Израилын иргэд удирдагчдаа солихоос нааш томоохон өөрчлөлт гарна гэж хүлээх хэрэггүй гэдгийг ойлгож байна. Харин санал асуулгын дүнгээс үзвэл сөрөг хүчин Нетаньяхуг орлох илүү хувилбар санал болгож чадаагүй л байна. 2023 оны аравдугаар сарын 7-ны үйл явдал хүртэл тогтолцооны хямрал хэр их гүнзгийрснийг нийгэмд ойлгуулж чадаагүй тул барьцаанд байгаа хүмүүсийг суллах зэрэг чухал асуудлууд энгийн улс төрийн хэлэлцүүлгийн хүрээнд яригдаж байна.
Израил улсад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал дахин хүчээ аваад байна. Сөрөг хүчин болон жагсагчид Биньямин Нетаньяхугийн Засгийн газраас Хамас хөдөлгөөнтэй хэлцэл хийж, барьцааны хүмүүсийг суллахыг шаардаж байна. Нетаньяху Хамас хөдөлгөөний тавьсан болзлыг биелүүлэхээс татгалзаж байгаа. Тус хөдөлгөөний зүгээс цэргийн ажиллагааг зогсоох, Газын зурвасаас Израилын цэргийг гаргах, Израилын хорих газруудаас Палестины олон мянган алан хядагчдыг суллахыг шаардаж байна.
Наймдугаар сарын 31-нд Газын зурвасын хонгилд барьцааны зургаан хүний цогцос олдсоны дараа Израилд олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа билээ. Тэднийг суллах тусгай ажиллагаа явуулахаас өмнөхөн Хамас хөдөлгөөнийхөн тэднийг буудан хороосон байв. Энэхүү эмгэнэлт хэрэг, барьцаанд үлдсэн хүмүүсийг хүч хэрэглэн суллах эсвэл Хамас хөдөлгөөний тавьсан болзлыг биелүүлэх замаар суллах гэсэн нийгэмд өрнөөд байсан маргааныг хурцатгасан билээ. Ихэнх израилчууд барьцааны хүмүүсийг суллах асуудлыг дайны зорилгоор тэргүүнд тавих ёстой гэж үзэж байна. Израил нь алан хядагчдыг устгах, Газын зурвасыг цэрэггүй бүс болгох зэрэг зорилго тавиад байгаа юм. Нөгөө талаас эрх баригч эвслийг дэмжигчид алан хядагчдад бууж өгөх нь тэдний байр суурийг бэхжүүлж, Израилын оршин тогтнолд аюул учруулна гэж үзэж байна.
Хагарал эргэн ирэв
2023 оны аравдугаар сараас хойш Ойрх Дорнод бүс нутгийн томоохон дайны ирмэг дээр тулж ирээд байгаа бол Израилын улс төр дотроо бужигнасаар л байна. Газын зурваст явуулж буй ажиллагаа нь Израилын хувьд 1948 оноос хойш хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн болж, улмаар улс төрийн гүнзгий хямралд хүргээд байна. Мөргөлдөөний эхний саруудад Хамас хөдөлгөөний аравдугаар сарын 7-нд үйлдсэн халдлага Израилын нийгэмд эвлэрэл, нэгдлийг авчирч, улстөрчдийг нийгмийг хагалан бутаргасан бус харин нэгтгэх асуудалд анхаарлаа илүү төвлөрүүлнэ гэсэн хүлээлт байлаа. Харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Харин ч эсрэгээр улс төрийн хагарал улам гүнзгийрэв.
Дайнаас өмнө буюу 2023 оны нэгдүгээр сард Израилын нийгэм, тухайн үед дөнгөж сонгогдоод байсан Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн санал болгосон шүүхийн шинэчлэлийн асуудлаас болж хуваагдсан билээ. Тухайлбал, Нетаньяхугийн Засгийн газар шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хязгаарлах, шүүгчдийг томилох томилгооны үйл явцад улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгож байв. Тэрхүү санаачилга нь тус улс орон даяар эсэргүүцлийн давлагааг дэгдээж, сөрөг хүчин Нетаньяхуг төрийн институцийг сулруулах замаар өөрийн эрх мэдлээ бэхжүүлэхийг хүсэж байна хэмээн буруутгасан.
2023 оны аравдугаар сарын 7-ны үйл явдлын дараа Нетаньяхугийн Засгийн газар шүүхийн шинэчлэлийн явцыг царцаасан ч нийгэмд хуримтлагдсан зөрчилдөөн алга болсонгүй. Сөрөг хүчин Нетаньяху эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ямар ч алхам хийхэд бэлэн гэдэгт итгэлтэй байна.
Израилын эрх баригч эвсэл Кнессетийн 64 гишүүний /парламент нь нийт 120 гишүүнтэй/ дэмжлэгтэйгээс 14 нь хэт барууны үзэлтэй шашны сионитуудын намын гишүүд юм. Тус нам нь дайныг ялах хүртэл үргэлжлүүлэх ёстой гэж үзэн, Хамас бүлэглэлд буулт хийсэн тохиолдолд Нетаньяхугийн засгийг унагана хэмээн мэдэгдээд байгаа. Тиймээс барьцааны хүмүүсийг суллах асуудал нь тус улсын улс төрийн хагарлын илэрхийлэл болоод байна. Сөрөг хүчин хэлцэл байгуулахыг шаардаж байгаа бол эрх баригч эвсэл татгалзсаар байгаа билээ. Ингэхдээ Израилын засгийн газар ч тэр түүний тэргүүн Нетаньяху ч тэр барьцаанд байгаа хүмүүсийн төлөө улс орныхоо эрх ашгаар дэнчин тавих эрхгүй хэмээн мэдэгдэж байгаа бол сөрөг хүчин Ерөнхий сайд албан тушаалаа хадгалахын тулд л хэлцлээс татгалзаж байна гэдэгт итгэлтэй байна.
