ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 17

Өнөөдөр 2024.09.17. Энэ оны 261 дэх өдөр бөгөөд он дуусахад 105 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 32 минутад мандаж, 19 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Анголад Баатруудын өдөр бол Гондураст Багш нарын өдөр.

Энэ өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдөр.

Дэлхийн алдартнуудаас өнөөдөр Италийн уулчин Райнхольд Месснер, Америкийн сагсан бөмбөгч, дасгалжуулагч Фил Жексон, жүжигчин Кассандра Петерсон, кино найруулагч Брайан Сингер, дуучин Анастейша, Оросын хоккейч Александр Овечкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1900: Австралийн Холбоо байгуулагджээ.

1922: Берлинд дэлхийд анх удаагаа дуутай киног нийтэд үзүүлжээ.

1932: А.М.Горькийн нэрэмжит хүрээлэнг үүсгэн байгуулав.

1947: Жеймс Форрестол АНУ-ын анхны Батлан хамгаалахын сайд болж, тангарагаа өргөжээ.

1957: Софиа Лорен, Карло Понти нар Мексикт гэрлэв.

1991: Латви, Литва, Эстон, БНАСАУ болон Өмнөд Солонгос НҮБ-ын гишүүн орон болжээ.

2001: Чеченийн салан тусгаарлагчид Гудермесийг эзлэхийг оролдов.

Билгийн тооллын 14. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top