ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 30

Өнөөдөр 2024.08.30. Жилийн 243 дахь өдөр бөгөөд он дуустал 123 өдөр үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 08 минутад мандаж, 19 цаг 38 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 21 градус, шөнөдөө 14 градус дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. 

Өнөөдөр  Олон улсын хүчирхийлэлд өртөн, сураггүй алга бологсдын дурсгалын өдөр, Олон улсын халим загасны өдөр, Дэлхийн наран шарлагын өдөр бол Казахстанд Үндсэн хуулийн баяр, Туркт Ялалтын баяр, Татарстанд БНУ-ын өдөр, Киргизэд Архивын ажилтнуудын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр АНУ-ын жүжигчин Кэмерон Диас, Беларусын Ерөнхийлөгч  Александр Лукашенко, Английн дуучин Тео Хатчкрафт, Доминиканы тамирчин, 400 метрийн зайн олимпын хошой аварга  Феликс Санчес, Америкийн домогт сагсан бөмбөгч  Роберт Пэриш, АНУ-ын теннисчин Энди Роддик, Их Британийн продюсер  Пол Окенфолд нарын алдартнууд төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1860 оны энэ өдөр Лондонд Их Британийн анхны трамвай үйлчилгээнд гарчээ.

1918 онд  Фанни Каплан гэгч эмэгтэй Владимир Ильич Лениний амь насанд халджээ.

1946 оны энэ өдөр Солонгосын Коммунист нам нь Өмнөд Солонгосын хөдөлмөрийн нам, Хойд Солонгосын хөдөлмөрийн нам болон хуваагдлаа.  

1973 онд Кенид заан агнахыг хуулиар хоригложээ.

1974 оны энэ өдөр Загребт (Югослав) төмөр замын осол болж, 153 хүн амиа алдан, 90 хүн гэмтжээ.

1993 онд Эйфелийн цамхаг 150 сая дахь үйлчлүүлэгчээ хүлээн авлаа.

1995 оны энэ өдөр  Йон Стефенсон фон Течнер, Гейр Иварсёй нар Opera Software компанийг байгуулав.

Билгийн тооллын 27. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн.  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top