Энэ удаагийнхаа “Өглөөний зочин” буландаа УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн баталлаа. Та УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байв, дэмжсэн үү?
-УИХ-д сонгогдсон 76 гишүүн дотор эсэргүүцэж байгаа хүн байхгүй байлгүй дээ. Нөгөө талаараа Монголын ард түмэнд дунд ч гэсэн эсэргүүцэж байгаа нэгэн байхгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь, үр дүнтэй байх нь чухал. Хууль нь хууль шиг батлагдснаараа цааш яваасай л гэж хүсэж байна.
-Хэлэлцүүлгийн үеэр гишүүд янз бүрийн л байр суурийг илэрхийлж байсан. Гэхдээ “Баялгийн сан нь бусад сан шиг ээ болчихвий” гэх болгоомжлол байгаа нь анзаарагдсан л даа?
-Үнэн. Нөгөө олон сангууд шиг халамжийн сан болчихвий. Луйварын сан болчихвий гэх эмзэглэл, болгоомжлолыг хэлж байсан олон хүн бий. Би ч гэсэн тэдэнтэй санал нэг байна. Гагцхүү газар доор байх байгалийн баялаг бол Монголын нийт ард түмний өмч. Өнгөрсөн хугацаанд хэрхэн яаж явж ирэв гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хамгийн гол нь, байгалийн баялгийг мэдээлэлд ойр, хэдхэн цөөн гэр бүл хүртэх үү, эсвэл ард түмнээрээ хүртэж байх уу гэдэг л асуудал юм.
СТРАТЕГИЙН ОРД ГАЗРЫГ ЖИЖИГЛЭЭД СТРАТЕГИЙН ОРД БИШ БОЛГОЧИХСОН БАЙНА
-Нөгөө талаараа улс төрийн зоримог шийдвэр гэж ойлгож байна?
-Тийм. Энэ удаагийн Засгийн газар, УИХ бол маш том улс төрийн эр зориг гаргаж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан. Нэгдүгээрт, энэ цаг үед амьдарч байгаа иргэдэд бодит хүртээмжийг нь хэрхэн хүртээх вэ. Анх удаа 2021, 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ноогдол ашгийг тарааж байна. Энэ бол сонгууль угтсан шоу биш. Байгалийн баялагтаа эзэн болж байгаа зүйл. Үнэхээр л 1072 хувьцааг эзэмшдэг юм бол Компанийн тухай хуулиараа тэнд хэдэн төгрөгийн ашигтай ажилласан, ноогдол ашиг хэр төвлөрөв гэдгийг хүн амдаа хуваагаад тэдэн төгрөг оногдохоор байна гэдэг л асуудал юм.
Хоёрдугаарт, энэ цаг үедээ идээд дуусгах юм уу. Ирээдүйн иргэдэд өр үлдээгээд явах юм уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Ирээдүйн хуримтлалын сан байгуулна. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хуримтлагддаг байна гэсэн үг. Хойч үедээ өр үлдээхгүй гэж ойлгож болно. Нөгөө талаараа байгалийн баялгаа ашиглаж томоохон мега төслүүдийг зөв зохистой ашиглаж, том төслүүдийг хэрэгжүүлнэ. Түүнээс дандаа гаднаас зээл авч, дандаа концесийн гэрээгээр өр зээл тавьж, зээлийн хүүд дарлуулж эдгээр том төслийг явуулахгүй. Хэрэв зөв ашиглаж чадах юм бол бидэнд стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг өөрсдөө дотоодын нөөц бололцоогоороо хөдөлгөх боломж байна. Ийм гурван асуудлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга явж байгаа юм. Үүнд дургүйцэх хүн нэг ч байхгүй байлгүй дээ. Гагцхүү иргэд наадахаа ярьж байгаа шигээ хийгээрэй гэдэг зүйлийг л хэлж байна.
-Хяналтыг яаж тавина гэсэн үг вэ?
-Ерөөсөө л Монголын ард түмэн хяналтыг тавина. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоотойгоор төрийн хяналтад л байна гэсэн үг. Өмнөх сангууд шиг идэж уугаад, луйвардана гэсэн асуудал л байхгүй болно гэж ойлгох хэрэгтэй. “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай л ажиллаж байвал жил бүр ноогдол ашиг авна.
-Стратегийн 16 орд гэж яриад байх шиг байсан. Эдгээр ордоос ес нь тодорхой, үлдсэн стратегийн орд нь тодорхой бус гэдэг зүйл хөндөгдсөн. Энэ ямар учиртай юм бэ?