Үүний сацуу Израил улс нь АНУ-ын хүчтэй дарамт шахалтад байгаа. АНУ-ын зүгээс Хамастай аль болох ойрын хугацаанд хэлэлцээр байгуулахыг шахаж байна. АНУ-ын зүгээс Газын зурвас дахь цэрэг дайны зорилго биелсэн тул мөргөлдөөнийг эдийн засаг, дипломатын аргаар шийдвэрлэх үе шатад шилжих шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр Нэгдсэн Улс мөргөлдөөнийг Израил, Иран болон Хезболла бүлэглэлийн хооронд бүрэн хэмжээний дайн болж өргөжихөөс сэргийлнэ хэмээн найдаж буй. Мэдээж хэрэг ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль Цагаан ордны төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчид болох Доналд Трамп, Камала Харрисаас нарыг олон нийтийн санал, бодлыг харгалзан үзэхийг шаардаж, улс төрийн байдлыг улам хүндрүүлж байна.
Хэлцэлд хүрэхэд юу саад болж байна вэ
Ямартаа ч тоглогч бүр өөр өөрийн ашиг сонирхолтой. Нетаньяху эвслийн засгийн газраа эрсдэлд оруулж, хэлцэл хийхгүйг сөрөг хүчин нь ойлгож, түүнд хүчтэй дарамт шахалт үзүүлж байна. Тиймээс аливаа шийдвэрийг улс орны стратегийн эрх ашгийн үүднээс бус харин түр зуурын улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс харж байна. Талууд аль аль нь байр сууриа хамгаалсан хүчтэй баримт тавьж байгаа нь олон нийтийн санал асуулгын дүнгээс илэрхий. Израилчууд хэлэлцээр байгуулахыг дэмжиж байгаа хэдий ч аюулгүй байдлын асуудлаар дэнчин тавихад бэлэн бус байна. Тухайлбал, ихэнх нь Египет, Газын зурвасын хил дээрх Филаделфийн коридороос цэргээ гаргахын эсрэг байна. Тус коридороор хууль бус зэвсгийн наймаа явдаг.
Хамас хөдөлгөөний барьцаанд байсан 101 хүнээс янз бүрийн эх сурвалжаас үзвэл гуравны нэг нь амьд байгаа бөгөөд өдөр ирэх тусам тэдний амьд гарах шанс улам бүр багасаж байна.
Ойрын үед Израил, Хамас хоёр ямар нэгэн тохиролцоонд хүрч чадахгүй гэж ажиглагчид үзэж байна. Хамас хөдөлгөөний тавьж буй өчүүхэн болзол Израилын хувьд асар том буулт болоод байна. Харин Хамас хөдөлгөөн Газын зурваст эрх мэдлээ хадгалж үлдэх, байр сууриа бэхжүүлэх сонирхолтой. Тус хөдөлгөөнд алдах ч зүйл ч үлдээгүй. Хэдийгээр Хамас нэгдсэн зохион байгуулалттай цэргийн нэгжийн хувиар үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон ч удаан хугацаанд партизаны дайн хийж, Газын зурваст хяналтаа хадгалах чадвартай.
Нетаньяхугийн хувьд ирэх арваннэгдүгээр сард болон сонгуульд Доналд Трамп ялна хэмээн итгэн, хугацаа авахыг зорьж байгаа. Анхаарлын төв аажмаар хойд зүгт чиглэж байна. Ливаны нутаг дэвсгэрээс байнга галласаар байгаа нь Израилд хилийн аюулгүй байдлыг хангах, дүрвэгсдэд гэртээ харих боломж олгох зорилгоор Хезболлагийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах шансыг нэмэгдүүлж байна. Үүнгүйгээр ялалтын дүр зураг гарахгүй.
Ихэнх израилчууд эрх баригчдыг солилгүйгээр чанартай өөрчлөлт гарахгүй гэдгийг ойлгож эхэлжээ. Гэвч Нетаньяхуг орлох хэмжээний хүчин гарч ирээгүй л байна. Сөрөг хүчин бяртай гэдгээ харуулж чадахгүй л байна. Санал асуулгаас үзвэл, сонгууль өнөөдөр болоход аль тал тогтвортой засгийн газар байгуулж чадахгүй гэж израилчууд үзжээ. Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 7-ны үйл явдал израилчуудад тогтолцооны хямрал хэр гүнзгийрснийг ойлгуулж чадаагүй байна. Тиймээс улс төрийн хэлэлцүүлгийн төвд зэвсэгт мөргөлдөөн, үндэсний үзэл санаа, эрх мэдлийн тогтолцоо гэх мэт чухал асуудал биш харин Нетаньяхуд хандах хандлага, улс төрийн хүчин хоорондын мөнхийн маргаан байсаар л байна.
Сэтгэгдэл ( 0 )