Израилын арми Ливаны хил орчмын бүсэд агаарын хүчтэй цохилт өгөв. Израилын талын мэдээллээр, ажиллагаанд 100 орчим сөнөөгч онгоц оролцсон бөгөөд Хезболла хөдөлгөөний зүгээс бэлдэж байсан халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой байжээ. Хожим нь Хезболла бүлэглэл хариу болгон Израилыг пуужингаар харвасан тухай мэдээлэв. Хезболла бүлэглэл үүнийг өнгөрсөн долоодугаар сард Израилын армийн Бейрут хотод өгсөн агаарын цохилт болон тус бүлэглэлийн удирдагчдын нэг Фуад Шукрын амийг хөнөөсний хариу арга хэмжээ байсан хэмээн онцолжээ. Ням гарагийн агаарын цохилт нь Израилын армийн хуурай газрын давшилтын оршил болно гэдэгт харин шинжээчид эргэлзэж байна.
Наймдугаар сарын 25-ны өглөө Израилын Нисэх хүчний сөнөөгч онгоцнууд Ливаны өмнөд хэсэгт байрладаг Хезболла бүлэглэлийн объектуудад хүчтэй цохилт өгсөн тухай Израилын армийн албан ёсны төлөөлөгч Даниэл Хагари мэдээлсэн юм. Израилын Зэвсэгт хүчний 100 орчим сөнөөгч онгоц Хезболлагийн зэвсэг бүхий мянга гаруй контейнерыг устгажээ.
Al Jazeera сувгийн мэдээллээр, Ливаны хил орчмын бүс нутаг цохилтод өртсөн байна. Үүний улмаас гурваас доошгүй хүн амиа алдсан гэж Ливаны эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Нөхцөл байдал дахин хурцадсантай холбогдуулан Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати сайд нарын онцгой хороог хуралдуулсан байна.
Тель Авивын онцолсноор, цохилтыг Хезболла бүлэглэлийн зүгээс бэлдэж байсан халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор өгсөн байна. Үүний үр дүнд Ливаны газар нутгаас өгсөн цохилтын үр дагаврыг бууруулж чаджээ.
Израилын цохилтын хариуд Хезболла хөдөлгөөн өнгөрсөн долоодугаар сард Бейрут хотод өгсөн цохилт, Хезболла хөдөлгөөний удирдагчдын нэг Фуад Шукрын амь насыг хөнөөсний хариу ажиллагааг эхлүүлсэн тухай зарлав. Ливаны нутаг дэвсгэрээс Израилын зүг 320 орчим пуужин харваж, дрон хөөргөжээ. Цохилтын бай нь Израилын армийн 11 цэргийн бааз болон бусад объектууд болжээ.
Хожим нь Хезболла ажиллагааны нэгдүгээр үе шат дууссан тухай мэдээлж, шиит хөдөлгөөний тэргүүн Хасан Насралла байг хэрхэн сонгосон тухай тодруулсан байна. Түүний хэлснээр, хариу цохилтын байг сонгохдоо иргэний объект, энгийн иргэн бус харин Тель Авив хотоос холгүй байрладаг цэргийн объектууд болон Фуад Шукрын аллагатай холбоотой объектуудыг сонгожээ.
Шинжээчдийн онцолсноор, Хезболла долоодугаар сарын халдлагыг зүгээр өнгөрүүлэхгүй нь тодорхой байсан. Нөгөө талаар, энэхүү хариу арга хэмжээ нь нөхцөл байдлыг хурцатгах уу гэсэн асуултыг тавьж байна. Аливаа тал хариу үйлдэл боловсруулахдаа шууд болон урт хугацааны үр дагаврыг нь тооцоолдог хэмээн ажиглагчид тайлбарлажээ. Тэдний таамаглаж буйгаар, Хезболла хөдөлгөөний хариу ажиллагаа эхний шатаар хязгаарлагдахгүй байх талтай.
Хезболла бүлэглэл ажиллагааны эхний үе шат дууссан хэмээн мэдэгдсэн нь ажиллагааг үүгээр зогсоохгүй гэдгээ хэлж байна. Нөгөө талаар, энэ бол цар хүрээ болон үр дүнгийн хувьд хүчтэй цохилт байсан. Хезболла, Иран хоёр бие даан хөдөлж байгаа нь харагдаж байна. Талууд тус бүр өөрийн стратеги, цар хүрээнд хариу арга хэмжээ авч байна гэж шинжээчид үзэж байна. Ингэхдээ хариу цохилтын хоёрдугаар үе шат ийм өргөн цар хүрээтэй байхгүй гэж шинжээчид таамаглаж байна. Тэдний үзэж буйгаар, хоёрдугаар үе шатыг тодорхой хугацааны дараа зохион байгуулж болзошгүй бөгөөд пуужингийн цохилт, хорлон сүйтгэх ажиллагаа болон харилцан тэгш бус дайны бусад хэлбэрээс бүрдсэн цогц арга хэмжээ байх талтай.
АНУ Израилыг дэмжсээр байна
Ойрх Дорнодод нөхцөл байдал дахин хурцадсантай зэрэгцэн Египетийн Гадаад хэргийн сайд Бадр Абдел Аты бүс нутгийн дайнд шилжихээс урьдчилан сэргийлэхийг уриалав. Тэрбээр Газын зурваст гал зогсоох тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх нь тус зурваст үүсээд буй сүйрэлд цэг тавих ач холбогдолтой хэмээн мэдэгдэв.
