ӨГЛӨӨНИЙ МЭНД !

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 11

Өнөөдөр 2024.09.11. Энэ оны 256 дэх өдөр бөгөөд он дуусахад 110 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 24 минутад мандаж, 19 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр АНУ-д Эх орончдын өдөр буюу 2001 оны энэ өдөр Нью-Йорк, Вашингтонд болсон халдлагаар амиа алдагсдыг дурсах өдөр тохиож байна. Мөн Аргентинд өнөөдөр Үндэсний багш нарын өдөр бол Этиопт Шинэ он эхэлсний баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Брайан Де Пальма, алдартай дижей, дуучин Моби, Германы хөлбөмбөгч Франц Беккенбауэр, Польшийн жүжигчин Эва Шикульская, Оросын жүжигчин Фёдор Добронравов, Украины хөгжмийн зохиолч Виктория Полевая, Сирийн Ерөнхийлөгч Башар Асад, Оросын дуучин Лада Дэнс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962 оны энэ өдөр «Битлз» хамтлаг анхны сингл «Love Me Do/P.S I Love You»-гаа бичүүлж дуусжээ.

1973 оны энэ өдөр Чилид төрийн эргэлт болов. Тус улсын Ерөнхийлөгч Альенде амиа хорложээ.

1986 оны энэ өдөр Польшт улс төрийн хэрэгтнүүдийг бүгдийг нь суллав.

1988 оны энэ өдөр Эстонд эстон хэлийг төрийн хэлээр зарлажээ.

1997 оны энэ өдөр бүх нийтийн санал хураалтаар Шотландын иргэдийн дийлэнх нь Лондоноос хараат бус парламент байгуулахыг дэмжив.

2001 оны энэ өдөр Дэлхийн худалдааны төв болон Пентагонд террорист халдлага болсон юм.

Билгийн тооллын 8. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал нас уртасна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.179.15.130) 2024 оны 09 сарын 11

Өглөөний мэнд

0  |  0
Top