Н.Батсүмбэрэл: 2000 айлын хашааны оронд 12,000 айлын орон сууц босно

2024 оны 06 сарын 15

Улаанбаатарын хэмжээнд иргэдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх цөөхөн газрын нэг Хайрхан хөгжлийн төвд өнөөдөр УИХ-ын 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Н.Учрал, Н.Батсүмбэрэл, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар, О.Батнайрамдал, Г.Дашням нар тойргийнхоо 3000 иргэнтэй уулзалт хийлээ.

Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар оролцож “Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт байгуулагдах Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг зогсоохгүйн тулд 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжих”-ийг уриаллаа.

Тэрбээр “Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нийслэлээс барьж байгаа хамгийн тэргүүн ээлжийн бодлого бол Сэлбэ дэд төвийн 12000 айлын бүтээн байгуулалт. Ирэх долдугаар сард бид барилга угсралтын тендер зарлахаар болсон. Бид багаараа ялж чадвал Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилнэ. Н.Учралын багийг багаар нь дэмжээрэй” гэлээ.

Тус тойрогт нэр дэвшигч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Сэлбэ дэд төвийн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 18-р хороо буюу Чингэлтэйн аманд 2000 айлын газрыг чөлөөлж эхэлсэн. 2000 хашааны оронд 12000 айлын орон сууц баригдана. Энэ орон сууцны хорооллын 40 хувьд нь ногоон байгууламж, үлдсэн хэсэгт хүнд хэрэгтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, худалдаа үйлчилгээний төв гээд хүний хэрэгцээг цогцоор нь шийдсэн шинэ хотын суурь босох юм.

Барилга нь галд тэсвэртэй шилэн пасадтай, шугам хоолой нь зэсээр хийгдсэн иргэдийн эрүүл мэндийг дэмжсэн технологи бүхий орон сууцны хороолол болно. Энэ ажил гараанаас эхэлсэн. Ирэх намраас ажил нь үргэлжилнэ. Бид эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, дахин төлөвлөлт, “Сэлбэ” дэд төв, “Дэнжийн 1000” дэд төв, Сервис центр зэрэг жишиг бүтээн байгуулалтуудаа Сүхбаатар дүүрэгтээ, Улаанбаатар хотдоо үргэлжлүүлэхийн тулд нэр дэвшиж байна. Ирж яваа цагийн түүхийг ирээдүйн залуус бүтээнэ. Шударга ёсны төлөө ярих биш бодитоор тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнийн үйл хэрэгт хүч нэмэхийн тулд УИХ-д нэр дэвшиж байгаа. Илүү олуулаа байх тусам илүү хүчтэй байж шударга ёс, хууль засагладаг тогтолцоонд илүү хурдан хүрнэ. Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илгээж, итгэл үзүүлсэн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриалж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороонд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл амжилттай хэрэгжиж, одоогийн байдлаар 1000 гаруй айл газраа чөлөөлөхөөр Улаанбаатар хотын захиргаатай гэрээ хийсэн байна. Тэдний 500 нь аль хэдийнэ мөнгөө авч, газраа чөлөөлжээ.

Өнөөдрийн уулзалт зохион байгуулагдсан Хайрхан хөгжлийн төв нь Чингэлтэй дүүргийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Олон улсын стандартад нийцсэн 800-2000 хүний суудалтай хөлбөмбөг, сагсанбөмбөг, волейбол, теннисний талбай, спорт заалтай. Усан бассейн, хоккейн талба, 300 хүний багтаамжтай задгай театртай бөгөөд төвийг тойрон төрөл бүрийн мод тарьж ногоон орчныг бүрдүүлжээ. Уг төв ашиглалтад орсоноор Салхит орчмын зуслангийн айлууд хотын төв рүү зүглэхгүйгээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой болсон байна. 

 

 

Top