ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 20

Өнөөдөр 2024.08.20. Энэ оны 233 дахь өдөр бөгөөд он дуусахад 133 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 54 минутад мандлаа. 19 цаг 57 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 12 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн шумуулаас хамгаалах өдөр, Олон улсын залхуурлын эсрэг өдрийг тэмдэглэж байгаа бол Унгарт Гэгээн Стефанигийн өдөр, Мароккод Хувьсгалын баяр, Сенегал, Эстони улсууд тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Украины найруулагч Валерий Шевчук, АНУ-ын мэргэжлийн боксын алдарт промоутер Дон Кинг, Америкийн дуучин, жүжигчин Эми Адамс, ОХУ-ын яруу найрагч Владимир Вишневский, Их британийн жүжигчин, дуучин Бен Барнс нарын алдартнууд төржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1619 оны энэ өдөр Голландын хөлөг онгоц Америкт анхны 20 хар арьст боолыг хүргэн өгч байжээ.

1868 онд АНУ-д Хойд, Өмнөдийн иргэний дайн албан ёсоор өндөрлөжээ.

1921 оны энэ өдөр Ховдыг чөлөөлөх байлдааныг барга гүн Дамдинсүрэн, гүн Магсаржав нар удирдаж, баруун хязгаарын захирагч Наваанцэрэн, Жалханз хутагт Дамдинбазар, Жа лам Дамбийжанцан нар хамтран оролцсон байна.

1953 онд ЗХУ устөрөгчийн бөмбөгийг амжилттай туршжээ.

1969 оны энэ өдөр The Beatles хамтлаг хамгийн сүүлд бүрэн бүрэлдэхүүнээрээ цугласан байна.

1988 онд Иран, Иракийн дайн дууслаа.

2008 оны энэ өдөр Испанийн Мадрид хотод McDonnell Douglas MD-82 онгоц осолдож, 154 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй.

Билгийн тооллын 16, Чөдөр одтой, улаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:54-19:57. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.65.160) 2024 оны 08 сарын 20

Сэтгүүлч маанв ажилдаа орж, зурхай энэ 2-оо нийтэлж байгаад баяртай байнаа

0  |  0
Top