгол Улсын баг, тамирчид 2021 онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг алтан медаль, өнгөрсөн оны тэмцээнээс эмэгтэй баг дэлхийн аварга болсон амжилтыг тус тус үзүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top