Өнөөдөр 2024.10.23. Энэ оны 297 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандаж, 17 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Химийн салбарынхны тэмдэглэдэг Олон улсын сохор номингийн өдөр. Дэлхийн улс орнуудаас өнөөдөр Бразилд Нисгэгчдийн өдөр бол Македонд Хувьсгал тэмцлийн, Ливид Чөлөөлөх, Унгарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн кино найруулагч Филип Кауфман, Бразилын хөлбөмбөгч, “хөл бөмбөгийн хаан” Пеле, Тайванийн кино найруулагч, продюсер Энг Ли, Энэтхэгийн сэтгүүлч, зохиолч, Букерын шагналт Аравинд Адига, Канадын жүжигчин Райан Рэйнолдс, Их Британийн жүжигчин Эмилия Кларк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1928 оны энэ өдөр МАХН-ын VII Их хурал хуралджээ. 192 төлөөлөгч оролцсон энэхүү хурлаар Ардын хувьсгалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх намын зорилтыг улам тодруулан заасан байна. Мөн намын дотоод байдал болон зөрөлдөөний асуудлыг хэлэлцэж, хэсэг бүлэг намын идэвхтнийг “баруун оппортунист” гэж буруутгаж, намаас хөөж, намын “томчууд”-ын дунд цэвэрлэгээ хийжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1946 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар хурал эхэлжээ.
1947 оны энэ өдөр анх удаагаа гэр бүлийн хос Нобелийн шагналын эзэн болов. Тэд бол Австриас Америкт суурьшсан биохимичид болох Герти болон Карл Кори нар байв.
1955 оны энэ өдөр Өмнөд Вьетнам бүгд найрамдах улс болжээ.
1958 оны энэ өдөр Борис Пастернак уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэв.
1989 оны энэ өдөр Будапештэд Бүгд найрамдах Унгар улс бий болсныг зарлажээ.
2011 оны энэ өдөр Ливид Муаммар Каддафигийн дэглэмийг ялснаа зарлав.
Билгийн тооллын 22. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )