Нетаньяхугийн сонголт: Хамасын удирдагчийг устгаснаар ДАЙН ТӨГСӨХ ҮҮ!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 22

Хамас бүлэглэлийн удирдагч Яхя Синвар амь үрэгдсэн нь Израилыг шийдвэрлэх сонголтын босгон дээр авчраад байна. Ялалтаа зарлаж, Палестины хэт даврагсадтай хэлэлцээний ширээний ард сууж, барьцаанд үлдсэн хүмүүсээ суллан, Хезболла, Ирантай үүссэн хурцадмал харилцаагаа зөөлрүүлэх үү эсвэл  Хамасыг бүрэн устгатал Газын зурваст цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх үү гэдэг сонголтын өмнө тулж ирээд байна.

Яхя Синвар гэж хэн байв

Нэг жил гаруйн хугацаанд Израил гол дайснаа устгахад чиглэсэн хэд хэдэн амжилттай ажиллагаа явуулсан. Тухайлбал, Тегеран хотод Хамас хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүн Исмаил Хания, Хезболла бүлэглэлийг олон жилийн турш удирдсан Хасан Насраллагийн амь насыг хөнөөсөн билээ.

Гэхдээ Израилын гол бай бүтэн жилийн турш халдашгүй байсаар байсан нь Яхя Синвар байв. 2017 оноос хойш Газын зурвас дахь Хамас бүлэглэлийг тэргүүлж байсан Яхя Синвар нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилын эсрэг хийсэн алан хядах ажиллагааны гол зохион байгуулагч нь байв. “Аль Акса шуурга” ажиллагааны талаар Газын зурвасын хилийн гаднах Хамас бүлэглэлийн удирдагчид хүртэл мэдээгүй. Өдгөө Синварыг орлоно гэж таамаглаж буй Хамасын удирдагчдын нэг Халед Машаль хүртэл энэхүү халдлагын талаар зурагтаас олж мэдсэн гэж байлаа.

Хэлэлцээ хийхийг дэмжиж, тэр бүү хэл Израилыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж мэдэгдэж байсан Ханиягийн амийг долоодугаар сарын 31-нд хөнөөсний дараа Газын зурваст гал зогсоох асуудал улам бүр бүдгэрсэн. Эх сурвалжуудын мэдээллээр, Израилтай амар нэгэн тохиролцоонд хүрэхийн эсрэг эцсийн шийдвэрийг Синвар л гаргадаг байжээ. Энэ тохиолдолд дайны гал Газын зурвасын хилээс хол үсэрнэ гэж болгоомжилдог байжээ.  Тэрээр Хезболла бүлэглэлийн оролцоо нэмэгдэнэ гэж үздэг байсан хэдий ч Ливаны хөдөлгөөний удирдагчид 2006 он шиг Израилтай бүрэн хэмжээний дайн дэгдээхгүй байхаар шийдэж, “Аль Акса шуурга” нь зөвхөн палестинчуудын хэрэг хэмээн мэдэгдсэн юм.

Гэсэн хэдий ч Газын зурвас дахь Израилын цэргийн ажиллагаа олон энгийн хүний аминд хүрч, Израилд үзүүлэх гаднын дарамт шахалтыг нэмэгдүүлнэ гэж Синвар тооцоолсон нь оносон. Хамгийн сүүлийн байдлаар, Газын зурваст 42 мянган хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн шархдаад байгаа билээ. Энэ нь дэлхий даяар Израилын эсрэг уур амьсгалыг бий болгож, олон улсын шүүхүүдээр Израилын эсрэг өгсөн гомдлыг хэлэлцэхэд хүргээд байна. Гэхдээ Хамас бүлэглэл Израилын эсрэг халдлага үйлдэхээсээ өмнө 500 км урт газар доорх хонгил байгуулсан хэр нь энгийн иргэдэд зориулж нэг ч хорогдох байр бариагүйг мартах учиргүй.

Яхя Синвар өөрөө Израилын шоронд нийт 23 жилийг өнгөрүүлсэн бөгөөд 2011 онд Палестины 1027 хоригдлыг Израилын ганц цэргээр солих үед суллагдаж байжээ. Намтарт нь бичигдсэн энэхүү баримтынхаа ачаар тэрээр хамасчуудын дунд нэр хүнд олж авсан ч палестинчуудын дунд тийм ч сайн дэмжлэгтэй нэгэн биш. 2023 оны зургаадугаар сарын Палестины судалгааны PCPSR төвөөс явуулсан судалгаанаас үзвэл, Газын зурваст Синварын рейтинг дөнгөж зургаан хувьтай байсан бол Палестины нийт нутаг дэвсгэрт дөнгөж гурван хувь байв. Харин аравдугаар сарын 7-ны үйл явдал түүний нэр хүндийг бараг өсгөөгүй.

