Б.Хуягбаатар: Хотын хөдөө гэгддэг байсан СХД орчин цагийн дүүрэг болоход ойрхон байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатарыг “Өглөөний зочин”-оор урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ажлыг аваад удаагүй байна.  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ямар хүн сонгогдов гэдгийг зарим хүмүүс мэдэхийг хүсч байгаа байх?

-Намайг Батчулууны Хуягбаатар гэдэг. ХААИС-ийг экологич мэргэжлээр, Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр дүүргэсэн. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 2007 онд Налайх дүүргээс  хөдөлмөрийнхөө  гарааг  эхэлж байлаа. Налайх дүүргийн  Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар дөрвөн жил ажиллаад саяхан  Засаг даргын ажлыг хүлээж аваад байна.

-Таныг Сонгинохайрхан дүүргийнхэн анддаггүй юм билээ. Ингэхэд та хэдэн оноос тус дүүрэгтэй ажил, амьдралаа холбов оо?

-2013 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллаж байна. Мэргэжилтнээс нь эхлээд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хүртэл доод түвшнээс дүүрэг удирдах хүртэл дэвшин ажиллаж байна.

 

 

-Сонгинохайрхан бол маш том дүүрэг. Тэр хэрээр асуудал нь дуусахгүй. Та ажлаа хүлээж аваад хоёр сар болжээ. Ажлаа юунаас эхлэв, яг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн их хүн амтай гэдгээрээ онцлогтой. Дөрвөн аймгийн хүн амтай дүйцэхүйц эл дүүрэгт 350 мянга орчим хүн оршин суудаг. Хүн амынхаа хэрээр асуудал нь дундардаггүй шийдэл хайдаг дүүрэг. Тиймээс энэ хариуцлагатай ажлыг хүлээж аваад хороодоос ажлаа эхэлсэн. Хаана ямар ажил, бүтээн байгуулалт хийхээр байна вэ гэдгийг газар дээр нь очиж танилцан иргэдтэй уулзаж асуудлыг богино хугацаанд шийдэхийг хичээн ажиллаж байна. Дүүргийн Иргэдийн Хурлын дарга бол асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад анхаарч ажилладаг бол Засаг дарга бүхэл бүтэн нэг айлын аж ахуй, гал тогоог удирдан зохион байгуулдгаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, бүх үйл ажиллагааг цогцоор нь шийдэх, гажуудлыг засах бүтэц гэдгээрээ онцлогтой юм.

Тиймээс иргэдийн амьдрах орчноос эхлээд дэд бүтэц, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж, аюулгүй байдал, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гээд маш олон ажлыг оновчтой удирдан зохион байгуулахад анхаарч байна. Өглөөнөөс үдэш хүртэл  ажиллахад цаг хүрэлцэхгүй байна. Дарга гэдэг бол захирах бус, асуудлыг харж гажуудлыг засах, ажлыг урагшлуулах хүн юм. Тэр ч утгаараа иргэдийг хүлээж авах өдөр гэж тусгай цаг гаргахгүйгээр бүхий л өдөрт боломжоороо хүлээн авч, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Яг одоо улс, нийслэл, дүүргийн санхүүжилтээр өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, Засаг даргын хэмжээнд шийдэж болохуйц ажлуудыг урагшлуулахад төвлөрч байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад анхаарч байна.

-Сонгинохайрхан дүүрэг яг хэчнээн хороотой юм бэ. Нэлээн хэдэн үйлдвэр байдаг шиг санагдаж байна?

-Нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь, орон сууцны хорооллын 27.1 хувь, гэр хорооллын 72.9 хувь нь манай  дүүрэгт бий. Засаг захиргааны анхан шатны нэгж 43 хороотой. Орон сууцны 12 хороо, гэр хорооллын 22 хороо, холимог есөн хороотой. Нийт 95895 өрхтэй. Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт 25865 аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас улсын хэмжээний томоохон “Сүү” ХХК, “Талх чихэр” ХХК, “Алтан тариа” ХХК, “Мах импекс” ХХК, “Тесо” ХХК, “Милл хаус” ХХК, “Арвайн үндэс” ХХК, барилгын материалын “Хангай” зах, тоосгоны үйлдвэр болон бусад хүнс худалдаа, үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага бий.

-Танай дүүрэгт өнгөрсөн жилүүдэд нэлээн бүтээн бай­гуулалт өрнөх шиг бол­сон. Одоо яг ямар бүтээн байгуу­лалтууд өрнөж байгаа вэ?

-Маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлууд байна. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, албан хаагчид гээд багийн ажлын үр дүнд богино хугацаанд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн. Тодруулбал, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжлийн дүүрэг болох зорилтыг тодорхойлон ажилласан бөгөөд 2020-2024 онд нийт 481 тэрбум төгрөгийн  380 бүтээн байгуулалт, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ иргэдийн талархлыг хүлээсэн. Үүнээс дурдвал Улсын Хүүхэд, залуучуудын театр, 200 ор бүхий дөрвөн давхар олон улсын стандартад нийцсэн Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянхошуу салбар амбулаторийн өргөтгөлийг нэрлэж болно. Одоо өрнөж буй томоохон бүтээн байгуулалт гэвэл Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох гүүрэн байгууламжтай анхны зургаан эгнээтэй авто зам хийгдэж байна. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 14 хороог дамнасан 44.9 км далан шуудуу хийхээр төлөвлөсөн бөгөөд одоогийн  байдлаар 11, 32, Толгойт дэд төвд 7.3 км үерийн далан хийгдэж байна.  2024 онд Сонгинохайрхан дүүрэгт шинээр 51.1 км авто зам нэмэгдэж 265.1 км хатуу хучилттай авто замтай боллоо. Цаашид 28 байршилд буюу 17 хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 22.4 км авто зам тавихаар төлөвлөн ажиллаж байна. Мөн есөн хороонд явган хүний зам, авто замын байгууламж, авто зогсоолыг есөн хороонд шинээр тавилаа. Сагсан бөмбөгийн талбайг 18, 27, 28, 38 дугаар хороонд, Нийтийн эзэмшлийн, гадна талбайн тохижилтыг 2, 7, 8, 13, 14, 16, 18, 22, 23, 28, 31 дүгээр хороонд хийж гүйцэтгэлээ.

 -Дүүргийн Засаг даргын хувьд та маш их ажилтай санагддаг. Хог, зам арчлалт, иргэдийн аюулгүй байдлаас эхлээд сургууль, цэцэрлэгийн асуудал гээд бүх зүйлд төвлөрдөг. Энэ их ажлыг яаж амжуулж байна вэ?

-Дүүрэг их ажилтай. 350 мянган хүний төлөө өглөө бүр санаа зовнин босч ирдэг. Энэ бүхэнд хүрэлцэхийн тулд баг, хамт олонтойгоо нягтарч, чиглэл өгч зангидан ажиллаж байна. Яг үнэндээ дүүргийн ажлыг  амжуулахад долоо хоног ч багадаж байна. Өглөө ажилдаа явах замдаа хаана юу хийгдэхээр байна вэ гэдгийг ажиглаж доголдолтой байгаа зүйлийг холбогдох албаныханд чиглэл өгөх, үер устай үед газар дээр нь очиж ажиллахаас эхлээд цаг нартай уралдан ажиллаж байна.

-Сонгонохайрхан дүүрэг хөгжлийн дүүрэг болох зорилттой гэж та дээр дурдлаа. Гэр хороолол ихтэй дүүргийг хөгжүүлнэ гэдэг нэлээн цаг хугацаа шаардана. Эл дүүргийн хөгжлийн гол хөшүүрэг нь юу вэ?

-Хөгжлийн гол хөшүүрэг нь хүн өөрөө гэж боддог. Дэд бүтэц талаас нь мэдээж улс, хот, дүүрэг анхаарч, иргэдээ ая тухтай амьдруулахын төлөө бодлогоор авч явна. Харин иргэд оршин сууж байгаа орчиндоо хог хаяхгүй байхаас эхлээд үүргээ маш сайн ухамсарлаж, төр иргэн хоёрын шүтэлцээ бий болсон цагт хөгжил ирнэ. Монгол Улсын “Алсын хараа-2050” хөгжлийн бодлого, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Сонгинохайрхан хөгжлийн дүүрэг болох зорилтыг тодорхойлон ажиллаж байна. Төрийн бодлогоор, тодорхой стандартын хүрээнд  хэд, хэдэн хөгжлийн төсөл хэрэгжих суурь бэлэн болсон. Тухайлбал, “20 минутын хот” концепцид суурилан дүүргийн захад амьдарч байгаа иргэн төрийн үйлчилгээг заавал хотын төв явахгүйгээр дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэн 20 минутын дотор хүссэн бүх үйлчилгээгээ дүүргээсээ авдаг болно. Ингэснээр түгжрэл буурах, нийгмийн стресс багасахаас эхлээд маш олон үр дүн гарна. Түүнчлэн хотын төвлөрлийг сааруулж, гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэл, орчны бохирдлыг бууруулах хүрээнд амьдрах орчин, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, бизнесийн боломжийг нэгдсэн байдлаар төлөвлөсөн дэд төвийг хөгжүүлэх төсөл дүүргүүдэд хэрэгжиж байгаа. Дэд төвд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, барилга орон сууц, үйлчилгээний төвүүд гээд цогц шийдлийг бий болгох юм. Тухайлбал, манай дүүрэгт хэрэгжиж буй “Баянхошуу дэд төв” нь  нийт 162 га газарт авто зам, үерийн далан, цэцэрлэг, спорт цогцолбор, бизнес инкубатор, сургалтын төв, эрүүл мэндийн төв, дэд станц болон инженерийн дэд бүтцийн шийдэлтэйгээр хийсэн. “Толгойт дэд төв”-ийн бүтээн байгуулалт 39 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвийн бүтээн байгуулалт нийт 149.8 га талбайд хийгдэх бөгөөд 5276 айлын орон сууц барих юм.

