ХАМАС болон Израил хэлэлцээ хийх үү?

2024 оны 05 сарын 28

- Буулт хийх хэрэгтэй болно гэв - 

ХАМАС хөдөлгөөний зүгээс Израил энхийн хэлэлцээрт бэлэн байгаа гэх мэдээлэл алга гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Тель-Авивын түрэмгийллийг Газын зурвас даяар зогсоох ёстой гэж тус хөдөлгөөн үзэж байна. Израилд Газын зурваст гал зогсоож, ХАМАС-т олзлогдоод байгаа израилчуудыг нутаг буцаахыг шаардсан жагсаал цуглаан болсон юм. Европын гурван улс Палестиныг хүлээн зөвшөөрч, АНУ-ын дэмжлэг суларсан зэрэг нь олон улсын тавцанд Израилийн байр суурь суларч байгаагийн илрэл гэж шинжээчид тэмдэглэж байна. Улс төр судлаачдын үзэж байгаагаар эрт орой хэзээ нэгэн цагт Биньямин Нетаньяхугийн Засгийн газар палестинчуудтай бүтээлч хэлэлцээ хийхээс өөр аргагүйд хүрнэ, гэхдээ одоог хүртэл тогтвортой энх тайвны тухай яриа байхгүй байна.

ХАМАС-аас мэдээлснээр, Палестины хөдөлгөөн Газын зурваст эвлэрлийн гэрээ байгуулах тухай Израилтай хэлэлцээгээ сэргээх талаар зуучлагчдаас мэдээлэл хараахан аваагүй байгаа аж. Үүний зэрэгцээ ХАМАС зөвхөн Рафах хотод бус, Израил даяар дайсагналаа зогсоохыг шаардаж байгаа. Өмнө нь Ливаны Al Mayadeen телевизийн суваг ХАМАС хөдөлгөөний өндөр албан тушаалтны ярьснаас иш татан мэдээлэхдээ “Израилийн тал боломжит энхийн хэлэлцээрт нухацтай хандахгүй байна. Израил үгээ үйлдлээр батлахад бэлэн биш байгаа бөгөөд гэмт үйлдлээ нуухын тулд зохицуулалт хийж байна гэж ХАМАС үзэж байна. ХАМАС-ын хувьд өдөр тутмын аллага, харгислалыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа” гэж мэдээлсэн.

Мөн Ройтерс агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Египет, Катарын зуучлал, АНУ-ын оролцоотойгоор ХАМАС, Израилийн хооронд яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байсан юм. Ирэх долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Сэтгэл ханамжгүй байдал хурцдав

Биньямин Нетаньяхугийн Засгийн газрыг эсэргүүцсэн Израилийн эсэргүүцлийн шинэ давлагааны үед ХАМАС болон Израилийн хооронд хэлэлцээр хийж магадгүй тухай мэдээлэл гарч ирэв. Хүмүүс Тель-Авивын гудамжинд гарч, Газын зурваст гал зогсоож, 2023 оны аравдугаар сараас хойш ХАМАС бүлэглэлд олзлогдсон Израилийн иргэдийг буцааж өгөхийг уриалав. Жагсагчид Б.Нетаньяхуг авлигын хэрэгт буруутгаж, мөн түүний дайны арга барилыг шүүмжилж байна.

Өмнө нь тавдугаар сарын эхээр Израил даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, түүнд оролцогчид ХАМАС-ын удирдлагын санал болгосон гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг эрх баригчдад уриалж байсан юм. Эгдүүцсэн иргэд Засгийн газраас Рафах хотод халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа нь Израилийн дайнд олзлогдогсдын амь насанд аюул учруулна гэж үзжээ.

Судлаачид “Баруун, зүүний сөрөг хүчин хүмүүсийг гудамжинд гаргасаар байна. Израилд олон хүн Нетаньяхугийн бодлогод сэтгэл дундуур байгаа, мэдээжийн хэрэг одоо энэ дургүйцэл улам бүр дордоно. ХАМАС Израилийн байдлыг анхааралтай ажиглаж, өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна” гэж тайлбарлав.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Израилийн Ерөнхий сайд Газын зурвас дахь Египеттэй хиллэдэг Рафах хотыг эзлэн авч, тэнд байрлах ХАМАС-ын батальонуудыг устгахаар төлөвлөж байгаагаа зарласан юм. Израилийн тал барьцааны хүмүүсээ суллаж, гал зогсоох тохиролцоонд хүрч чадсан эсэхээс үл хамааран үүнийг хийх бодолтой байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын мэдээлснээр Рафахт бараг 1.5 сая дүрвэгч бий.

Энэ сарын эхээр Израилийн цэргийнхэн Египеттэй хиллэдэг Рафах шалган нэвтрүүлэх боомтыг эзэлж, хаасан бөгөөд энэ цэгээр дамжуулан хүмүүнлэгийн тусламж болон бусад ачааг Газын зурваст хүргэж байна. Гэвч Израилийн талын үзэж байгаагаар уг цэгийг мөн л террорист зорилгоор ашигласан байна.

