ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Өнөөдөр 2024.10.22. Энэ оны 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 70 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 22 минутад мандаж, 17 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 5 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ээрүү хүмүүсийн өдөр тохиож байгаа бол Дагестан Цагаан тогорууны баяр, Австрали Вомбат амьтныг хамгаалах өдөр, Египет Нарны баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр Вьетнамын сүүлчийн эзэн хаан Бао Дай, дүрслэх урлагийн поп арт урсгалыг үндэслэгч Роберт Раушенберг, Зөвлөлтийн алдарт хаалгач, олимпын аварга Лев Яшин, Хятадын усан спортын тамирчин, олимпын хоёр удаагийн аварга Чэн Айсэнь, олимпын таван удаа, дэлхийн есөн удаагийн аварга цаначин Йоханнес Хёсфлот Клебо зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас сөхвөл:

1912 оны энэ өдөр Шинэ хязгаарын Илийн Чахар зүүн гарын Хөвөөт шар хошууны дэд дарга Сумъяа тэргүүтэй 116 өрхийн 512 хүн Монгол Улсыг зорин иржээ.

1961 оны энэ өдөр Балбын ван Махендра Бир Бикрам Шах Дева, хатан Ратна Ражиа Дева Шах нар БНМАУ-д төрийн айлчлал хийжээ.

2013 оны энэ өдөр Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн Монгол Улс дахь айлчлал дуусав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1952 оны энэ өдөр Еврейн судар Тора анх удаагаа бүрэн эхээрээ англи хэл дээр хэвлэгдсэн байна.

1964 оны энэ өдөр Францын философич, зохиолч Жан-Поль Сартр Нобелийн шагналаас татгалзжээ.

1987 оны энэ өдөр Иосиф Бродский уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ. 

2008 онд Энэтхэг улс “Чандраян 1” сансрын хөлөг хөөргөв.

2022 оны энэ өдөр Жоржа Мелони Италийн засгийн газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ.

Билгийн тооллын 20. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top