2023 оны аравдугаар сарын 7-нд болсон Хамас хөдөлгөөний халдлагаас хойш нэг жил өнгөрсөн ч Израилд олон хүн тус улсын түүхэнд бичигдэх цуст өдрийн тухай хүндхэн асуултуудыг тавьсаар байна. Яагаад Израилын хүчтэй арми гэнэдэж, Газын зурвасын дэргэдэх цэргийн бааз эзлэгдэв?
2023 оны аравдугаар сарын 7-нд Хамасын байлдагчид Израилын “Нахаль-Оз” баазыг эзэлжээ. Хожим нь мэдээлснээр, энэ үеэр Израилын 60 гаруй цэрэг амь үрэгдэж, бусдыг нь барьцаалсан байна.
Израилын арми одоогоор тэр өдөр яг юу болсон талаар албан ёсны тайлан гаргаагүй ч амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрд болсон явдлын талаар дуулгажээ. ВВС агентлаг тэр өдөр юу болсон талаар үнэнд илүү ойр мэдээллийг эх сурвалжуудаас цуглуулан бэлтгэжээ.
Тэр өдөр:
-Аравдугаар сарын 7-оос өмнө баазын олон цэрэг тусгаарлагч шугамын цаана сэжигтэй хөдөлгөөн илрүүлж байжээ.
-Халдлага болохоос хэдхэн хоногийн өмнө Хамас хөдөлгөөн дотор гэнэт идэвхгүй болсныг цэргүүд анзаарсан байна.
-Баазын цэргүүдийн ихэнх нь зэвсэггүй байсан бөгөөд албан ёсны протокол дагуу халдлагын үеэр хамгаалах бус ухрах даалгавартай байжээ.
-Ажиглалт, хяналтын хэрэгслүүд ажиллаагүй эсвэл хамасынхан ажиллагаагүй болгосон байжээ.
Аравдугаар сарын 7-оос өмнөх өдрүүдэд гэнэт нам гүм болжээ. “Онц ноцтой зүйл гарахгүй байсан тул бид айдаст автсан. Бүгд л ямар нэгэн зүйл биш байна гэдгийг мэдэрсэн” гэж бааз дээр байсан явган цэрэг ярьжээ. “Бид аравдугаар сарын 6-нд хилийн цаана муур байгаа гэсэн бодолтой унтаж, 7-нд сэрцгээсэн. Харин тэнд муур биш бар байлаа” гэж тэр дурсжээ.
Израилын арми амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд мэдэгдэл хүргүүлэхдээ бааз дээр байсан ихэнх цэргүүд зэвсэггүй байсан тухай дурджээ. Израилын армийн шуурхай удирдлагын тэргүүн асан генерал Исраэл Зив хилийн цэргүүд зэвсэггүй байсан тохиолдолд хэзээ ч гарч байгаагүй. “Нахаль Оз” бааз дээр зөвхөн “Голани” бригадын явган цэргүүдэд зэвсэг байжээ.
Аймшигт өдрийн 05.30 Газын зурвастай залгаа хилээс нэг км зайд байрладаг баазын явган цэргийн “Голани” бригадын цэргүүд хилийн хаалт дагуу ээлжит эргүүлээ хийхээр бэлтгэж байжээ. Гэвч тэдэнд танк эсэргүүцэх пуужингийн цохилтын аюул байгаа тул эргүүлээ хойшлуулах үүрэг өгчээ.
Энэ үеэр хяналтын камерыг ажиглаж байсан эмэгтэй цэрэг Шарон /нэрийг нь өөрчилсөн/ Хамасын байлдагчид гэнэт хөдөлгөөнд орсныг анзаарсан ч ээлж солигдож байна гэж бодон ач холбогдол өгөөгүй байна.
06.20 цаг орчим Хамасын зүгээс бааз руу пуужингаар харваж эхэлжээ. Өмнө нь пуужингаар харвах үе гардаг байсан ба ихдээ л таван минут үргэлжилж, завсарладаг байна. Харин энэ удаад завсарласангүй.
06:30 цаг орчимд Хамасын анги нэгтгэлүүд хилийн хаалтад ойртож ирж байгаа талаар камерын ажиглагчид төвдөө мэдэгджээ.
Төмөр хана гэгддэг хилийн хаалтыг Израилын арми ч тэр ард иргэд нь тэр халдашгүй гэж үздэг байлаа. Гэтэл тэр өглөө хилийн хаалт дагуу байрласан баазуудаас Хамасын байлдагчид нэвтэрч байгаа тухай мэдээлэл шил дараалан ирэх нь тэр.
Газын зурвасын нутаг дэвсгэрийн гүнд тасралтгүй ажиглалт хийх зориулалттай хяналтын бөмбөлөг тухайн үед ажиллаагүй байна. Хилийн өөр хэсгүүд дэх бусад бөмбөлгүүд ч мөн ажиллаагүй бөгөөд хэд хоногийн дотор засна гэж байжээ.
07.00 цагт бүгдийнх нь айж байсан мөч ирэв. Хамасын байлдагчид удирдлагын төвийн хаалганд тулж иржээ.