Харин Израилын Гадаад хэргийн сайд Исраэл Кац олон улсын хамтын нийгэмлэгт хандан Израилыг дэмжихийг уриалжээ. Түүний хэлснээр, Тель Авив нь Хезболла бүлэглэлээс цохилт өгөхөөр бэлтгэж байгаа мэдээлэл бүрэн батлагдсаны дараа Ливаны нутаг дэвсгэрт цохилт өгчээ. Тэрбээр, Израил нь Иран тэргүүтэй муу хүчнээс өөрийгөө хамгаалж байгаагаас дайн хийхийг зориогүй хэмээн онцолсон байна.
Axios портал эх сурвалж дурдан дамжуулахдаа, Тель Авив Ливаны нутаг дэвсгэрээс цохилт өгөхөөр бэлтгэж буй талаар Вашингтонд мэдээлж байжээ. Израилын армийн хүчтэй цохилтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын эрх баригчидтай холбоотой ажиллах үүрэг өгсөн тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Шон Сэввет мэдээлсэн байна. “Ерөнхийлөгч Жо Байдены өгсөн чиглэлийн дагуу АНУ-ын холбогдох албан тушаалтнууд Израилын талтай байнгын холбоотой ажиллаж байна. АНУ Израилд өөрийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлсээр байх бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үүднээс идэвхтэй хамтран ажилласаар байна” хэмээн Сэввет мэдэгджээ.
Энэ нь сүүлийн үед Израилын зүгээс Ливаны нутаг дэвсгэр өгч буй анхны цохилт биш юм. Үүнээс өмнө Израилын арми Хезболла бүлэглэлийн 20 гишүүнийг устгаж, Ливан дахь 70 цэргийн объектод цохилт өгсөн талаар мэдээлж байсан билээ.
2023 оны аравдугаар сараас хойш Израилын арми давхардсан тоогоор тус хөдөлгөөний 500 орчим гишүүнийг устгаад байна гэж Израилын армийн төлөөлөгч Авихай Эдри мэдээлжээ.
Даниэл Хагарийн тодруулснаар, Израил нь Хезболла бүлэглэлийг сулруулах зорилгоор системтэй цохилт өгөхөөр төлөвлөж байгаа. Израилын армид давшилтын хэд хэдэн төлөвлөгөө бий. Ингэхдээ Израилын арми тус улсын улс төрийн удирдлагуудын шийдвэрийн дагуу арга хэмжээ авна гэж Хагари онцлон тэмдэглэсэн байна.
Амжилтад хүрэхэд юу саад болж байна вэ
Сүүлийн хэдэн сар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Израил Ливаны нутаг дэвсгэрт хуурай газрын ажиллагаа явуулж магадгүй хэмээн бичиж байсан билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “The Times” сонин, Израилын арми Өмнөд Ливанд цөмрөн орох төлөвлөгөөг боловсруулсан хэмээн бичиж байв. Харин энэ оны зургаадугаар сард Израил хөрш зэргэлдээх улсад явуулах цэргийн ажиллагааны төлөвлөөг баталсан тухай албан ёсоор мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч Тель Авив Ливаны нутагт цэргээ одоогоор оруулаагүй байгаа.
Израилын талаас Ливаны хил орчмын бүс нутагт ням гарагт өгсөн хүчтэй цохилт нь бүрэн хэмжээний хуурай газрын ажиллагааны оршил болохгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна.
Москвагийн зүгээс Израил, Иранд хандан нөхцөл байдлыг цаашид хурцатгахгүй байхыг уриалж байна. “Ням гарагт Израилын зүгээс Ливанд нэлээн хүчтэй цохилт өгсөн. Гэсэн хэдий ч энэ нь өргөн цар хүрээтэй ажиллагаа биш. Учир нь ингэснээр Израил урт хугацааны ажиллагаанд татагдан оролцох ёстой болно. Ижил төрлийн мөргөлдөөний түүхээс үзвэл Ливаны уулархаг газрын онцлог амжилтад хүрэхэд нь саад болдог” гэж шинжээчид дүгнэжээ.
Израил Ливаны нутаг дэвсгэрт цөмрөн орвол ихээхэн хохирол амсахаас гадна олон улс, тэр дундаа холбоотнуудынхаа зүгээс ихээхэн шүүмжлэлд өртөнө. Израил нь тэртээ тэргүй дэлхий дахинд, тэр дундаа АНУ-ын зүгээс зэмлэл хүртэж байгаа. Израилын хувьд бол энэ нь гадаад бодлогын чухал хүчин зүйл гэж ажиглагчид онцолжээ.
Израил нь Ливаны өмнөд хэсэгт урт хугацааны өргөн цар хүрээтэй ажиллагаанд оролцохоос зайлсхийхийг эрмэлзэж байна. Ням гарагийн цохилт нь бага хүчээр болон техникийн давуу байдалдаа тулгуурлан Хезболла бүлэглэлийн чухал дэд бүтэц, шийдвэр гаргах төв болон удирдлагуудад цохилт өгнө гэсэн Израилын стратегид нийцэж байгаа. Ийм тактик үр дүнтэй болохоо урьд нь харуулж байсан юм гэж шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )