Сэцэн ханы хүлгүүд хурдтай гэдэг сэцэнханчууд манлайлж чадна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

УИХ-ын 2024 оны сонгуулийн говийн бүсийн 6 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, Доронод аймгийн Засаг дарга Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгийн сонгуулийн сурталчилгаа Дорнод аймагт үргэлжилж байна.

Сурталчилгаа эхэлсэн 4 хоногийн хугацаанд Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ болон хамтран нэр дэвшиж байгаа журмын нөхдийнхөө хамт сурталчилгааны нээлтийн ёслолоо Чойбалсан хотод хийж, Сүхбаатар аймгийн Халзан, Онгон, Дарьганга, Наран, Эрдэнэцагаан зэрэг сумуудад иргэд сонгогчидтой уулзан, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж явна. Нэр дэвшигчид богино хугацаанд олон мянган хүнтэй уулзахдаа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хуучны Сэцэн хан аймгийнхан маань эргэн нэгдэж, тус тусдаа биш хамтдаа хөгжлийн бодлогоо тодорхойлохоор болсонд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.  

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Бадамсүрэнгийн хувьд ажил амьдралын намтар маш товч бөгөөд тодорхой. Дорнодчуудын хувьд нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажлын гаргаагаа эхэлсэн цагаас хойш тасралтгүй зүтгэж байгаа хичээл зүтгэлийг нь андахгүй. Одоо түүнд зөвхөн гэлтгүй Зүүн бүс, сэцэнханчуудынхаа төлөө зүтгэх цаг иржээ.

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Бадамсүрэн ШУТИС-ийг Нефть ба хийн хадгалалт тээвэрлэлт мэргэжлээр төгссөний зэрэгцээ төрийн захиргааны менежер мэргэжил эзэмшсэн. Дорнод аймагтаа хувийн хэвшлийн шатахууны компанид мэргэжлээр ажиллаж байгаад 2009-2012 онд аймгийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дэд дарга, 2012-2014 онд МАХН-ын хорооны дарга, 2014-2015 онд Дорнод аймгийн Засаг даргын орлогч, 2015 оноос одоог хүртэл Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа.

Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт Зүүн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эрчимжсэн мал аж ахуй, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр логистик, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал гэж тодорхойлон ирэх жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтуудыг хийхээр тусгасан.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өрнө дорныг холбосон Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт-Түмэнцогт чиглэлийн 418 км автозамыг Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаар дамжуулан барих, эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулах, орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх,  хувийн хэвшил, хоршоодыг дэмжих зэрэг зорилт дэвшүүлээд байна.

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Бадамсүрэн сонгогчидтой уулзах үеэрээ Зүүн бүс маань Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор далайд гарах гол цэг болох учраас Чойбалсан-Хөөт-Бичигтийн боомт чиглэлийн төмөр зам барих бүтээн байгуулалтыг болон Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнээ. Дорнод аймагтаа хэрэгжүүлж, үр дүнгээ өгөөд байгаа  "Арван мянган хүлэмж" төсөл, Хүн болох багаасаа" хөтөлбөр зэргийг Зүүн бүсийн хэмжээнд өргөтгөн хэрэгжүүлнэ гэлээ.

Сүүлийн 5 жилд хэрэгжсэн "Арван мянган хүлэмж" төслийн үр дүнд өрхийн тариалан эрхлэх, үр үрсэлгээ хийх, дадлага ажил гүйцэтгэх сургалт бааз бий болж, Дорнод аймгийн 1200 өрх хүлэмжтэй болж, хүлэмжийн массын тариалалтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тус аймагт хашаанд амьдардаг 10 мянган өрх бий. Төслийн хүрээнд эдгээр бүх өрхийг хүлэмжтэй болгох зорилт тавиад байгаа юм байна.  Ингэхдээ орон нутгийн төсвийн санхүүжилтээр хөнгөлөлттэй үнээр буюу 1,7 сая төгрөгийн өртөгтэй хүлэмжийг 90 хувь хөнгөлж, 170 мянган төгрөгөөр олгох ажээ. Энэ онд орон нутгийн төсвийн 719 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зуны нийлэг хальсан хүлэмжийн тоог 1556-д, талбайн хэмжээг 50.3 мянган мкв-д хүргэх гэнэ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хуучны Сэцэн хан аймаг эргэн нэгдэж, тус тусдаа биш хамтдаа хөгжлийн бодлогоо тодорхойлж, хамтран ажиллах болсонд баяртай байна гэж нэр дэвшигч М.Бадамсүрэн хэллээ.

Сэцэн ханы хүлгүүд хурдтай гэдэг сэцэнханчууд Бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхэд манлайлж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

 

Top