ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 28

Өнөөдөр 2024.08.28. Энэ жилийн 241 дэх өдөр ба он дуустал 125 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандаж, 19 цаг 41 минутад жаргана.

Улаанбаатар хотод аянга цахилгаантай бороо орно. Өдөртөө 22 градус, шөнөдөө 12 градус дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ Мөрөөдлийн өдөр, Испани улаан лоолиор байлдах баяр, Итали Венецийн кино наадам, Мексик Өвөө, эмээгийн өдөр, Литва Төмөр замчдын баяр, Монтенегро Хаант улсыг тунхагласан өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы алдарт зохиолч, эрдэмтэн Иоханн Вольфганг Гёте, Италийн хөгжмийн зохиолч Умберто Жордано, Английн физикч, Нобелийн шагналт Годфри Хаунсфилд, “Покемон” аниме, манга, видео тоглоомын зохиолч Сатоши Тажири, Канадын дуучин Шэнайя Твейн, АНУ-ын жүжигчин, загвар өмсөгч Сара Ремер нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1565 оны энэ өдөр Хойд Америкт байгуулагдсан европчуудын анхны суурин болох Сан Агостин хот байгуулагджээ.

1842 онд Британийн “Waterloo” усан онгоц осолдож, 189 хүн амиа алдав.

1937 оны энэ өдөр автомашин үйлдвэрлэгч “Тоёота” бие даасан компани болжээ.

1946 оны энэ өдөр АНУ Монгол Улс, Албанийн НҮБ-д элсэх өргөдөлд хориг тавьж байв.

1963 онд Мартин Лютер Кинг алдарт “Надад мөрөөдөл бий” үгээ хэлжээ

2008 оны энэ өдөр Байгаль нуурын орчим 9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

2014 онд Режеп Тайип Эрдоган Туркийн Ерөнхийлөгч болж байв.

Өнөөдөр Билгийн тооллын 25. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Энэ өдөр  үс засуулахад тохиромжгүй

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top