Наран ургах зүгийн нэгэн багшийн “Багшийн ажлыг хийхээ больё гэж бодож байлаа. Гэвч больж болохгүй юм байна. Шавь нараа аливааг олон өнцгөөс хардаг, зөв дүгнэлт гаргадаг, эх орныхоо төлөө сэтгэлтэй иргэн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна” гэх гэгээлэг жиргээг олж уншив.
Уншаад орхисонгүй, зурвас илгээлээ.
Бид багшийн ажлаас буцаж болохгүй байгаагийн учрыг дэлгэрүүлж, хэсэг хөөрөлдөв.
Тэрбээр "Өнөө цагт багшийн ажил нийгмийн баталгаа муу, цалин хөлс тааруу, ар гэр үр хүүхдэдээ анхаарал тавих цаг хомс зэрэг нь цалин орлого ахиу, ёстой л нар салхиараа, өөрийн дураар хийх ажлыг сонгох бодлыг эрхгүй төрүүлж байгаа юм. Тиймээс л багшийн ажлаа орхих болсон.
Үүнд удирдлагын хандлага том нөлөөтэй. Ижилхэн болоод ихээхэн амжилт үзүүлсэн байхад түүнийг үнэлэх үнэлэмж, хандлага бусдаар доогуурт байх явдал нь багш хүний урам зоригийг мөн ч мөлжинө дөө. Багш гэдэг шавь нарынхаа адилаар урмаар тэтгэгддэг улс байдаг. Багш миний бусдаас дутахгүй гэх чадварууд бол компьютер, гар утас засах, цахилгаанчин хийх, сийлбэрийн мужаан хийх ажлуудыг хийж чадна. Эдгээр ажлын илүү орлоготой, амьдралд нэмэртэй тал нь багшийн ажлыг болъё гэсэн бодолд минь хүч нэмсэн юм" хэмээнэ.
Удаах нь нийгэм, хүмүүсийн сэтгэл зүйн байдал, уур амьсгал зэрэг хүчин зүйлүүд бий.
Маш олон үзэл бодол, үг зан нь төлөвшөөгүй, аливааг зөвхөн нэг талаас нь харж, түүгээрээ үнэнийг илэрхийлэхийг оролдогчид бий болж эхэлсэн. Энэ нь эх орны минь ирээдүй болсон хүүхэд багачууд, бэлтгэсэн шавь нараас минь хамааралтай болохыг ухамсарлуулж, багшийн ажлыг орхиж болохгүй, харин ч боловсролын салбарт боломжоо тултал орших ёстойг ойлгуулсан. Миний хүүхдүүд, миний шавь нар хэн нь ч ялгаагүй нэгэн цагт, нэгнээсээ хамааран амьдарч, нийгмээ хамтдаа бүтээж явах учир өөрийн хүүхдэдээ сэтгэл чилж л байгаа бол шавь нартаа түүнтэй эн зэрэгцэх анхаарал тавих ёстой юм байна.
Өнөөдөр багш бид өөрийнхөө л мэргэжлийн хичээлийг ойлгуулж, сургахыг оролдож яваа. Ингэж оролдох нь ч учиртай. Засаг төр, удирдлагууд багшийг түгээр үнэлж, дүгнэдэг юм. Гэвч үүний ард хүмүүн байхын утга, хүн хүнээ хайрлах, хамтран ажиллах, эх орноо хайрлах зүрх сэтгэлийн боловсролыг орхигдуулсаны улмаас амиа хичээсэн, өөрийн биеийг өргөмжилж, өрөөлийг дарах хандлагыг гаргах иргэн хүн олширсоор байна.
Үүнийг өөрчлөх гол хүч нь яалт ч үгүй багш хүн байх ёстой. Энэ үүргээ биелүүлэхийн учир цалин хангамж тааруу ч үр хүүхэд, шавь нартаа сайхан ирээдүйг бүтээх чин сэтгэл өвөрлүүлэхийг хүсэж багш мэргэжлээрээ ажиллах итгэл бадарсан.
Хариуд нь миний шавь нар өөрийн үзэл бодолдоо үнэнч, бодитой дүгнэлт гаргадаг, ухаан уужуу, санаа төвшин, мөрөөдөл нь энгүүн байхыг залбирч, багш нь ажлаа үргэлжлүүлнэм хэмээж байлаа.
Багш гэдэг урмаар тэтгэгддэг улс…
Сэтгэгдэл ( 0 )