ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

Өнөөдөр 2024.09.12. Энэ оны 257 дэх өдөр бөгөөд он дуусахад 109 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 26 минутад мандаж, 19 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 7 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны өдөр. Орост энэ өдөр Төрийн далбааны өдөр бол Иранд Киноны өдөр юм.

Энэ өдөр анхны сансрын жуулчин эмэгтэй болох иран гаралтай Америкийн эрдэмтэн Ануше Ансари, Норвегийн цаначин, олимпын аварга Андерс Эукланн, Хятадын сагсан бөмбөгч Яо Мин, Герман-Италийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Доменико Тедеско, БНСУ-ын рэпер, продюсер, хөгжмийн зохиолч, BTS хамтлагийн ахлагч Ким Намжүн, Угандагийн холын зайн гүйгч, олимпын аварга Жошуа Чептегеи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1962 оны энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс Лаосын Вант улстай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1905 оны энэ өдөр Оросын профессор В.Г.Цеге-фон-Мантейфель анх удаагаа хүний зүрхнээс сум гаргаж авах мэс заслыг амжилттай хийжээ.

1940 оны энэ өдөр Францын Ласко агуйгаас хадны сүг зураг олдсон байна.

1943 оны энэ өдөр Отто Скорцени Бенито Муссолиниг суллажээ.

1963 оны энэ өдөр Их Британийн хит парадыг “Битлз” хамтлаг “She Loves You” дуугаараа тэргүүлэв.

1974 оны энэ өдөр Этиопийн эзэн хаан I Хайле Селассие хаан ширээнээсээ буужээ.

2007 оны энэ өдөр Филиппиний Ерөнхийлөгч Жозеф Эстрада улс орноо дээрэмдсэн хэмээгдэж, бүх насаараа хорих ял сонсов.

Билгийн тооллын 9. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top