Израилийн үйлдлийг НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар буруутгалаа. Тус газрын төлөөлөгчийн хэлснээр, Израилийн эрх баригчид мөргөлдөөний үеэр энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой олон улсын хуулийн бүх хэм хэмжээг зөрчсөн байна. Израил энгийн иргэдэд аюултай газраас гарах шаардлагатайг анхааруулаагүй бөгөөд аюулгүй маршрут гаргаж өгөөгүй аж.

Тавдугаар сарын 24-нд Гааг дахь Олон улсын шүүх Израилийг Рафах дахь цэргийн ажиллагаагаа зогсоохыг үүрэг болгосон шийдвэр гаргажээ. Мөн парламентын сөрөг хүчнийхэн Нетаньяхуд итгэл үзүүлэхгүй байх тухай санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа нь тодорхой болсон байна. Парламентын гишүүд Ерөнхий сайдыг бодлого нь бүтэлгүйтсэн, мөн ХАМАС-т олзлогдоод байгаа нутаг нэгтнүүдээ эх орондоо авчрах боломжгүй болгосон гэж буруутгаж байна.

Бүх талаас буруутгав

Израилийн үйлдлийг Цагаан ордонд ч шүүмжилсэн... АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын эхээр хэлэхдээ “Хэрэв Израил Рафах руу орвол АНУ энэ ажиллагаанд зэвсэг нийлүүлэхгүй. Америкчууд Израилд агаарын довтолгооноос хамгаалах системийг үргэлжлүүлэн шилжүүлэх боловч зэвсэг, их бууны сум экспортлохоо зогсоох болно” гэсэн.

Нэмж дурдахад, мөн Палестиныг Европын гурван улс болох Норвег, Испани, Ирланд нь тусгаар тогтносон улс хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цаг хугацаа Нетаньяхугийн эсрэг байна. Мөргөлдөөн удаан үргэлжлэх тусам Израилийн байр суурь улам ноцтой суларч байгаа аж. Зөвхөн Араб, исламын орнуудаас төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс Израилийн эрх баригчдыг буруутгажээ. Үүний тод жишээ бол Палестиныг гурван улс зэрэг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Европын хэд хэдэн улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь үнэн хэрэгтээ Палестиныг олон улс эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөхийн “өмнөх үг” гэж шинжээчид бичжээ. Барууны орнуудад Израил, Палестины талаар нэгдмэл үзэл бодол байдаггүй бөгөөд Газын зурвас дахь энгийн иргэд дээр унасан Израилийн бөмбөг бүр дэлхий даяар Палестиныг дэмжих үзэл бодлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг гэж шинжээчид тайлбарлав.

Мөн дайны талбарт ЦАХАЛ урьдын байлдааны хүчин чадалгүй болж, ихээхэн хохирол амсаж байна гэжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын эрх баригчид цэргийн ажиллагааг зогсоох цаг болсныг Израилд нэгэнт ойлгуулсан байна. Америкийн тал ажиллагааг хоёрдугаар сараас хэтрүүлэхгүй байхыг хүссэн ч хойшлогдсон. Үүний зэрэгцээ Орос, Турк, Арабын орнууд зэрэг бусад орон ч мөргөлдөөнийг аль болох хурдан зогсоохыг дэмжиж байна.

Энэ бүхнийг харгалзан Израил буулт хийх хэрэгтэй болох магадлал өндөр аж. Палестин оршин тогтнох эрхийг олж авбал бүс нутагт энх тайван бий болно гэж зарим шинжээч өгүүлж байна. Израил Палестины зарим шаардлагыг хүлээн авч, Газын зурвасаас тэднийг бүрмөсөн эсвэл хэсэгчлэн гаргах төлөвлөгөөгөө орхих ёстой аж. Гэсэн хэдий ч Израилийн эрх баригчид буулт хийх хүсэл эрмэлзэлээ хараахан харуулаагүй байна. Хэрэв яриа хэлэлцээ хийх боломжтой бол энэ нь тогтвортой энх тайвны тухай биш харин эвлэрлийн сэдвээр зөвхөн тактикийн шинж чанартай байх гэнэ.

Гэхдээ талууд эрт орой хэзээ нэгэн цагт хэлэлцээр хийхийг үгүйсгэхгүй гэв. Нетаньяху дайснаа устгах замаар асуудлыг хүчээр шийдэхийг хэчнээн хүсэж байсан ч нөхцөл байдал энхийн замаар буулт хийх хэрэгтэй болгох аж. Хэлэлцээрт Израил цэргийн давуу талдаа найдаж, нөхцөлөө тулгах хүсэлтэй байгаа нь тодорхой. ХАМАС ч гэсэн Израилд бууж өгөхөд бэлэн биш байна. Учир нь тус хөдөлгөөн Палестиныг бүхэлд нь чөлөөлөхийг шаардаж буй уриа лоозонгоо орхиж чадахгүй. Тиймээс хэлэлцээ маш хүнд байх болно гэж шинжээчид дүгнэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldoo(178.174.229.45) 2024 оны 05 сарын 28

HAMAS GJ ZUGEER MUUSAIN TERORISTUUD

0  |  0
Top