Хамас ялагдсан уу

Хамасын гол хүнийг устгаснаар тус хөдөлгөөн Израилын эсрэг цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж чадах уу гэсэн асуултыг хөндөж байна. Израилын цэргийн эрх мэдэлтнүүд Хамас нь Газын зурваст цэргийн хүчний хувьд оршихоо больсон гэж үзэж байна. Харин АНУ-ын судалгааны ACLED төвийн судалгаа тус хөдөлгөөн Израилын армийг эсэргүүцэх чадвартай хэвээр байгааг харуулсан байна.

Израилын арми Хамас хөдөлгөөний нийт 25-30 мянган байлдагчаас 17 мянгыг нь устгасан гэдэгт итгэлтэй байгаа бол хараат бус ажиглагчдын тооцоолсноор, 8500 байлдагчийг устгажээ. Ингэхдээ тус хөдөлгөөн шинэ байлдагчдыг элсүүлэх боломжтой байсаар байна.

Палестины хэт даврагчдын гол хөзөр нь барьцааны хүмүүс. Сүүлийн мэдээллээс үзвэл, барьцаанд багадаа 100 хүн байгаагаас тал нь амиа алдсан байж болзошгүй.

Тус хөдөлгөөний түүхээс үзвэл удирдагчдынх нь үхэл тарчлагчдын хүрээг үүсгэж, харин дэмжигчдийн тоог хэзээ ч цөөлж байгаагүй. Тухайлбал, 2004 онд Израил нэг сарын дотор Хамасын хоёр ч удирдагчийг хөнөөсний дараа тус хөдөлгөөн илүү хүчирхэгжиж, байлдагчдынх нь тоо хэд дахин нэмэгдэж байжээ.

Хамас хөдөлгөөний хүрээ Газын зурвасаар хязгаарлагддаггүй нь Израилын хувьд зарчмын гол асуудал болж байна. Иордан голын баруун эрэгт Израилтай хэлэлцээ хийх бус харин зэвсэгт мөргөлдөөн хийх үзэл санаа улам хүчээ аваад байна. Иордан голын баруун эрэгт Хамасын дэмжлэг 12 хувиас 41 хувь болтлоо өсөөд байгаа билээ. Харин Хамастай сөргөлддөг Палестины үндэсний засаг захиргааны рейтинг 26 хувиас 17 хувь болж унаад байна.

Тиймээс Хамасын удирдагчдыг устгасан ч Израил Газын зурвас болон Иордан голын баруун эрэгт Израилын эсрэг дайсагнасан үзэл нь улам бүр батажсан олон зуун мянган палестинтай нүүр тулсаар байна.

Шийдвэрлэх мөч

2023 оны арваннэгдүгээр сард Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газа дахь ажиллагаа нь ялалт байгуулах хүртэл үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байсан. Хамгийн гол дайснаа устгасан Израилын Ерөнхий сайд зарчмын хувьд ялалт байгуулсан тухай зарлаж, Хамастай барьцаанд байгаа хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэх боломжтой.

Гэвч Израилын засгийн газар эцсийн ялалт гэж юуг хэлэхийг одоог болтол тодорхойлоогүй л байна. Үүний сацуу, Израилын хувьд дайны дараах Газын зурвас ямар байх, хэн удирдах нь тодорхойгүй хэвээр л байна. Нэг л зүйл тодорхой байгаа нь Хамаст Газын зурвасыг удирдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Дайн эхлэхэд л Израилын эрх баригчид барьцаалагдсан хүмүүсийн амийг аврах уу эсвэл Хамасыг устгах уу гэсэн сонголттой нүүр тулсан. Харин Нетаньяхугийн танхим хоёр дахь сонголтыг илүүд үзсэн. Харин өдгөө түүнд хүмүүсийн амийг аврахын тулд хурцадмал байдлыг намжаах замыг сонгох боломж бий. Гэхдээ үүний тулд Израилын шоронгуудаас Хамасын удирдагчдыг суллах зэргээр Палестины хэт даврагчдад буулт хийх ёстой.

Нөгөө талаар, Синварын амийг хөнөөснөөр Израилтай тохиролцоонд хүрэх магадлалыг багасгаж, барьцаанд байгаа хүмүүсийн амь насанд учирсан аюулыг улам нэмэгдүүлсэн. Ханиягийн амийг хөнөөснөөс нэг сарын дараа Газын зурваст барьцааны зургаан хүнийг хамасчууд хороосон байдаг.

Үүнтэй зэрэгцэн Израил Ливан дахь цэргийн ажиллагаагаа хэрхэн талаар тодорхой болгох учиртай. Тухайлбал, Израил 1982-2000 онуудад болсон шиг Ливаны өмнөд хэсгийг эзлэхээр төлөвлөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Мөн аравдугаар сарын 1-нд Ираны зүгээс өгсөн пуужингийн цохилтод Нетаньяхугийн засгийн газар ямар хариу барих асуудал мөн нээлттэй хэвээр үлдэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top