-Дүүргийн хэмжээнд хэчнээн сургууль цэцэрлэг байгаа вэ. Энэ жил шинээр баригдсан сургууль, цэцэрлэг бий юу?

-Өнгөрсөн дөрвөн жилд нийт долоон шинэ сургууль, нэг сургуулийн өргөтгөл шинээр баригдаж  5691 хүүхдийн суудлаар нэмэгдсэн. 2024-2025 оны хичээлийн жилд 10 дугаар хорооны 169 дүгээр  бага сургууль ашиглалтад орох юм.  Харин 20, 28, 30, 31, 32 дугаар хороонд бага болон бүрэн дунд сургууль, 76, 62 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж байна. Мөн 7, 8, 24, 21, 33 дугаар хороонд баригдаж буй бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын гүйцэтгэл 54 хувьтай үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн жилийн хугацаанд 25 цэцэрлэг ашиглалтад орсон. Энэ хичээлийн жилд 6, 22, 25, зургаадугаар  хороонд 515 хүүхдийн ортой цэцэрлэг, 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно. Мөн манай дүүрэгт 150-240 хүүхдийн хүчин чадалтай есөн цэцэрлэг баригдаж байна. Одоогийн байдлаар 31 дүгээр хорооны 176 дугаар  цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэл 90 хувьтай явж байна.

-Сонгинохайрхан дүүргийн баруун тийшээ урсгалд нэлээн түгжрэл үүсдэг. Түгжрэлийг бууруулахад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй нүхэн гарцын үндсэн бүтээц ажлууд дуусаж  нүхэн гарц ашиглалтад ороод байна. Энэ нь Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь бөгөөд дөрвөн тунелтэй. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах авто машины  урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдлээ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болсон.

-Улсын төсвөөс татаас авч байсан Сонгинхайрхан дүүрэг төсөвт мөнгө төвлөрүүлдэг болсон. Энэ жил хэчнээн төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна  вэ?

-2020 онд 12.0 тэрбум төгрөг, 2021 онд 10.1 тэрбум төгрөгийг  Нийслэлийн төсвөөс дүүргийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг болгон авч байсан бол 2022 онд 5.4 тэрбум төгрөг, 2023 онд 10.3 тэрбум төгрөгийг дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэн ажиллалаа. 2024 онд 36.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

-Сонгинохайрхан дүүргийн ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг хэдийгээр алслагдмал ч хөгжих хамгийн боломжтой дүүрэг. Сүүлийн дөрвөн жилд олон бүтээн байгуулалт өрнөлөө. Баянхошуу, Толгойт дэд төвүүдийн ажил  урагштай явж байна. Зам харгуй сайжирч түгжрэлийг бууруулах нүхэн гарцууд эхнээсээ ашиглалтад орлоо. Мега төсөл болох метроны гурван  буудал манай дүүрэгт хийгдэх зураг төсөл гарсан. Дүүргийн 21 дүгээр хороонд “Агросити хот” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Энэ хүрээнд хүлэмжийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар нийслэлийн хүнсний асуудлыг цогцоор нь шийдэхээр эхний зураглал гарсан гээд Сонгинохайрхан дүүргийн ирээдүй гэрэлтэй байна. Хотын хөдөө гэж нэрлэгддэг байсан Сонгинохайрхан орчин цагийн дүүрэг болоход ойрхон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top