-Стратегийн ордыг жижиглээд стратегийн биш орд болгочихсон байна. Тэгээд эзэмшээд явж байгаа мэр сэр зүйл бий. Уг нь бол улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоочихсон байдаг. Сая ганцхан “Эрдэнэс Тавантолгой”-оос л ноогдол ашиг хуваарилсан шүү дээ. Тэр стратегийн ач холбогдолтой бүхэл бүтэн 16 ордоос ноогдол ашиг хуваарилах юм бол нөгөө яриад байгаа нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэнэ гээд байгаа чинь шүү дээ. Гэхдээ эдгээр стратегийн ордыг төрийн мэдэлд 100 хувь авч чадаагүй байна. Бараг 30, 40 хувь нь стратегийн орд биш болчих гээд байх шиг байна. Эдгээр орд төрд авах, эргэлтэд оруулах, ашигтай ажиллах зэрэг ажлыг хийхийн тулд л Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан.
ИРГЭД ҮНИЙН ӨСӨЛТ, ИНФЛЯЦИ Л ЯРЬЖ БАЙНА
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент отгон чуулганаа хийж байна. Хаврын чуулганы өмнө гишүүд тойрогтоо ажилласан. Эдгээр өдрүүдэд ч ажиллаж байх шиг байна. Та тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзсан уу?
-Тэгсэн, тойрогтоо ажилласан.
-Иргэд голчлон юу ярьж байх юм бэ?
-Үнийн асуудал, инфляци л ярьж байна. Мах, гурил, эмийн үнийн асуудлыг ярьж байна. Гурилын үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Нэг кг мах 20 мянган төгрөгт хүрсэн байна. Төрийн оролцоог хүсээд байна, иргэд. Уг нь, зах зээлийн нийгэмд шилжээд удаж байна. Гэхдээ бид 100 хувь хувьд шилжчихсэн, зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтээр шийдэгдэнэ гэж хэлээд суугаад байж болохгүй.
-Яагаад тэр вэ?
-Мах, гурил, эмийн асуудал чинь бизнес болчихсон байна. Би өнгөрсөн жил мах, энэ жил гурил дээр ажилласан. Сая эм дээр ажиллалаа. Эндээс юу харагдаж байна гэхээр хэдхэн цөөн тооны монопол аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвилдаж, үнэ тогтоож байна. Хэдхэн компани л үнэ тогтоож байгаа нь харагдаж байна. Энд төрийн хяналт хаана байна вэ. Үүнийг иргэд ярьж байна. Тэгэхээр төр тохируулгаа хийх шаардлагатай болж байна. Оролцоотой байх хэрэгтэй болж байна. Зах зээлийнхээ зарчмаар шийдэгдэнэ гээд хаячихаж болохгүй байгаа биз дээ. Төрийн хяналтын механизмыг л иргэд илүүтэй ихээр хүсэж байна.
-Ингэхэд Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласан. Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойргоор бүсчилж явуулахаар боллоо. Бүсчилсэн тойргийн сул талыг хэрхэн харж байна вэ?
-Аливаа зүйл хоёр талтай байдаг. Мэдээж давуу тал зөндөө бий. Сул тал бас гарна. Үүнийгээ хэр тооцож байгаа юм бол. Орон нутгууд гээгдэнэ, хаягдана шүү. Одоо тойрог усаллаа л гэнэ, төсөв задаллаа л гэнэ. Тэр суманд, энэ суманд л гээд сайн муугаараа хэлүүлж л явна. Гол нь, тэнд чинь хүн амьдарч байгаа юм. Хүн байгаа л бол тэнд хөгжил байх л ёстой. Тойрог томссон нэрээр тэр жижиг сумын хөгжил хаягдах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнээс том утгаараа бүсчилж хөгжих нь зөв л дөө. Миний хувьд С.Амарсайхан гишүүнтэй алслагдсан гурван дүүргээ бие даасан статустай хот болгохын төлөө ажиллаж байна.
НАДАД ЯМАР НЭГЭН ДАРАМТ, ШАХАЛТ ИРЭЭГҮЙ
-Өнгөрсөн долоо хоногт “Эмийн сонсгол”-ыг зохион байгууллаа. Та Хянан шалгах түр хорооны гишүүнээр ажилласан хүний хувьд сонсгол хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн жилийн өдийд эмийн үнийн асуудлыг судлах, шалтгаан нөхцөлийг тогтоох Түр хороо байгуулах асуудал сөхөгдөж, яригдсан. УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж байсан. Харамсалтай нь, өмнөх Ажлын хэсэг үр дүнтэй ажиллаж чадаагүй. Н.Учрал гишүүн ч сайд болоод явчихсан. Хуулиараа Түр хороо зургаан сарын хугацаанд ажиллах ёстой байдаг. Тэр хугацаа нь ч дууссан. Татан буулгах эсэх асуудал хөндөгдсөн. Тэр үед Ж.Чинбүрэн гишүүн “Түр хороог татан буулгамааргүй байна. Эмийн үнэ, чанарын асуудал анхаарал татаж байна” гэдэг саналыг гаргасан. Ингээд хугацааг нь нэг удаа буюу зургаан сараар сунгасан. Ж.Чинбүрэн гишүүн ахлаад долоон гишүүн орж ажилласан.
