ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

Өнөөдөр 2024.09.10. Энэ оны 255 дэх өдөр бөгөөд он дуусахад 111 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 23 минутад мандаж, 19 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн амиа хорлохоос урьдчилан сэргийлэх өдөр. Гибралтард өнөөдөр Үндэсний баярын өдөр бол Хятадад Багш нарын, Гондураст Хүүхэд хамгаалах, Украинд Биеийн тамир, спортын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Крис Коламбус, Английн жүжигчин Колин Фёрт, Канадын хоккейчин Жо Ньювендайк, Оросын хоккейчин Сергей Петренко, жүжигчин Максим Виторган, Америкийн жүжигчин Райан Филипп, Бразилын теннисчин Густаво Куэртен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2005 оны энэ өдөр Монгол Улсын түүхэн дэх анхны газрын тос боловсруулах үйлдвэр болох Зүүнбаян газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг нээх ёслол Бээжин хотод болжээ.

2006 оны энэ өдөр Эрээн-Замын-Үүдийг холбосон засмал зам албан ёсоор ашиглалтад оров. Эрээн хотоос Замын –Үүд боомт ороход машинаар гурван минут явдаг болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1509 онд Истанбулд өглөөний 10 цагт бага шүүлтийн өдөр хэмээн нэрлэгдсэн газар хөдлөлт болж, 10 мянга орчим хүн амиа алдаж, Османы эзэнт гүрэнд ноцтой хохирол учирчээ.

1925 оны энэ өдөр Кызылордод Казахын анхны үндэсний мэргэжлийн театр үүсгэн байгуулагджээ.

1939 оны энэ өдөр Канад улс Германд дайн зарлав.

1964 оны энэ өдөр Род Стюарт анхны сингл болох «Good Morning, Little Schoolgirl»-оо бичүүлжээ.

Билгийн тооллын 7. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top