ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

Өнөөдөр 2024.11.05. Энэ оны 310 дэх өдөр бөгөөд он дуусахад 56 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 43 минутад мандаж, 17 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 3 хэм дулаан, шөнөдөө 3 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн цүнамигийн талаар мэдээлэл тараах өдөр тохиож байгаа бол Арменд Тагнуулчдын баяр, Их Британид Түүдэг галын өдөр, АНУ-д Америк хөлбөмбөгийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ОХУ-ын хоккейчин Алексей Яшин, Америкийн Оскарын шагналт жүжигчин Сэм Рокуэлл, Их Британийн жүжигчин Тильда Суинтон, АНУ-ын эдийн засагч Жеффри Сакс, Канадын дуучин Брайан Адамс, Эстоны озэки асан Барүто зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1975.11.05: БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барьсан Соёлын төв ордныг Зөвлөлтийн Үйлдвэрчний эвлэлээс Монголын үйлдвэрчний эвлэлд бэлгийн журмаар хүлээлгэн өгчээ.

1985.11.05: ӨМӨЗО, БНМАУ-ын хоорондын анхны хилийн худалдааны гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

2009.11.05: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А хүрээний H1N1 томуугийн тархалттай холбогдуулан анагаах ухааны салбарын эрдэмтэд, судлаачидтай уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1935 онд “Монопол” тоглоом гарчээ.

1943 оны энэ өдөр Токиод Япон тэргүүтэй Агуу Зүүн Азийн улсуудын хурал эхлэв.

1966 оны энэ өдөр Тоёота компани “Королла” автомашинаа танилцуулсан билээ.

1991 онд Москва - Тель-Авив чиглэлд анх удаагаа шууд нислэг үйлджээ.

2006 оны энэ өдөр Саддам Хусейнд дүүжлэх ял оноов.

2021 онд Сьера Леонед бензиний цистерн дэлбэрч, 144 хүн амиа алдаж, 100 гаруй шархаджээ.

Билгийн тооллын 4. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top