-Та бүхэн хэр хугацаанд ажилласан билээ?
-Бид дөрөв, таван сар ажилласан. Маш олон газраар явсан. Эмийн үнэ, чанарын асуудалтай холбоотой эрхлэх, харьяалах бүх байгууллагад ажилласан. Хил, гааль, лаборатори гээд байж болох бүх л газраар орсон. Шинжээч, хянан шалгагч нараа томилсон. Тэд ч материалаа сайн бүрдүүлсэн гэж бодож байна. Өнөөдөр эм хэрэглэдэггүй айл гэж байхгүй. Хянан шалгагчид эмийн хяналтын тогтолцоо алдагдсан байна гэж дүгнэсэн. Бид ч гэсэн тэдэнтэй санал нэг байна.
-Сонсголын үеэр иргэд тодорхой хэмжээгээр зөвшөөрөлгүй, чанаргүй, стандартын шаардлага хангаагүй, хууль бус эм хэрэглэдэг нь тодорхой боллоо шүү дээ?
-Эмийн үнэ өндөр үү, өндөр. Чанартай юу гэхээр баталгаа байхгүй.
-Иргэд биеэрээ л туршиж байгаа шүү дээ. Өвдлөө, эмнэлэгт хэвтлээ. Эмийн сангаас эм авлаа. Уугаад байдаг, өвчин нь эдгэдэггүй. Эсрэгээрээ гадаад явсан хүнд эм захилаа, уулаа, богино хугацаанд эдгэлээ. Ийм л зүйл ярьж байгаа шүү дээ, иргэд. Манайх хил, гаалиар орж ирж байгаа эмийг хянаж чадаж байгаа эсэх, чанартай гэдгийг нь баталгаажуулж чадаж байна уу. Уг нь, бүртгэлтэй эмүүд л орж ирдэг гэж ойлгодог. Гэтэл Түр хорооны хурал, сонсголоос өмнө ажилласан бүх хугацаанд мэдээлэл авахад хил, гаалиар орж ирэхээсээ эхлээд л асуудал байна. Бүртгэгдээгүй эм орж ирдэг юм байна. Хяналт, шалгалтаас гадуур эм орж ирж байна л гэсэн үг. Эндээс хил, гаалиар 100 хувь эмээ хянаж оруулж ирж чаддаггүй нь харагдаж байна.
Манайд улсын хоёрхон лаборатори байна. Газар дээр нь очиж танилцлаа. Зориуд өргөн хэрэглээний 10 гаруй эмийг хоёр лабораторид шинжлүүллээ. Таарц нь ямар байгаа эсэхийг үзлээ. Гэтэл Эрүүл мэндийн яамны харьяа лабораторийн нөхцөл байдал, одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь хуучин, орчин үеийн гэж хэлэхэд хэцүү болсон байна. Дээр нь хүний нөөцийн асуудал хөндөгдсөн. Энэ 2021, 2022 онд борооны дараах мөөг шиг олон болсон Эмийн сан байна. Улсын хэмжээнд 2000 гаруй Эмийн сан байна. Энд ямар хүмүүс ажиллаж байна вэ.
Эм зүйчдийг хэрхэн бэлдэж байна вэ. Сургууль нь лабораторигүй байна. Огт лабортарид ажиллаж үзээгүй хүмүүс бэлтгэгдэж гарч байх жишээтэй.
-Сонсголын үеэр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа дарга нарын 80 гаруй хувь нь эмийн бизнес эрхэлдэг, хамаарал бүхий этгээд байна гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Тэр 110 хүнээс 80 гаруй хувь нь хамаарал бүхий байна гэдэг нь одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа хүмүүс биш юм. Харин Эрүүл мэндийн яаманд 2018-2023 оны хугацаанд ажиллаж байсан үе, үеийн дарга нар гэж ойлгох хэрэгтэй. Газрын даргаас дээш албан тушаал хашиж байсан, ажиллаж байгаа хүмүүс юм. Ардаа дандаа эм ханган нийлүүлэх байгууллагын хамааралтай гэсэн үг. Тэнд хамааралтай хүмүүс суугаад бүртгэх, бүртгэхгүй, лиценз гаргах эсэхийг хянаад сууж байна шүү дээ.
-“Эмийн сонсгол”-ын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нарт сүрдүүлсэн мессеж, дарамт ирсэн гэж мэдэгдсэн. Танд ямар нэгэн дарамт, шахалт ирэв үү?
-Үгүй. Надад янз бүрийн дарамт ирээгүй.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Энэ санг лалар төр хариуцвал Бас хулгай луйвар болно.МАН Урьд нь байсан хүүхдийн сан мөнгийг тоноод идсэн шүү.Шоу хулгайч нараа