07.20 орчимд хамасынхан удирдлагын төвийн урд байрладаг хорогдох байр руу дайрав. Орогнох төвд байсан алба хаагчдыг тэр үед зэвсэгтэй байсан дөрвөн эмэгтэй хамгаалж байсан тухай эх сурвалж ярьжээ. Орогнох байранд байсан алба хаагчдаас зөвхөн тэд л зэвсэгтэй байсан аж. Энэ үеэр орогнох байраас 10 орчим цэрэг зугтан гарч чадсан ба бусад нь эсвэл амь үрэгдэж, эсвэл хамасынханд олзлогджээ.
Эх сурвалжийн мэдээллээр, “Нахаль-Оз” бааз руу эхлээд дроны тусламжтай цохилт өгч, дөрвөн талаас нь 70 орчим байлдагч дайрчээ. Удалгүй тэдэнд нэмэлт хүч ирсэн байна.
Энэ үеэр Газын зурвастай залгаа хилийг зэвсэглэсэн олон мянган хүн нэвтэрч байжээ.
08.00 цагийн үед Израилын “Зик” дронууд гарч ирсэн бөгөөд Израилын армийн мэдээллээр, дронуудад Израилын цэргүүдийг хамасынхаас ялгахад хэцүү байсан тул байгаа удаан сонгож байжээ.
Энэ үеэр хамасын байлдагчид удирдлагын төвийг эзлэн авахаар дайрсан бөгөөд ширүүн буудалцаан өрнөсөн байна. Мөргөлдөөн дөрвөн цаг орчим үргэлжилжээ. Хамасынхан хүчээр хувь илүү байсан бөгөөд Израилын талаас нэмэлт хүч хэзээ ирэх нь тодорхойгүй байв.
Амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрт мэдээлэхдээ Израилын нэг цэрэгт Хамас бүлэглэлийн зургаан байлдаг ногдож байсан хэмээн мэдэгдсэн байна. Хамас бүлэглэлийн зүгээс байлдагчдынхаа чанарт найдахаас илүүтэйгээр тоог чухалчилсныг шинжээчид онцолжээ.
Халдлага эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 09.45 цаг орчим Израилын армийн нисдэг тэрэгнүүд Хамасын байлдагчид руу гал нээж эхэлжээ.
Баазаас амьд гарч чадсан нэгэн цэргийн ярьснаар, автомат буутай зэрэгцэн мэргэн буудагчийн буун дуу дуулдана. Израилын талаас буудах тоолон нэг нь толгойндоо буудуулж байсан гэж тэрбээр дурссан байна. Тэр үед түүний богино долгионы станц ажиллахаа больсон байсан аж. Хэдэн цагийн турш нэмэлт хүч ирээгүй нь бааз дээр яг юу болж байгаа, хаашаа нэмэлт хүч явуулахыг хэн ч мэдэхгүй байсантай холбоотой гэж Израилын шинжээд онцолжээ.
11.00 цаг орчим “Нахаль-Оз” баазын удирдлагын төвд цахилгаан тасарснаар бүх хаалганы цахилгаан цоож ажиллахаа больжээ. Ийн удирдлагын төвийн үүд байлдагчдын өмнө нээгдсэн байна. Хамасын байлдагчид хонгил, хяналтын өрөө рүү гранат шидэж, гал гарч эхэлсэн байна. Маш өтгөн утаанд бүгдийнх нь амьсгал боогдож, ухаан алдаж унацгаасан гэж Шарон ярьжээ.
Амь үрэгдсэн цэргийн ээжид өгсөн мэдээллээр, Хамас ямар нэгэн хортой бодис ашигласан гэнэ. Амь үрэгдсэн бусад цэргүүдийн ар гэрийнхэнд ийм мэдээлэл өгөөгүй байна.
12.30 цагийн үед хонгилд нуугдсан долоон хүн гадагш гарч чаджээ. Шароны ярьснаар, тэд бусдыгаа хүлээсэн ч хэн ч гарч ирээгүй байна.
Аравдугаар сарын 7-ны тэр өдрийн сүүлч гэхэд Израилын арми “Нахаль-Оз” баазыг хяналтаа эргүүлэн авч чаджээ.
Тэр өдөр Газын зурвастай хил залгаа Израилын бүсэд нийт 1200 орчим хүн амиа алдсанаас 300 нь цэргийн алба хаагч. Мөн 251 хүн барьцаалагдсан. Тэр өдрөөс хойш Газын зурваст Израилын армийн цэргийн ажиллагааны улмаас Палестины 41 мянга гаруй хүн амиа алдаад байна.
“Нахаль-Оз” баазын бие бүрэлдэхүүний аюулгүй орогнох байр болох удирдах төв бүрэн сүйрчээ.
Амьд гарсан цэргүүд, амь үрэгдсэн цэрэг эрс болон барьцаалагдсан хүмүүсийн ар гэр тэр өдөр яг юу буруугаар эргэсний хариултыг авч чадаагүй л байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манай хилийн цэрэгт харуулын буу цөөвтөр бий юу? Байсан ч сум нь байгаа юу? Хил рүү шашны бүлэглэл,алан хядагчдын хэсэг,босогчид ,салан тусгаарлагчид,бүлэг дээрэмчид орж ирэхэд тэднийг бут цохих чадвартай байх ёстой.Одоо бол заставт хэдэн архичид голдуу харагддаг!