ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 03 сарын 21

Өнөөдөр 2024.03.21.

Өнөөдөр Дэлхийн яруу найргийн өдөр. Мөн Олон улсын театрын өдөр. Бельги, Итали, Лесото, Португалд өнөөдөр мод суулгах өдөр бол Гүржид Хилчдийн өдөр, Намибид Тусгаар тогтнолын, ӨАБНУ-д хүний эрхийн өдөр.

Энэ өдөр Монголын дууны шүлгийн мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Жамцын Бадраагийн мэндэлсэн өдөр. Дэлхийн алдартнуудаас “М&М”, “Марс” шоколадыг бий болгосон Форрест Марс, олимпын зургаан удаагийн аварга цаначин Марит Бьёрген, Испанийн хөлбөмбөгч Мичу, Францын хөлбөмбөгч Антуан Гризманн нар мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татан буулгаж, Ховдын сайдын газарт захируулжээ. Дараахан нь энэ хоёр аймгийн нутгийн захиргааны дүрмийг баталсан байна.

1990 оны гуравдугаар сарын 15-22-нд Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын дарга болон Хятадын Засгийн газрын төлөөлөгч нар БНМАУ-д айлчлал хийжээ. Тэд хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцож, хурлаар Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрчээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1919 оны энэ өдөр хойд хөрш Орост өрнөсөн Октябрын хувьсгалын дараа Унгар улс Зөвлөлтийн засгаар замнахаар болжээ. Ингэснээр Европ тив Оросоос гадна коммунист улстай болсон байна.

1928 оны энэ өдөр Атлантын далайг анх удаа нисэж туулсан Чарльз Линдбергт “Гавьяаны медаль” гардуулжээ.

1935 оны энэ өдөр Ираны шах Реза Шах Пахлави улсынхаа нэрийг Перс биш Иран болгон өөрчилж, олон улсад танилцуулжээ.

2006 оны энэ өдөр “Твиттер” албан ёсоор үүсэн байгуулагджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top