Монголчуудын үндэсний ухамсар сэргэж, нүд нээгдэж буй цаг дор Үндэсний баялгийн сангийн хуулийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д өргөн барив. Үүнийгээ “Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа” хэмээн тодотгосон.
Энэ хуулийг бүх нийтээр дэмжүүлж, батлуулахыг залуу сайд эрмэлзсэн нь түүний өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээс тод харагдаж буй. Ганц жишээ л гэхэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны 2022, 2023 оны ногдол ашгийг дараалан олгосон нь энэ хуулийг нийтээрээ дэмжээсэй гэсэн нэгэн “ташуур” болов уу. Хэний төлөө вэ гэдэг нь ойлгомжтой. “Баялагтайгаа байхад Монгол баян” байх нь тодорхой. Хэн санаачлав, хэрэгжүүлэв гэдэг нь Засгийн газрын хийсэн ажил болж түүхэнд үлдэнэ. Хожмын өдөр “Тэр гэдэг Ерөнхий сайдын бидэнд үлдээсэн өв нь энэ багаа юм даа” гэж монголчууд дурсвал гавьяа нь тэр.
Гэхдээ хуулийн төсөл УИХ-ын босгыг давснаас цааш батлах хүртэл яг үнэндээ 76 гишүүний хэн нь хэрхэн кноп дарахаас бүх юм хамаарна. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намын дарга, Ерөнхий сайд ч гэлээ, хуулийн үзэл баримтлал дээр парламентанд суудалтай АН, ХҮН-тай гар барьсан ч гэсэн УИХ-ын гишүүд “урваж”, бүлэглэлд “худалдагдаж”, зарим нь кнопоо “зарсан” тохиолдолд хүчин мөхөстөх энүүхэнд. Эхнээсээ ийм мэдээллүүд улс төрийн хүрээнд дуулдаж ч буй.
Өнөөдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий 16 орд газрын дөнгөж долоо нь төрийн мэдэлд бий. Ес нь хувийн хэвшилд буюу улс төр, эдийн засгийн бүлэглэлийнхний гарт бий. “Бүлэглэл”-ийнхэн бол бүдүүн зүрхтэй, гар хөл нь ч урт. Хэнийг ч хэн болгож, юуг ч юу болгочих шидтэй. Мөнгө, эрх мэдлийн өмнө манай улстөрчдийн олонх нь сөхөрчихдөг. Тэгээд ч сонгууль дөхөж байна. “Үгүй” гэж хэлж чадах аливаад нүд, сэтгэл ханасан нэгэн, хоосон цээжээ дэлдэгч бус жинхэнэ эр зоригтон, эх оронч хэд сэн билээ. Энэ тохиолдолд жинхэнэ эх орончийг таних “тест” бол Үндэсний баялгийн сангийн хууль гэхэд хэтрүүлсэн, хилсдүүлсэн болохгүй л дээ.
Энэ бүхэнтэй ганц Л.Оюун-Эрдэнэ тэмцээд дийлэхгүй. Түүний хувьд Ерөнхий сайдаар томилогдсон цагаас эхлэн эдийн засгаа бэхжүүлэх, тэлэх, авлигатай тэмцэх, гарсан үр дүн буюу эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулна хэмээн амлаад зүтгэж байгаа. Ямартай ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Баялгийн сангийн тухай хууль дээр байр суурь нэг байна, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар авлигатай хийх тэмцэлд анхнаасаа хамт байж, одоо Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь гадаадын иргэн, аж ахуй нэгжид газрыг 100 жилээр эзэмшүүлэх гэх мэт зөрчилтэй заалтыг өөрчлүүлэх зэргээр хүч хавсрах нь гэж ойлгогдож байгаа. Харин УИХ-ын гишүүд дотор асуудал байгаа гэдэг нь шаргал ордноос хальж, улс төрийн “улаан гудамжинд” яригдаад эхэлсэн нь осолтой, бас харамсалтай. Ер нь бол Сү.Батболд нарын хуучны хэдэн гишүүн л Ерөнхий сайдын талд байгаагаас шинэ цагийнхан шилнийхээ хонхрыг харуулахаар зэхсэн дуулдаж буй.
Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн хууль бол үнэндээ Эм-Си-Эс-ийн, цаашилбал МАК-ийн эсрэг хууль гэж уншигдаж байгаа. Гэр бүлээрээ уул уурхайн эзэд болчихсон том “бүлэглэл”-үүдтэй харгалдаж, хэн нь дийлэх вэ гэсэн ийм л хуулийн төсөл болсон. Цаад углуургаараар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чуулганы танхимд хэлж байсанчлан “Монголын баялагт 30 гэр бүл эзэн суух уу, 3.5 сая ард түмэн эзэн байх эрхээ хэрэгжүүлэх үү” гэсэн ийм л хууль.
Статегийн орд бол 16 ч биш 20 шахна гэдгийг Ерөнхий сайд чуулганы танхимд хэлэхдээ “Надад өгсөн мэдээллээр стратегийн ордод оруулсан 16 орд байна. Зарим ордтой нийлээд 20 болно. Үүнд Асгатын мөнгөний орд, Тавантолгой, Эрдэнэт зэрэг бий. УИХ батлаад, цэц шийдээд гаргаад стратегийн ордоос авчихсан Нарийн сухайт, Цагаан суварга, Мардай, Бүрэн Хан гээд олон орд бий. Ер нь, нэг дүгнэлт хийхгүй бол болохгүй гэж би олон удаа ярьж байгаа. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ч гэсэн маш зөрүүтэй мэдээлэлтэй байдаг. Энэ нь хэдхэн мэдээлэлтэй хүн буюу зарим шүүгчид, Цэцийн гишүүд гэдэг агуулгаар явчихдаг. Нэгд, стратегийн ордыг стратегийн орд биш гэж дүгнэсэн ордууд байгаа. Монгол Улсад төр гэж байдаг юм бол энэ асуудлыг хөндөх ёстой. Дээр нь стратегийн ордуудыг 5-7 хуваагаад авчихсан ч байгаа. Зөвхөн Эрдэнэт, Тавантолгойн асуудал шийдэгдэхэд улсын төсөв зургаан их наядаар давж биелээд төлбөрийн тэнцэл ашигтай гараад, жил бүр ДНБ нэг хүнд ногдох нь 1000 ам.доллароор ахиж байгаа шүү дээ. Энэ нь юу вэ гэхээр бүртгэлгүй маш их баялаг байна гэсэн үг. Тэгэхээр авлигатай тэмцэх тэмцэл, цахимжилтийн реформ нь үүний л төлөө байсан. Энэ нь эхнээсээ мэдрэгдэж эхэлж байгаа байх гэж бодож байна. Ямар систем, хаана угсрагдсан, юу болсон бэ гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа болов уу. Одоо УИХ-д эрдэс баялгийн сонсгол хийгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд лицензүүд хэн, хэнд хэрхэн очсон бэ гэдэг зүйлийг зайлшгүй ил болгох шаардлагатай” хэмээн дурдсан. Нөгөөтэйгүүр, өөрийнхөө эсрэг олон “дайсан” дуудсан.
Мөн баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдсан. Үүний цаана “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар байгаа гэдэг. Тэгэхээр Ерөнхий сайдын эсрэг “дайсан” улам л нэмэгдээд байна гэсэн үг.
Сүүлийн үед тэрбээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой С.Зоригийн амиа алдсан хэргийн мөрөөр “халзагнаж” улс төрийн хэд хэдэн ноцтой мэдэгдэл хийсэн. Үүндээ “Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав” гэсэн.
Ийнхүү авлигын эсрэг тэмцсэн сүүлийн Засгийн газар, мөн 76 гишүүнтэй сүүлчийн парламент Үндэсний баялгийн сангийн хуулийн хоёр талд зогсож байна. Энэ хууль жинхэнэ эх орончдыг таних “тест” юм шүү гэдгийг сануулъя.
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой зөв бичжээ ойрд ер нь үнэний талд зогсож байгаа сэтгүүлч ховордсон шүү ихэнх нь хаалтын гэрээтэй бас мөнгөний өмнө сөхөрч байна