ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 13

Өнөөдөр 2024.09.13. Энэ оны 257 дэх өдөр бөгөөд он дуусахад 109 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 27 минутад мандаж, 19 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Маврикид Инженерийн өдөр бол ОХУ-д Программистуудын өдөр.

Энэ өдөр Латвийн Ерөнхийлөгч асан Гунтис Улманис, Английн жүжигчин Жаклин Биссет, Оросын хөгжмийн зохиолч Олег Кваша, Америкийн гитарчин Дэйв Мастейн, Шведийн модель Эмма Виклунд, Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро, Германы хөлбөмбөгч Томас Мюллер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1736 оны энэ өдөр Челябинск хот байгуулагджээ.

1902 оны энэ өдөр Их Британид анх удаагаа буруутныг тогтооход хурууны хээ ашигласан байна.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн, бактериологич Александр Флеминг анх удаагаа пенициллинийг нээснээ нийтэд зарлав.

1965 оны энэ өдөр АНУ-д “Битлз”-ийн алдарт “Yesterday” сингл гарчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин нар Палестины автономыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байв.

2001 оны энэ өдөр Осама бин Ладены гэр бүлийн 24 гишүүн Холбооны мөрдөх товчооны хяналт дор агаараар АНУ-ыг орхин явжээ. Энэ үеэр АНУ-ын бүх нисэх буудлыг хаасан байна.

Билгийн тооллын 10. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top