ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
8 цагийн өмнө

Өнөөдөр 2024.10.24. Энэ оны 298 дахь өдөр бөгөөд он дуусахад 68 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 25 минутад мандаж, 17 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 10 хэм дулаан, шөнөдөө 0 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн мэдээлэл, хөгжлийн өдөр. Мөн Халдварт саа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр, НҮБ-ын өдөр. ОХУ-д өнөөдөр Зэвсэгт хүчний тусгай хүчний өдөр бол Замбид Тусгаар тогтнолын өдөр аж.

Энэ өдөр Английн “The Rolling Stones” хамтлагийн бас-гитарчин Билл Ваймен, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Ф.Мюррей Абрахам, Кевин Клайн, Оросын жүжигчин Андрей Мартынов, бизнесмен Роман Абрамович, Английн хөлбөмбөгч Вэйн Руни, Америкийн уран гулгагч, олимпын аварга Чарли Вайт зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр Ардын Засгийн Газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг шинэчлэн байгуулжээ.

1989 оны энэ өдөр ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэргүүн Бөхөө БНМАУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Ю.Очиртой уулзав. Талууд БНМАУ-ын Хөх хот дахь Ерөнхий Консулын Газрыг дахин сэргээх болон холбогдох асуудлаар санал солилцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр ЗСБНХУ Герман руу үр тариа нийлүүлэх гэрээг үзэглэв.

1949 оны энэ өдөр Нью-Йоркт одоогийн НҮБ-ын байрны анхны чулууг тавьжээ.

1964 оны энэ өдөр Хойд Родези тусгаар тогтнолоо зарлаж, нэрээ Замби болгон өөрчлөв.

2000 оны энэ өдөр Берлиний Египетийн музейгээс дэлхийд цорын ганц байх Клеопатрагийн гарын үсгийг илрүүлжээ.

Билгийн тооллын 23. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top